ЭЕШ-ын дүн 650-аас дээш бол урт хугацааны зээлд хамрагдах боломжтой


Цэцээ | YOLO.MN
2016-07-20

Элсэлтийн шалгалтаа амжилттай өгч, их, дээд сургуулийн босго алхсан залууст санаа зовох зүйл цөөнгүй бий. Учир нь, ирэх сарын 15-наас их, дээд сургуулиудын Удирдах зөвлөл хуралдаж, сургалтын төлбөрийн талаар хэлэлцдэг.  Хамгийн багадаа л  2.5  саяас эхэлдэг сургалтын төлбөр сургууль болон суралцах мэргэжлийн чиглэлээсээ шалтгаалж, 4-7 сая төгрөг хүртэл өсөн нэмэгддэг.

Дээр нь шинэхэн элсэгчид сургалтын төл бөрөө наймдугаар сарын 20-ны дотор хэсэгчлэн төлөөгүй тохиолдолд ихэнх сургуулийн Сургалтын алба элсэгчдийг бүртгэхээс татгалздаг.  Иймд элсэлтийн шалгалтаа амжилттай өгсөн ч, сургалтын төлбөрөө хэрхэн яаж төлөх вэ гээд шөнө нойргүй шахам хонож байгаа оюутнуудад боломж бас бий гэдгийг дуулгая. smiley

Их, дээд сургуулийн сургалтын төлбөр аль ч айлд  нэлээд хүндхэн ачааг үүрүүлдэг. Ялангуяа 1-2 оюутан суралцаж байгаа тохиолдолд нэг хүүхдийн сургалтын төлбөрт хамгийн багадаа л 3.8 сая төгрөг зарцуулна гэж тооцвол нэг айлаас  бусад зардалтайгаа нийлээд 10 сая төгрөг зарцуулах шаардлага гардаг. Харин энэ мөнгө цалингаас цалингийн хооронд ажил, амьдралаа залгуулдаг ихэнх айлд тийм ч хялбар байдаггүй.

Санхүүгийн болон сэтгэл санааны хүндхэн дарамтыг учруулдаг.  Иймд Монгол Улсын Засгийн газраас  оюутан өөрөө сургалтын төлбөрөө зээлээд сурч болох, сургууль төгссөн хойноо эргээд төлөх “Сайн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна.

ОЮУТНУУДЫН  83 ХУВЬ НЬ ЦАЛИН, ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛЭЭР СУРАЛЦДАГ

БСШУ-ын сайд Л.Гантөмөр “Сайн оюутан”  хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэг дүүлэх зорилготой хөтөлбөр” гэж хэлсэн.

Учир нь, “Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжсэнээр оюутнуудын өрсөлдөх чадвар сайжирч, сайн сурвал тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл авах боломж бүрдэж байгаа юм. Монгол Улсад  нийт 162.200 оюутан их, дээд сургуульд суралцдаг гэсэн статистик бий. Тэдний  93 хувь нь хувийн зардлаараа сургалтын төлбөрөө төлдөг аж. 

Хувийн зардлаар суралцаж байгаа 150.980 мянган оюутны 83 хувь нь эцэг, эхийнхээ цалин болоод тэтгэврийн зээлээр сургалтын төлбөрөө төлдөг гэсэн судалгаа байна. Иймд эцэг эхчүүд болон оюутан залуус өөрсдөө ч бас мэдлэгтэй, санаачлагатай  байх хэрэгтэй юм.  Сургалт сайтай оюутнууд тэтгэлгээр суралцах, хөнгөлөлттэй суралцах, зээлээр суралцах боломж  цөөнгүй байна.

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ИХ, ДЭЭД  СУРГУУЛИЙН ОЮУТНУУД ЗЭЭЛ АВАХ ЭРХТЭЙ

“Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд богино болон урт хугацааны шат дараалсан арга хэмжээг авах бөгөөд хөтөлбөр нь хоёр үе шаттай юм. Нэгдүгээрт, дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан иргэдийн цалин, тэтгэврийн зээлийг “Сайн оюутан” хөтөлбөрийн зээлд шилжүүлнэ.

Энэ хүрээнд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дээд боловсролын сургалтын төлбөр санхүүжүүлэхээр авсан иргэдийн зээлийн одоогийн хүүг 5 хувь болгон бууруулна. Энэ тохиолдолд, төлбөр төлсөн оюутны голч дүн 2.5-аас дээш байх. 

Оюутан нь дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан байх, төлбөр төлсөн оюутан нь зээлдэгчийн гэр бүлийн гишүүн байх. Зээл авснаас хойш 14 хоногийн дотор сургалтын төлбөр төлснийг нотлох сургуулийн болон зээлдэгчийн дансны хуулга, бусад баримттай байх гэсэн шаардлага тавигдаж байгаа аж.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ЗЭЭЛИЙГ ДӨРВӨН ЖИЛИЙН ДОТОР ЭРГЭН ТӨЛНӨ

Хоёрдугаарт, урт хугацааны зээлд дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан хамрагдах эрхтэй. Нэгдүгээр дамжааны оюутнуудад элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650-аас дээш байх, хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнууд 3.5аас дээш голч дүнтэй байх шаардлага тавигдаж байна.

Энэ сургалтын төлбөрийн зээл нь их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан  тухайн банк зээлийг шийдвэрлэх аж.  Жилийн хүү нь 5 хувь байх, дээрээс нь барьцаагүй байх бөгөөд оюутан сургууль төгссөнөөс хойш дөрвөн жил хүртлэх хугацаанд эргэн төлүүлэхээр журамд тусгажээ.

#ЭЕШ #боловсрол #мэргэжил