Ихэнх тохиолдолд хүмүүс амнаас нь эвгүй үнэр гарч байгаа эсэхийг мэддэггүй. Тиймдээ ч бусдад “эвгүй” сэтгэгдэл төрүүлж буйгаа тэр бүр анзаардаггүй байх. Ер нь бусдад сайнгүй сэтгэгдэл үлдээхийг хүсдэг хэн байх билээ?
Ингээд дараах нийтлэлээр өөрийн амнаас эвгүй үнэр гарч буй эсэхийг хэрхэн шалгах, гарч буй тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар мэдээллийг хүргэж байна.
1. БУГУЙН ДОТОР ТАЛЫГ ДОЛООХ
Гар, бугуй хэсгээ сайтар угааж цэвэрлэсний дараа үнэртэж үзээрэй. Савангийн үнэр бүрэн арилсан бол бугуйн дотор талыг нь долоогоод 5-10 секундын дараа үнэртээрэй. Энэ бол амнаас тань эвгүй үнэр гарч буй эсэхийг шалгах хамгийн үр дүнтэй арга.
2. АЯГА РУУ ҮЛЭЭХ
Хэрэв дээрх арга танд үл ялиг онцгүй санагдсан бол энэхүү аргыг туршаарай. Мэдээж юун түрүүнд цэвэрхэн шилэн аяга аваад үнэртээд үз. Онцын үнэр үнэртэхгүй байвал үлээгээд шууд үнэртээрэй.
3. САЛФЕТКААР АРЧИХ
Жижигхэн хэмжээтэй салфетка эсвэл марль аваад хэлээ арчаарай. Цав цагаан байсан салфетка шаргал өнгөтэй болсон байвал таны амнаас тодорхой хэмжээний үнэр гарч байна гэсэн үг.
Ингээд та дээрх гурван аргыг ашиглан өөрийн амнаас эвгүй үнэр гарч байгаа эсэхийг тодорхойлж чадсан байх. Харин та нэгэнт өөрийнхөө амнаас таагүй үнэр гарч буйг мэдсэн бол нийтлэлийг үргэлжлүүлэн уншаарай. Энэ үед авах арга хэмжээ:
1. ШҮДЭЭ ИЛҮҮ САЙН УГАА
Мэдээж шүд, хэлэн дээр тогтсон өнгөр энэхүү таагүй үнэрийн эхлэл болох магадлал хамгийн өндөр. Тиймээс шүдээ өдөрт хоёроос доошгүй удаа угааж, нэгээс доошгүй удаа шүдний утсаар цэвэрлэж хэвшээрэй. Амнаас гарах үнэр тань таны үзэж буйгаар “нэлээн” таагүй байвал шүдээ өдөрт гурван удаа угааж ч болох юм. Гэхдээ үүнээс олон удаа аль эсвэл маш хүчтэй зүлгэж угааж болохгүй шүү.
2. АМАА ЗАЙЛ
Ам зайлагч шингэн танд тусалж магадгүй юм. Энэ төрлийн бүтээгдэхүүн амны үнэрийг таатай болгоод зогсохгүй амны хөндийд бактери ихээр үржихээс сэргийлэх хамгаалагч болдог. Тиймээс шүдний эмчээсээ зөвлөгөө аван ам зайлагчийг хэрэглэж хэвшээрэй.
3. ХЭЛНИЙ ӨНГӨРӨӨ ХУС
Хэлэн дээр тогтсон өнгөр энэ таагүй үнэрийг бий болгодог. Тиймээс шүдээ угаах бүрдээ хэлээ ч бас угааж хэвшээрэй. Хэрэв угаасны дараа ч өнгөр нь бүрэн арилаагүй бол хэл хусдаг зориулалтын хэрэслийг ашиглаарай.
4. СОНГИНО, САРМИСНЫ ХЭРЭГЛЭЭГ БАГАСГА
Амнаас эвгүй үнэр гарахад сонгино, сармис зэрэг хүнсний ногоо ихээхэн нөлөөлнө. Зарим тохиолдолд эдгээрийг хэрэглэсний дараа шүдээ угаасан ч үнэр нь арилахгүй байх нь бий. Учир нь эдгээр бүтээгдэхүүнд агуулагдах эвгүй үнэр гаргадаг бодис нь биед шингэж, улмаар цусаар дамжин уушгинд хүрдэг талаар Америкийн шүдний холбооны олон нийттэй харилцах албаны ажилтан, шүдний эмч Richard Price тайлбарлаж байв.
Тиймээс энэ асуудлыг шийдэх үр дүнтэй арга бол сонгино, сармисны хэрэглээг багасгах. Бүр ч үр дүнтэй арга гэвэл хэрэглэхээ болих.
5. ЭМЧИД ХАНД
Дээрх зөвлөгөөний дагуу ариун цэврийг зохих хэмжээнд сахисан ч эвгүй үнэр гарсаар л байгаа бол эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Учир нь энэ нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагаатай холбоотой асуудал ч байж болох юм.
Эх сурвалж: Brightside, WebMD
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх