Дуу хөгжим гэдэг хүний зүрх сэтгэлийг уярааж, хайлуулж чаддаг увдистай. Харин хөг эгшиг нийлүүлэн гайхалтай аяз бүтээгч хүн бүр ч гайхалтай биш гэж үү. Хэдийгээр өөрөө энэ дэлхий дээр үгүй болсон ч дуу хөгжим нь биднийг баясгасаар байгаа домогт дуучин бол “QUEEN” хамтлагийн гоцлол дуучин, хөгжмийн зохиолч Фредди Меркури юм. Саяхан түүний амьдралаас сэдэвлэсэн “Bohemian Rhapsody” хэмээх уран сайхны кино сая сая үзэгчдийн дунд шуугиан тариад байна. Энэхүү киноноос үүдэн алдарт дуучны маань шинэхэн шүтэн бишрэгчид нэмэгдсээр. Шинэ бишрэгчдэд нь зориулж түүний талаарх сонирхолтой зүйлсийг хүргэж байна.
ФРЕДДИ МЕРКУРИ ГЭЖ ХЭН БАЙСАН БЭ?
Тэрээр 1946 онд Занзибар арал дээр мэндэлжээ. Түүний жинхэнэ нэрийг Фарок Булсара (Farrokh Bulsara) гэдэг байсан ба 1970-аад оны үед албан ёсоор Фредди Меркури (Freddie Mercury) болгон өөрчилсөн гэдэг. Фредди Энэтхэгийн Бумбая буюу одоогийн Мумбаи хотод дотуур байртай ахлах сургуульд сурдаг байсан ба тэр хугацаандаа төгөлдөр хуур сурчээ.Тухайн үедээ тэрээр “Hectiсs” хэмээх анхны хамтлагтаа элсэн орсон түүхтэй.
1960-аад оны үед Лондонд нүүж ирсэн бөгөөд “Ealing” хэмээх урлагийн коллежид элсэн орсон. Тэр үедээ ирээдүйн хамтлагийн гишүүд болох бөмбөрчин Рожер Таялор, гоцлол гитарчин Браин Мэи нартай танилцаж байсан. 1971 онд тэд басс гитарчин Жон Деконтой уулзаж байжээ. Ийнхүү “QUEEN” хэмээх гайхамшигт хамтлаг бүрдэж тухайн жилийнхээ 6-р сард анхны тоглолтоо хийсэн юм.
QUEEN хамтлагийн алдрын оргил “Bohemian Rhapsody”, “We Are the Champions”
1975 онд “QUEEN” хамтлаг “The Night at the Opera” хэмээх цомог гаргасан нь тэднийг улам алдар хүндтэй болгосон юм. Фредди уг цомогтоо зориулж зургаан минутын урттай “Bohemian Rhapsody” хэмээх рок-опера дууг бичсэн. Тэрээр уг дуун дээрээ өөрийн гайхалтай дөрвөн өөр төрлийн октавыг шингээж өгсөн юм. Уг дуу нь Британи улсын хөгжмийн чартад хит болсон ба Америкийн шилдэг 10 дуунд багтлаа.
Түүнээс гадна Фредди шүтэн бишрэгчдээ эн тэргүүнд тавьдаг байсан ба тайзан дээр хэрхэн биеэ авч явах, шүтэн бишрэгчидтэйгээ дуугаараа хэрхэн холбогдон хөгжөөхийг тэр мэддэг байсан. Түүний загварын мэдрэмж өвөрмөц, шинэлэг байсан бөгөөд ихэвчлэн бие барьсан өмд өмсдөг байв.
70-аад оны сүүл болон 80-аад оны эхээр “QUEEN” хамтлаг нүсэр их амжилтан дунд дүүлэн нисэж байлаа. “We Are the Champions”, “News of the World” хэмээх цомог, “We Will Rock You” дуунууд нь тухайн үедээ шуугиан тарьж байв. Мөн эдгээр дуунууд нь өнөөг хүртэл спортын тэмцээний сүлд дуунуудын нэг мөнөөсөө мөн. Үргэлж шинэлэг өнгө аяс болон өөрийг илэрхийлдэг уг хамтлаг 1980 онд “Another One Bites The Dust” хэмээх дуугаа гаргаж мөн л олны таашаалд нийцсэн билээ.
Хамгийн дурсамжтай үзүүлбэр: “Live Aid” 1985
Тэдний шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг хөдөлгөж, зүрх сэтгэлээс нь гарамгүй хамгийн алдартай тоглолтын нэг бол “Live Aid” хэмээх 1985 онд болж байсан хандивын тоглолт юм. Тэрээр энгийн цагаан майк болон жинстэйгээр тайзан дээр гарч ирсэн бөгөөд тэрхүү зураглал одоо ч хүмүүсийн сэтгэлд тод. Тэдний үзүүлбэр “Wembley Stadium”-д байсан хүмүүсийг тэр аяар нь доргиогоод зогсохгүй гэртээ зурагтаар үзэж байсан хүмүүсийн ч сэтгэлийг ихэд хөдөлгөсөн гэдэг.
1985 онд тэрээр “Mr.Bad Guy” зэрэг хэд хэдэн соло цомог гаргасан бөгөөд 1988 онд дуурийн дуучин Montserrat Caballé-тай хамтарч байсан юм.
ТҮҮНИЙ ХУВИЙН АМЬДРАЛ
Тэрээр Мэри Остин хэмээх бүсгүйтэй гэрлэж байсан. Фреддигийн хувьд Мэри түүний цорын ганц найз, мөн хайрласан цорын ганц бүсгүй нь байжээ. Тэд 1969 онд танилцаж байсан ба тухайн үед Фредди 24 настай, Мэри 19 настай байжээ. Удалгүй тэд бие биедээ хайртай болж Мэриг 23 настай байхад Фредди түүнд зул сарын баярын үеэр гэрлэх санал тавьж байв. Харамсалтай нь тэд гэрлэснээс зургаан жилийн дараагаас Фредди өөрийгөө ижил хүйстнээ сонирхож байгаа гэдгээ Мэрид хэлжээ. Хэдийгээр тэд салсан ч Мэри Фреддигийн амьдралын сүүлчийн мөч хүртэл хамт байсан гэдэг. Түүгээр ч зогсохгүй Фредди Мэригийн хүүхдийн загалмайлсан эцэг болж байсан юм.
Фредди хэлэхдээ “Өмнөх хайртууд минь бүгд надаас “Би яагаад Мэриг орлож чадахгүй байгаа юм бэ?” гэж асуудаг. Гэвч энэ мэдээж хэрэг боломжгүй зүйл. Надад байдаг цорын ганц найз минь бол Мэри. Би өөр хэнийг ч хүсэхгүй. Миний хувьд тэр бол цорын ганц хууль ёсны эхнэр минь. Надад энэ бол жинхэнэ гэрлэлт байсан.” хэмээжээ. Тэрээр Мэрид зориулж “Love of My Life” хэмээх гайхалтай дуугаа бичсэн юм.
Тэрээр өөрийгөө бисексуал /эрэгтэй, эмэгтэй хүний алинтай ч дотно харилцаанд ордог/ гэдгээ хүлээн зөвшөөрдөг байсан ч, өөрийн үерхлүүдээ нууцалдаг байжээ. Фредди оргилуун дарсанд дуртай, урлагийн бүтээлүүд цуглуулах сонирхолтой нэгэн байв. Мууранд юунаас ч илүү хайртай байсан гэдэг. 1989 оноос эхлэн тэрээр чимээгүйхэн амьдрахыг сонгосон ба Жим Хаттон хэмээх залуутай амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл жаргалтайгаар амьдарсан гэдэг.
1991 оны 11-р сарын 23-ны өдөр хийсэн мэдэгдэлдээ тэрээр “Би бэлгийн замын халдварт өвчин буюу ДОХ-оор өвчилсөн гэдгээ хэлэхийг хүслээ. Ямар ч байсан гэр бүл, хайртай хүмүүс, шүтэн бишрэгчид минь үнэнийг мэдэх цаг нь болсон гэж бодож байна. Хүн болгон эмчид хандан энэхүү өвчнөөс сэргийлээсэй гэж хүсэж байна. Бүх дэлхий энэ аймшигт өвчний эсрэг тэмцэнэ хэмээн найдаж байна” хэмээжээ. Түүний үхлийн шалтгаан нь уушгины хатгалгаа гэдэг бөгөөд энэхүү өвчин нь түүний халдварт вирусийг хүндрүүлсэн байх магадлалтай гэж үздэг. Энэ мэдэгдлийнхээ дараагийн өдөр өөд болсон ба Фредди дөнгөж 45 настай байсан юм.
Түүний тухай сонирхолтой баримтууд
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх