Энэ 15 ном чиний номын санд байх ёстой!


Б.Чандмань | YOLO.MN
2016-03-23

“Зөвхөн үнэнхүү сайн номыг л уншвал зохино. Өөрийн тархийг ямар ч сонголтгүйгээр элдэв янзын номоор бордох нь оюуны хүчийг нэмэхгүйгээр үл барам бүр баллаж хаяна” гэж яруу найрагч Франческо Петрарка нэгэнтээ хэлсэн байдаг.

 

Тэгвэл яаж сайн номыг таних вэ? Номын дэлгүүр, номын санд хэдэн мянганаараа байдаг номыг хавтаснаас нь хараад амт шимийг нь мэдэх аргагүй тул бид чамд юун түрүүнд уншвал зохих 15 номыг санал болгож байна.

1.  "Дори идэр дүүдээ" Б.Батбаяр
 


Б.Батбаяр буюу бидний сайн мэдэхээр нийтлэлч Баабарын “Дори идэр дүүдээ” номыг  ширээний номоороо сонгоорй.

Учир нь үүнд байгалийн шинжлэх ухаан, гүн ухаан, түүх, социологи, дүрслэх урлаг, хөгжим, тайзны урлаг, уран зохиол, кино урлаг, яруу найраг, эдийн засаг, монгол судлалын талаар цогц мэдээллийг товч тодорхой байдлаар оруулж өгсөн ба сурах бичгийн албархаг үгс хэрэглэлгүй яг л найзтайгаа ярьж байгаа мэт энгийнээр бичсэн учир уншихад маш ойлгомжтой байна.

Хамгийн чухал нь номын сүүлийн хуудаснаа “Боловсролтой залуу хүнд зөвлөх номын жагсаалт”-ыг оруулсан төдийгүй хэдэн онд гарсан, хэний орчуулгыг уншсан нь дээр гэдгийг хүртэл зааж өгсөн байгаа. Догь байгаа биз!


 


2.  "Гэнжийн туульс" М.Шикибү


"Гэнжийн туульс” бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн анхны роман юм.

1000 шахам жилийн өмнө бичигдсэн гэхэд одоог хүртэл үнэ цэнэ нь буугаагүй ба унших бүрт яг л шинээр уншиж байгаа юм шиг өөртөө шимтүүлж чаддаг гайхалтай роман юм.

Тус зохиолд Гэнж ханхүүгийн хайр дурлалын адармаатай түүхийг өгүүлэхдээ зүрх сэтгэлийн нарийн төвөгтэй асуудлуудыг гайхалтай урнаар дүрсэлсэн энэ зохиолыг эрэгтэй хүн бичсэн гэж баттай бодмоор.

Гэвч Мүрасаки Шикибү гэх яруу найрагч эмэгтэй бичжээ. Эрчүүд хүртэл уншаад “эрэгтэй хүний л мэдэх ийм нарийн мэдрэмжийг яаж ийм сайн мэддэг байна аа” гэж дуу алддаг юм.

 

 

 



3. "Анна Каренина" Л.Толстой



Оросын их зохиолч Лев Толстойн 100 илүү жил дамнан уншигдсан “Анна Каренина” романыг 1971 онд монгол хэлнээ орчуулагч Ш.Очирбат тун сайхан хөрвүүлжээ.

Хамгийн анхны роман “Гэнжийн туульс”-ийн нэгэн адил зохиолч маань өөрөө эрэгтэй хүн мөртлөө эмэгтэй хүний сэтгэл хөдлөлийн тэр нарийн мэдрэмжүүдийг тун чамбай дүрсэлсэн байдаг.

Зарим нь Аннаг өрөвдөж, зарим нь түүнийг үзэн ядаж, түүнтэй хамт уйлж, түүнтэй хамт инээсээр эцсийн дүндээ бүгдийнх нь хувьд Анна Каренина хамгийн хайртай ном нь болж дуусдаг юм.




 


4. "Анхны дурлал" И.С.Тургенев

Хүн бүхний л анхны хайр их дурсамжтай байдаг шүү дээ. Зарим нь хөх инээд хүрмээр, зарим нь гуниг харуусал дүүрэн байдаг.

Энд нэгэн хүүгийн онцгой хайр дурлалын тухай өгүүлдэг. 16 настай хүү Владимир Петрович болон 21 настай бүсгүй  Зинаидагийн хоорондын сэтгэл гижигдэм гэвч гуниг харуусал дүүрэн хайрын түүх. Хайрыг магадгүй тэнгэрт нисэхтэй зүйрлэж болох юм.

Гэхдээ ганцхан далавчтайгаар яаж нисэх билээ. Владимир Петровичийн хувьд Зинаидаг өөртөө хайртай гэдэгт бат итгэлтэй байх боловч, охин нэгэнт өөр залууг зүрх сэтгэлдээ тээх болжээ.

Хайртай бүсгүйнх нь зүрх сэтгэлийг эзэмдсэн залууг тэрээр сэтгэлдээ ихэд үзэн ядаж, тэр хоёрыг нууцаар уулзах үед нь отож байгаад хэн болохыг нь мэдэхийг хүсвэл тэр хүн нь аав нь байж таарна.

Зохиол Владимир Петровичийн хүүрнэлээс бүрдэх бөгөөд түүний дотоод дахь гүн зөрчил, түүнийг дүрсэлсэн дүрслэлийн ур маяг бүхэлдээ сэтгэлийг чинь эзэмдэх болно.

 


5. "Хөх тарианы харуул" Ж.Д.Селинжер


Зарим өсвөрийн хүүхэд хэтэрхий эмзэг, мэдрэмтгий, хачин гунигтай байдаг нэг үгээр хэлбэл “эмо”. Тэдгээр хүүхдүүдийн л нэг болох Холден Коулфильдийн жирийн нэг дурсамж. Тэрээр бусдаас маш өөр хүү.

Бусад хүүхдүүд компаний захирал эсвэл олны танил хүн болохыг хүсч байхад Холден тариан талбайн харуул болохыг хүсдэг. Гайхмаар байгаа биз.

Тэр бүхнийг л үзэн ядаж, бүхнээс залхаад гэрээсээ зугтах үед нь түүний дүү Фиби хамт явна хэмээн дагаснаас үүдэж тэр өөрийнхөө үүрэг хариуцлагыг ойлгон, урьдын бүхий л тэнэг бодлуудаасаа сална.

Тийм ээ, амьдрал тийм ч муу биш аж.



 


6. "Алтан цох" Эдгар По

АНУ-ын алдар зохиолч, яруу найрагч Эдгар Аллан По-гийн хурц шийдэлтэй, адал явдлаар дүүрэн өгүүллэг болох “Алтан цох”-ыг их зохиолч Дашдоржийн Нацагдорж герман хэлнээс хөрвүүлж монголчууд анх По-той танилцжээ.

Түүний санаанд оромгүй хачирхалтай өгүүллэгүүд чамайг бүр  мөсөн өөртөө дурлуулна гэдэгт эргэлзэхгүй байна. Тэрээр адал явдалт уран зохиолыг үндэслэсэн хүн юм.

Түүний зохиолын гол баатрууд хувь тавилангийнхаа эрхшээлд автсан, бүхий л үйлдэл нь дотогшоогоо чиглэсэн, дотооддоо маш их зөрчилтэй язгууртан дээдэс байдаг. Юуны ч талаар бичсэн бай По чиний сэтгэлийг мухарт нь хүртэл ухаж төнхөж чадна.


Сэтгэл хөдлөлийн ийм нарийн ярвигтай байдлыг дүрслэхийн тулд Эдгар Аллан По хэт догдлолын байдалд олон удаа орж байсан нь лавтай.

 

 


7. "Хайрлах урлаг" Эрих Фромм


Хүн төрөлхтний мөнхийн сэдэв бол ХАЙР... гэвч би хайр гэж яг юу болохыг мэддэг билүү?

Үүнд хариу өгөх ном бол “Хайрлах урлаг” юм.

Эрих Фроммын “Хайрлах урлаг” ном Америк-д анх 1958 онд хэвлэгдэж гарсан даруйдаа хамгийн их борлуулалттай ном олж, түүнээс хойш 17 хэлээр орчуулагдан, өнөөдөр ч бас дэлхийн хүмүүст уншигдсаар байна.

Гарчигийг нь хараад “хайрын гарын авлага” гэж андуурч болoх юм гэвч үнэндээ уг номонд хайрын тухай тодорхой арга техникууд гардаггүй. Өмнөтгөл үгэн дотроо ч анхааруулсан байдаг. Эрих Фромм хайрлах арга технологийн талаар зааж өгсөн юм. Гэхдээ үүнд эсрэг хүйстэнээ хэрхэн өөртөө дурлуулах вэ? эсвэл болзоон дээрээ яавал тэр чамд ухаангүй дурлах вэ? гэдэг талаар огтхонч яриагүй.

Ихэнх хайрын талаар номнууд “хүнд яаж хайрлагдах вэ” гэдэг талаар зааж өгсөн бол Эрих Фромм энэхүү номдоо “хүнийг хэрхэн хайрлах вэ” гэдгийг зааж өгсөн юм. Өөрөөр хэлбэл хайрлуулaхаас хайрлах нь илүү чухал гэсэн үг.
 


8. "Цас" Орхан Памук
 

Манайд ихэнхдээ өрнөдийн 1900-гаад оны сонгодог зохиолууд орчуулагддаг. Харин орчуулагч Б.Баясгалан, Нобелийн шагналт, туркийн зохиолч орхан Памукийн 2002 онд хэвлүүлсэн “Цас” романыг өнгөрөгч онд өрнөдийн орчин үеийн зохиолуудын төлөөлөл болгон уншигчдын гар дээр тавьсан билээ.

Номын нээлтийн маргааш нь цас бударч цаснаар “Цас” роман тэвэрсэн хүмүүс гайхамшигтай хэл найруулгад нь автан гудмаар хөлхөлдөж байсныг сайн санаж байна. Нэг талаас хэт баруунжих гэсэн даяарчлалын нөлөө нөгөө талаас уламжлалт соёл, ёс заншлаа хадгалан үлдэх гэсэн  хуучинсаг сэтгэлгээний зөрчил тэмцлийн золиос болсон  Туркийн ард олны сэтгэлгээ түүнд сэтгэл нь зовних зохиолчийн шаналал энэ номд гүн гүнзгий шингэжээ. Гэхдээ зохиолч энэ хоёр туйлын алийг нь ч сайшаасангүй.

Зүгээр л дэлгэн харуулсан. Энэ нь Монголчуудын өнөөгийн байр байдалтай таарсан сайхан роман болсны дээр орчуулга сайтай учир уншихад сэтгэлд чинь цас будруулж, нэг дааруулж, нэг бүлээцүүлж чадах болно.
 

 


9. "Зуун жилийн ганцаардал" Габриел Гарсиа Маркес

Латин Америкийн утга зохиолыг ярихын тулд эхлээд Маркесийг дурдах хэрэг гардаг.

Түүний зуун жилийн ганцаардал зохиол нь олон хэл рүү хөрвүүлэгдсэнээрээ “Ариун библи”-ийн дараахан тэргүүн эгнээнд жагсдаг.

Багадаа эмээгийнхээ шидэт үлгэрийг сонсож өссөн бяцхан Маркес “шидэт реализм”-ийн гайхамшигт зохиолч болсон юм даа. Нэг ёсоор тэр эмээгийнхээ шидэт үлгэрт дэлхий дахиныг итгүүлсэн гэсэн үг.

Энэ романы дүрүүд яг жинхэнэ хэн болхоосоо буюу дотоод хүнээсээ хамаарч амьдарч байгаа нь их гайхалтай. Маркес “100 жилийн ганцаардал”романаа бичиж дуусаад босч хаалгаа нээтэл гаднаас цэв цэнхэр муур орж ирэв. Түүнийг Маркес ихэд бэлэгшээн миний энэ ном нэлээн хэд хэвлэгдэх нь дээ гэж бодсон гэдэг. Удалгүй араас нь баахан цэнхэр гартай хүүхдүүд орж ирсэн ч зохиолчийн санаснаар болж 60 гаруй хэлэнд хөрвүүлэгдэж, хэдэн сая хувь борлогдсон гэдэг.

 


10. "Гурамсан цадиг" Г.Аюурзана

Зохиолч, яруу найрагч Гүн овгийн Г.Аюурзана “Илбэ зэрэглээ (2003)”, “Арван зүүдний өр (2005)”, “Цуурайнаас төрөгсөд (2007)” гэх гурван мета романаа нийлүүлэн “Гурамсан цадиг” нэртэйгээр хэвлүүлсэн билээ.

Өдийд олдохоо байсан гурван романаа “Үхсэн хүний амьдрал” нэртэй постмодерн жүжгийн хамт хэвлүүлсэн нь уран зохиол сонирхогчдын хувьд олзуурхууштай зүйл болсон юм.  

Түүнээс гадна хүүрнэл зохиолын төрлөөр Бөөгийн домог (2010)”,”Шүгдэн (2012)”,  “Цагаан хар улаан (2014)”, “Судасны чимээ (2015)” бас “Хүүрнэл зохиолын товчоон” нэртэйгээр 2 бүтээлээ сорчлон хэвлүүлсэн байгаа. Яруу найргийн төрлөөр 1995 онд гаргасан “Балчир шүлгүүд”-ээс хойш 2013 оны “Бясалгал” хүртэл нийт 8 ном гаргасан бөгөөд ахиж яруу найргийн ном гаргахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
 


11. “2x2=6 буюу суут жаран сэтгэгч” Г.Аюурзана


Зохиолч, яруу найрагч Г.Аюурзаны “Шинэ үеийн номын сан” хэмээх 10 ботиос “2x2=6 буюу суут жаран сэтгэгч” номыг онцлон санал болгоё. Ер нь арвууланг нь унших хэрэгтэй. Эхлээд нэгийг нь уншчихвал тэр нь үргэлжлүүлээд бүгдийг нь унших сонирхлыг заавал төрүүлнэ.

Энэхүү номонд эртний грекийн долоон мэргэнээс авахуулаад, Аристотель, Сократ, Демосфен гээд үргэлжлүүлэн Марк аврелий, Жон Локк, Иммануель Кант цаашлаад Хуэй Ши, Будда Шигэмүни, Нагаржунай нарын намтар, тэдний үзэл номлолоос хамгийн чухаг гэснүүдийг нь сорлон авсан шилмэл бүтээл юм.

Магадгүй нэр нь хачирхалтай санагдаж магадгүй юм 2x2=6 үгүй ээ 4 шүү дээ гэж үү. Зүгээрээ магадгүй 5 ч байж болно. Гэхдээ хэд байх нь хамаагүй зүгээр л 4 байх албагүй гэдэгт л утга нь оршиж байгаа юм.


 


12. "Нүдний шилэнд үлдсэн зургууд" Л.Өлзийтөгс

90-ээд оны үед гарч ирсэн олон яруу найрагчдын дундаас өөрийн хөнгөн гунигт автуулсан шүлгээрээ бусдаасаа ялгарч чадсан Л.Өлзийтөгс найрагчийн өгүүллэгийн түүвэр “Нүдний шилэнд үлдсэн зургууд” номны “Рауль, Рауль хоёр”, “Сохор”, “Нүдний шилэнд үлдсэн зургууд”, “Аquarium” зэрэг өгүүллэг, 2 жүжгийн зохиол чамд бодролд оруулж гайхалтай мэдрэмжийг өгөх болно.

Тус номын хамгийн эхний өгүүллэг “Aquarium”-ийг алдарт зохиолч Франц Кафкагийн “Хувирал”(Die Verwandlung) өгүүллэгээс, “Рауль, Рауль хоёр”-ийг хэн нэгний орхигдсон өдрийн тэмдэглэлээс санаа авч бичсэн гэдэг.

“Рауль, Рауль хоёр” өгүүллэгийг галзуу хүний өдрийн тэмдэглэл гэж бодож байвал “яг тийм”, үгүй гэж бодож байвал бас “яг тийм”. Зохиолчийн нүдний шилэнд яг ямар зургууд үлдэж хоцорсныг сонирхоорой, таалагдана гэдэгт итгэлтэй байна.

 


13. "Төсөөллийн өрөөнд" Л.Өлзийтөгс

 

 

 

Яруу найраг гэж юуг хэлэх вэ? Магад чиний зурагтаар сонссон "На-на-на-на-на-нА, На-на-на-на-на-нА" гэж жигд уянгалуулсан хоолойгоор унших толгой эсвэл сүүл холбосон хэдэн тансаг үгсийн хэлхээ гэж бодож болох юм.

Тэгвэл энэ номыг уншсанаараа яруу найраг гэдэг зүйлийг чи шив шинээр нээх болно. Яруу найрагч маань “Тэргүүн бүлгээс авахуулаад өнгөрөгч 2015 онд яруу найргийн “Толинд туссан будда”-г хүртэл яруу найргийн 7 ном, хүүрнэл зохиолын төрлөөр 3 ном уншигчдын гар дээр тавьснаас гадна өөр олон номны редактороор ажилласан байна.

 

 

 



14. "Миний Дагестан" Расул Гамзатов


“Миний Дагестан”  гэхээр хайртай хүнээ дотночилж дуудах мэт санагдаж байгаа биз. Тиймээ Расул Гамзатов Дагестанд хайртай.

Гэхдээ Дагестан бол эмэгтэй хүн биш. Дагестан бол түүний төрсөн нутаг.

Дэлхийн олон орноор хэрэн тэнэсэн ч Дагестан нутгийг минь гүйцэх газар алга даа гэх санааг гаргасан энэхүү ном Монголоо гэсэн сэтгэлийг тань бадрааж өгнө гэдэгт итгэлтэй байна.




 


15. "Атлантын нуруу тэнийв" Айн Ренд



Гаднаас нь харахад сүрдмээр номнууд бий жишээ нь Ж.Жойс-ийн “Үлисс” 1000 гаран хуудастай , “Атлантын нуруу тэнийв” 1183 хуудас гэх мэт.

Гэхдээ энэ номыг нээчихвэл, тэр чамайг өөрийн нууцлаг өгүүлэмждээ хөтлөөд нэг л мэдэхэд хуудас нь цөөрөөд “битгий дуусаасай” гэх хүсэл ундарч, уншаад дууссаныхаа дараа дахин унших хүсэл гижигдэнэ. 

Айн Ренд өөрөө филисофич хүн байсан учир филисофийн маш сонирхолтой санаанууд дотор нь хөвж байдаг. ЖОН ГАЛТ ГЭЖ ХЭН БЭ? (номыг уншсаны дараа үүний учрыг олох болно)



 


Магадгүй энэ жагсаалтад чиний хайртай ном ороогүй байж болох юм. Мөн эдгээрийг бүгдийг нь аваад заавал унш гээгүй ч чамд ширээний номыг тань эдгээрээс сонголтоор санал болгож байна гэж ойлгоорой.smiley

Санал болгосон эдгээр номуудыг уншаад өөрийн гэсэн үнэлэмжтэй болсноор дараа дараагийнхаа номнуудыг өөрийн үнэлэмжин дээр суурилан сонгоно гэдэгт итгэлтэй байна. Чамд амжилт хүсье.

 

#Ном #Book #Сонирхол #Hobby #ЧөлөөтЦаг #Freetime #Зохиол #Story