Мэдээллийг тогтоох Шалгарсан аргачлалууд


О.Батхишиг | YOLO.MN
2024-02-28

Хожим улам сайн санаж байхын тулд мэдээллийг үр өгөөжтэй тогтооход тань дараах зөвлөмжүүд тус болно. 

Уншиж буй зүйл дээрээ анхаарал тавь 

Бичиж буулгасан зүйлээ санахад хэцүү байдаг бол уншиж байгаа зүйл рүүгээ идэвхтэй хандахад тань туслах хэдэн зөвлөгөө хүргэе. 

  • Уншихын өмнө, уншиж байхдаа, уншсаныхаа дараа өөртөө асуулт тавь 
  • Бичвэр дотор юу өгүүлж буйг, ийм зүйл тохиолдох болсны учрыг, хэрэв нөхцөл байдал ямар нэг байдлаар өөрчлөгдвөл юу тохиолдож болох талаар өөрөөсөө асууж бай. 
  • Сонирхол татсан хэсгийг тэмдэглэ. Хэрэв боломжтой гэвэл үүнд тайлбар хийх хэдэн хором өөртөө гаргаж, чанга хэл. 
  • Хэсэг бүрийг нь тодорхойлох дасгал хий. Таны уншсан зүйлийг гол утга санаа нь юу вэ? Логик болон нэмэлт ямар санаанууд гарсан бэ? 

Уншиж буй зүйлээ төсөөл 

Уншиж байх явцдаа та, өөрөө үйл явдлын дунд орсныг, мөн судалж буй зүйлээ бодитой хийж байна хэмээн төсөөлөхийг хичээгээрэй. Ухаан санаандаа бүтээсэн дүрслэл дотор өөрийгөө оруул. Үйл явдлын өрнөлд өөрийгөө хэчнээн сайн оруулна, уншиж буй зүйлээ төдий чинээ сайн санана.  

Дуулсан зүйлээ сайн тэмдэглэ 

Та мэдээллийн утгыг ойлгохгүй тоть мэт давтаж үг гээлгүй бичдэг үү? Харамсалтай нь ихэнх оюутан ийм маягаар тэмдэглэл хийдэг. Хүмүүс голчлон багшийн хэлж буйг үг гээлгүй бичиж авахыг бодож, анхаарч сонсохыг орхигдуулдаг. Юу тэмдэглэснээ дараа нь унших үед ойлгомжгүй байдаг.  

Тэмдэглэл хийх хамгийн сайн арга бол утгыг нь бодох зуураа түүнийг анхааралтай бичих явдал. Бичиглэлийг хэдэн удаа эргэн харж, боломж гарах бүрд товчлол хийх хэрэгтэй. Бичиж байхдаа чухал зүйлийг онцолж үлдсэнийг нь орхи. 

ТАУТШ Арга 

Өргөн тархсан сурах арга барилуудын нэг бол бичиглэл тогтооход үр дүнтэй ТАУТШ юм. Энэхүү товчлолыг тайлбал,  

  • Тоймлол 
  • Асуулт 
  • Унших 
  • Тодруулга 
  • Шалгалт болно. Мэргэжилтнүүд жирийн давталтаас энэ аргыг илүү үр дүнтэй болохын учир юу гэвэл түүнд сэргээн санах дохиог сайн ашигласан гэж үздэг. 

Тоймлол 

Материалыг гүйлгэн уншина. Оршил, гарчиг, бүлгүүдийн товч агуулгыг уншаарай. Товч агуулга болоод нийтэд нь гүйлгэж уншин гарчгуудыг харна. Доторхыг нь уншихын өмнө бүлгийн тоймыг эхэлж харах хэрэгтэй. Ингэвэл гол утга санааг ойлгоход тань дөхөм болно. Эхлээд юмсыг дотор нь ангилж хэдэн хэсэг болгоно. Юмыг хэтрүүлж хийхгүй байх нь чухал. Нэг удаад цөөн зүйл хийх нь олныг хийснээс дээр.  

Асуулт 

Уншиж буй зүйлийнхээ талаар чухал асуулт тавь. Гол санаа нь юу вэ?, Үйл явдал хэрхэн өрнөсөн бэ? Гэх мэт. Гарчиг толгойн хэсгийг нь уншиж, тэр тухай асуултыг өөртөө тавина. 

Уншлага 

Дээрх алхмыг гүйцэтгэсний дараа материалыг тэмдэглэл хийлгүй гүйцэд уншаарай. Онцолж тэмдэглэх нь мэдээллийг тогтоох сайн аргыг нэг. Бүлгийг анхлан уншихдаа юу ч битгий зурж тэмдэглээрэй. Эхний уншилтаар гол санаануудаа гаргах хэцүү. Зурж тэмдэглэлгүйгээр нэг бүлгийг унш, дараа нь буцаж хэсэг болгоны гол зүйлийн доогуур зурна. Зурж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг тунгаа.  

Хариулт 

Дараа нь гол асуултуудад чангаар хариул. Бүлгийг дахин уншиж өөртөө асуулт тавь. Асуултын хариуг дотроо чангаар хэл. Зурсан зүйлээ дуулдахаар уншиж, юун тухай уншсанаа бод.  

Шалгалт 

Мэдээллийг тогтоосон эсэхийг бататгаж өөрийгөө туршиж бай.  Хичээлийн явцад, хичээлийн дараа яг шалгалтын өмнө турших цаг гаргаарай.  

Хичээллэх хугацааг хуваарилж товло 

Амжилттай суралцахад цаг хугацаа хамгийн чухал. Хэрэв та хариуцлагатай шалгалт өгөхөөр зэхэж буй бол шөнөжин нойргүй удаан суух бус, давтах хугацаагаа богино үеүдэд хувааж, хуваарь гаргавал сайн. Түүнчлэн мэдээллийг судалж байхдаа ондоо аргуудыг хэрэглэвэл сайн. Нэг өдөр тэмдэглэл хийж, гол утга санааг нь гаргана. Өөр нэг өдөр хичээлээ чангаар ярь, тэгээд ондоо үед хэн нэгэнтэй үзсэн зүйлээ хэлэлц. 

Завсарлага 

Хүн зөвхөн тодорхой хэсэг хугацааны туршид төвлөрч чаддаг учраас хичээлийн цагийг хуваарийн дагуу үзэх нь өгөөжтэй. Хэрэв нэг мөр толгой өндийлгүй сууж хамаг хичээл номоо хийх гэж санавал та төвлөрлийн хүчээ хадгалж эс чадна. Хуваарь гаргахдаа хичээлийн үргэлжлэх хугацааг оновчтой товлох хэрэгтэй. Хүнд хичээл, туршлагагүй оюутнууд сургалтын эхний үеүдэд хичээлийн цаг богино байх нь үр дүнтэй гэж үздэг.  

 

#нийтлэл