Т.Ялгуун: Сурсан зүйлээ өөртөө хадгалалгүй бусдад түгээвэл жинхэнэ мэдлэг болж үлддэг


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-03-09

Ирээдүйд IT салбарын тэр дундаа системийн аюулгүй байдлын мэргэжил эзэмшихээр зэхэж байгаа уншигчдадаа зориулаад Монголын хамгийн залуу certified ethical hacker, системийн аюулгүй байдлын инженер,  багш, youtuber Т.Ялгуунтай ярилцлаа. Бие даан код сурах хүсэлтэй эсвэл сурч байгаа бол нийтлэлээ дуустал нь уншаарай.


YOLOӨдрийн мэнд, манай уншигчдад өөрийгөө товчхон танилцуулаач.

- Намайг Түмэнхүүгийн Ялгуун гэдэг. Хүмүүст өөрийгөө хакер гэж танилцуулах дуртай.

Юун түрүүнд өөрийн мэргэжил буюу системийн аюулгүй байдлын инженер гэдэг мэргэжлийн тухайд?

- Системийн аюулгүй байдал нь IT салбартаа багтдаг. Үүсээд найм есөн жил болж байгаа шинэхэн салбар. Энгийнээр тайлбарлая гэвэл бидний өдөр тутамд ашигладаг гар утасны сүлжээ, банк зэрэг томоохон газруудын сүлжээ рүү хакерууд дайрахаас сэргийлэх дайралтыг хамгаалахад суралцдаг мэргэжил.

YOLO:Энэ мэргэжил бусад IT салбарын мэргэжлээсээ ялгарах давуу болон хэцүү тал нь таны бодлоор юу вэ?

- Программчлалын хэл мөн хамгаалах аргачлалд суралцдаг. Өөрөөр хэлбэл өөрөө веб сайтаа бичээд хамгаалахад аргачлалаа сурдаг гэсэн үг. Энэ нь мэргэжлийн минь хамгийн том давуу тал болж өгдөг. Нэг талаараа давуу тал ч гэсэн бусад IT салбараа бодвол сурах зүйл ихтэй хүнд салбар. Хэцүү гэвэл ганц аюулгүй байдал гэлтгүй IT салбар тэр чигтээ цагийн хуваариа сайн төлөвлөхгүй бол хүндхэн байдаг. Мөн системийн аюулгүй байдал нь маш их мэдлэгийг шаарддаг, цаг үргэлж хувьсан өөрчлөгдөж байдаг. Гурван сар хөдөө явчхаад ирэхэд л системийн аюулгүй байдал гэдэг салбар тэс ондоо болчихсон байх магадлалтай.

 

YOLOСистемийн аюулгүй байдлаар сураад төгсвөл ажлын байрны олдоц ямар байдаг вэ?

- Сүүлийн жилүүдэд Монголд ч гэлтгүй дэлхий дахинаа эрчимтэй хөгжиж байгаа салбар. Үүнийгээ дагаад системийн аюулгүй байдал гэдэг энэ мэргэжлийн хэрэгцээ ихээр үүсэж байна. Тиймээс ажлын байр элбэг байдаг. Монголд төгсөгчид бага болохоор бүр сайн эрэлттэй. Монгол системийн аюулгүй байдлын мэргэжилтэн дутагдалтай байдаг нэг жишээ банкны салбар. Олон улсын стандаар бол нэг банкинд арав болон түүнээс дээш мэргэжилтэн байх ёстой. Гэтэл Монголд бол хоёроос гурван мэргэжилтэн байх жишээний.

YOLOТөгсөгч багатай хэцүү мэргэжил гэлээ шүү дээ. Та яагаад энэ мэргэжлийг сонгон суралцах болсон бэ? Мэргэжлээ сонгож чадахгүй байгаа дүү нартаа өөрийнхөө түүхийг хуваалцвал?

- Аав маань Солонгост ажилладаг байсан. Намайг жоохон байхад компьютер явуулдаг байсан. Хааяадаа эвдэрчихсэн компьютер ирнэ. Тэрийг нь би эд анги болгоноор нь задалж үзээд буцаагаад угсардаг байсан. Компьютероо асаагаад их л гайхдаг байлаа. Тэгж л ер нь компьютертой ойр мэргэжилтэй болно гэж шийдсэн. Харин дунд ангид ороод программист болох уу, системийн аюулгүй байдлыг сонгох уу гэсэн хоёр сонголт гарч ирсэн. Тэгээд системийн аюулгүй байдал нь код бичээд түүнийгээ хамгаалж сурах юм байна гэсэн давуу тал олж хараад одоогийн мэргэжлээ сонгосон доо. Бас хакертай кино их үзсэн. Бүхнийг л чаддаг мундаг хүн шиг санагддаг. Энэ ч гэсэн нөлөөлсөн байх. Дунд ангиасаа өдийг хүртэл Монгол улсынхаа аюулгүй байдлыг хамгаална гэсэн мөрөөдлөө биелүүлэх гээд л явж байна даа. 

 

YOLOСистемийн аюулгүй байдал гэдэг мэргэжлээр суралцахын тулд юу юуг түлхүү анхаарах хэрэгтэй вэ?

- Гол нь тууштай, мэргэжилдээ дуртай байх хэрэгтэй. Манай төгсөлт л гэхэд анх 60 хүүхэд элсэж ороод 15 нь л төгссөн. Системийн аюулгүй байдал, хакер гоё мэргэжил гэж сэтгэлийн хөөрлөөр сонгохгүйгээр би үнэхээр дуртай юу, энэ чиглэлээр явах хүн мөн үү гэдгээ бодох хэрэгтэй. Математик, физикийн хичээлдээ сонирхолтой, чаддаг байвал бүр сайн. Математикийн хичээлдээ сайн байвал зүгээр. Мэдээж код оролддог, бага зэрэг мэддэг байвал давуу тал болно.

YOLOИх сургуулийн хичээлээсээ гадна хэрхэн бие даан суралцдаг байсан бэ?

- Их сургуульд байхад хүүхдүүдийн нэг хязгаарлагддаг зүйл нь багшийн өгсөн зүйлийг хийгээд л болчихно гэж боддог.  Миний хувьд тэгж нэг зүйлээр өөрийгөө хязгаарлахгүйг хичээсэн. Багшийн өгсөн даалгаврыг хурдан хийчихээд шинэ зүйлийг ахиад нэхдэг байлаа. “Багшаа, ийм шинэ халдлага гарсан байна үүнийг та надад тайлбарлаад өгөөч” гэх зэргээр. Бас олон улсын хакерын тэмцээнд их ордог байсан. Гадаадын хүүхдүүдэд бол өдрийн цагаар тэмцээн маань болдог ч надад бол ихэнхдээ үүрээр таардаг юм. Тэмцээнүүдэд ордог зарим хүүхдүүд нь 14, 15 настай хэрнээ хэрнээ надаас хамаагүй мундаг хүүхдүүд байсан. Тэрэндээ ч тэр үү шар хөдлөөд нойр хүрэхгүй. Тийм чадварлаг хүүхдүүдтэй хамт тэмцээнд ороод холбоотой болж “Чи надад үүнийгээ тайлбарлаад өгөөч” гэхэд тэр хүүхдүүд маш уриалагаханаар хүлээж аваад, тэднээс суралцсан. Хэдийгээр нойроо хассан ч гэсэн маргааш өглөө нь анги дээрээ очиход ангийнхнаасаа хамаагүй илүү мэдлэгтэй болсон байдаг.

YOLOАнхны ажлын гарааныхаа талаар, их сургуульд хийж байсан ажлуудынхаа тухай яриач.

- Анх хоёрдугаар курстээ Эркс Эс гээд старт ап компанид системийн аюулгүй байдлын админы туслахаар ажиллаж байсан. Тухайн үедээ бол мөнгөний төлөө биш, юм сурахын тулд ажилласан. Олон ч зүйлийг сурч авсан. Анх ороод юм хийгээд л очиход болохгүй байна гээд л загнуулдаг ч тэр хэрээрээ л их юм сурсан. Системийн аюулгүй байдлаар багшлахын тулд заавал олон улсын сертификат авах хэрэгтэй байдаг. Багшлах сертификатаа би дөрөвдүгээр курстээ аваад сургуулийнхаа багш нартаа багшилж байсан. Одоо бол Систем центрт инженерүүдэд багшлаад явж байна.

YOLOБие даан код сурч байгаа хүүхдүүддээ зөвлөгөө өгөөч. Мөн код бичихэд ямар үзүүлэлттэй компьютертой байх хэрэгтэй вэ?

- Код бичиж сурахад заавал мундаг сайн үзүүлэлтэй компьютерүүд хэрэггүй ээ. Зүгээр цаасан дээр бичсэн ч болно. Би их сургуульдаа сургуулийнхаа лабораторийн компьютер дээр  цаг гаран суугаад цаасан дээр кодоо бичдэг байсан. Тэгж явж байгаад веб сайт 250 мянгаар хийнэ гэсэн зар тавиад нэг газарт веб сайтыг нь хийж өгөөд хуучин laptop авч байсан. Ер нь код бичихэд бол I3 үзүүлэлтэй компьютер байхад хангалттай. Код сурах тал дээр гэвэл би их сургуульд байхдаа нэг хүний бичсэн кодыг цаасан дээр нэг бүрчлэн хуулж бичиж байгаад таван минут харж цээжилчихээд, тэр кодоо арилгаад дараа нь өөрөө эхнээс нь эхлээд бичдэг байсан. Ингэхээр их хурдан тогтоогддог бас уялдаа холбоог нь ойлгож эхэлдэг. Дөнгөж эхэлж байгаа бол миний бодлоор алгоритмаа эхлээд сурсан зүгээр. Үнэн худлаа гэдгээ сурчих юм бол цаашдаа код сурахад хялбар болдог. Мөн С хэл сурчихад буруудах юмгүй ээ. Хамгийн хүндийг нь эхэнд нь сурчихвал бусад зүйл нь хөнгөн санагддаг. Одоо онлайн курсүүд их болсон, тэрэнд сууж болно. Youtube дээр чамд зориулаад бүр контент хийчихсэн байгаа. Монгол хэл дээрх IT салбарын Youtube хуудаснууд их болсон байна. Миний сувгийг үзсэн ч болно. Миний сувгийг үзээд их сургуулийн хичээлээ бүрэн үзчихсэн юм шиг боллоо гэсэн сэтгэгдэл их ирж байсан шүү. Мөн https://www.spoj.com/ гээд бодлогын сайт ч байдаг. 


YOLOБие даан сурсан мэдлэгээ хэрхэн өөртөө суулгах вэ? 

- Юун түрүүнд мэргэжилдээ хайртай байх хэрэгтэй. Миний хувьд хэн ч намайг үүнийг хий гээгүй байхад би өглөө эрт босон компьютер дээрээ суугаад л юмаа хийдэг байсан. Өдөр болгон гарч байгаа халдлагуудыг судлах үнэхээр дуртай. Ингэж хийж байгаа юмандаа дурлах тусам нэг л мэдэхэд дадал болчихдог юм шиг. Бас хүүхдүүдийг хараад байхад мэдэж байгаа зүйлээ өөртөө л хадгалаад байдаг. Миний хувьд нэг шинэ зүйл сурчихаад найздаа би ийм юм сурсан гээд зааж өгөөд дахиад хүмүүст найздаа хэлж өгөх, зааж өгөх зүйл хайдаг байсан. Ийм дадал суулгаж, шинийг эрэлхийлсээр байгаад нэг л мэдэхэд ангийнхнаасаа их мэдлэгтэй болоод, ярьж хэлж байгаа зүйл маань хүртэл өөр болоод эхэлсэн. 

YOLOЭнэ мэдлэгээ хэрхэн амьдрал дээр ашиглаж болох талаар зөвлөгөө өгөөч.

- Дан программчлалаар явъя гэвэл математикийн томьёонуудаа программчилж үзвэл зүгээр. Веб сайт бичиглэлтэй холбоотой бол өөрийн танилцуулга болсон веб сайтыг хийвэл зүгээр. Энгийн мэдээний сайт хийгээд дараа нь өөрийгөө зугаацуулаад танктай тоглоом хийдэг ч юм уу. Бага багаар ахиулаад л явах хэрэгтэй. Шууд том систем бичих гээд дайраад байдаг хүмүүс байдаг. Энэ нь сүүлдээ дарамт стресс л болоод дуусна. Тийм болохоор өөртөө стрессгүй зугаатайгаар бага багаар ахиц гаргаарай.

YOLOМазаала багийнхаа тухай манай уншигчдад мэдээлэл өгөөч.

- Миний гол баримталдаг зарчим бол “Sharing is caring”. Тийм ч утгаараа төгссөн ч Мазаала гээд багийг үүсгээд явж байна. Мазаала нь хоёр багтай. Нэг нь яг үндсэн манай хакераас дээш түвшинтэй хүүхдүүд. Хоёр дахь нь код сонирхдог хэн бүрд нээлттэй баг юм. Манай Мазаала баг маань HackTheBox гээд дэлхийн хамгийн том хакеруудын платформ дээр 25-т, би хувийн rank-аараа дэлхийд 15-т явж байгаа. Мөн би өөрөө амралтын өдрүүдээр энэ багтаа үүнийг ингэдэг шүү, ингэж халдлага хийдэг шүү гэх зэргээр хичээл ордог. Хэрвээ манай багт орохыг хүсвэл надтай холбоо бариад манай discord сервер лүү орох боломжтой.

 

YOLOМазаала багийн ирээдүйн зорилго юу вэ?

-Мазаала баг маань анх хамтдаа суралцах зорилготой байсан. Одоо бол youtube болон page хуудсаараа дамжуулаад бусдад мэдээлэл олгох зорилготой. Мэдээж бид нарын хамгийн гол зорилго бол дэлхийд топ 1-т орох. 

YOLOYoutube дээр хэзээнээс эхэлж бичлэг хийж эхэлсэн бэ? Яагаад анх бичлэг хийх болсон бэ?

-Бичлэг хийж эхлээд гурван жил болж байна. Анх өөрөө өмнө нь хэлсэнчлэн их хичээж байж laptop аваад сурсан. Сургалтын төлбөрөө ч төлж чадахгүй хэцүү нөхцөлтэй хүүхдүүд байдгийг би сайн мэдэх болохоор тэр хүүхдүүдэд зориулж, мэдлэг олгох зорилгоор youtube сувгаа эхэлж байсан. Эхэндээ программчлалын хэл заасан бичлэг хийж байгаад сайтаа хамгаалах талаар бичлэг хийж эхэлсэн. Одоо миний хамгийн идэвхтэй оруулж буй хичээл бол вирусийн тухай юм. Цаашдаа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүддээ зориулаад тусгай хэлмэрч хайж байгаа. 

YOLOОдоо үед IT салбар маш эрэлттэй болж байна. Гэсэн ч ямар ч зүйлийг урьдчилан хэлэх боломжгүй шүү дээ. Таны харж буйгаар ирээдүйд энэ салбарт ажлын байрны хомсдол үүсэх болов уу?

-Бүх зүйл л цахим ухаалаг болно. Энэ талаараа IT ч бай, аюулгүй байдал ч бай улам л эрэлттэй болно. Ер нь бол ажлын байрны хомсдол үүсэхгүй гэж бодож байна.

YOLOЯрилцлагынхаа төгсгөлд энэ мэргэжлийг сонгож суралцах гэж байгаа хүүхдүүдэд зориулаад үг хэлээч.

-Дүү нартаа хандаж хэлэхэд нэгэнт л энэ салбарт орно гэж эргэлт буцалтгүй шийдчихсэн бол багаасаа сууриа сайн тавьж тоглоом биш ирээдүйн мэргэжилдээ зориулж цаг гаргаарай гэж хүсье.

YOLOЯрилцсанд баярлалаа.

 


 

#Ярилцлага #Технологи #Код бичих