ЗАХИДАЛ: Надад хүмүүс шиг инээж явах өдөр ирэх болов уу?


ССҮТөв | YOLO.MN
2018-10-31

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Надад хүмүүс шиг инээж явах өдөр ирэх болов уу?

Сайн байна уу? Би 16 настай нэгэн охин байна. Сүүлийн үед миний амьдралд баяр баясгалан гэж огт байхаа болилоо. Хамгийн сүүлд хэзээ сэтгэл тайван байж, хамгийн сүүлд хэзээ нулимсаа гартал инээснээ ч санахгүй байна.

Бага байхаасаа л гэр бүлийн хүчирхийлэл дунд байсан. Аав гэдэг хүн архи уугаад л, уух тоолондоо агсам согтуу тавьж зодож нүддэг. Одоо ч гэсэн ялгаагүй.

Би одоо бүр өөрийгөө сэтгэцийн өөрчлөлттэй болж байгаагаар мэдэрдэг. Гэрт үргэлж хэрүүлтэй байдаг болохоор үүнийгээ найзуудаасаа нуугаад юу ч болоогүй юм шиг инээж өнгөрөөсөөр байгаад одоо бүр заримдаа хэлэхэд ч хэцүү мэдрэмж авдаг. Тийм харгислалын хариуд сэтгэлээ онгойтол уйлж ч чаддаггүй. Баяр болгоны үеэр би нулимсаа арчаад л чимээгүй сууж байдаг.

Гудамжны хүүхдэд атаархаад дагаж явмаар санагдсан өдрүүд зөндөө. Аавгүй хүүхдүүд аавтай хүнд атаархдаг гэж ярих үед дотроо “Аав гэж хүсэх зүйл биш шүү дээ” л гэж боддог.

Ах дүү, хамаатан садан бүгд мэддэг мөртлөө яаж ч чаддаггүй. Аав ээжээсээ татгалзах тухай хууль ч хайгаад олоогүй. Гэрээсээ зугтах талаар боддог. Гэхдээ 18 хүрээд асрамжийн газраас гарчих болохоор гудамжинд амьдралтай нь биш гээд тэсэж тэвчээд явж байна. Найз нөхөдтэйгөө уулзаж явах гэхээр “эрт ир, хаана явна” гэх мэтээр явуулахгүй болохоор ямар ч, бүр ямар ч найзгүй болчихсон.

Би уг нь хичээлдээ сайн. Тийм болохоор хүүхдүүд надаас хичээл асуух болохоороо л юм ярьдаг. Завсарлагаанаар хамт юм идэх ч хүн олдохгүй эхэндээ хэцүү 6айдаг байлаа. Одоо ч хүүхдүүд олуулаа инээж ханиагаад идэж байхад би ганцаараа утсаа үзээд хоолоо иддэг. Найзтай болох гэж коридорт таарахаараа мэндэлэх гэхээр хэн ч тоодоггүй.

Одоо би яавал дээр вэ? Та нар надад ээж аавтайгаа ярилц, найзаа зөв сонго гэж зөвлөгөө өгөх гэж байгаа бол баярлалаа. Би оролдож үзсэн ч бүтээгүй. Одоо энэ амьдралаас зугтах, миний зүгээс харж байгаа хэцүү ч гэсэн ганц боломж нь гадаад явж сурах явдал. Би IELTS-ийн шалгалтанд бэлдэж байгаа. Гэхдээ хэн надад явах зардал өгөх юм байгаа юм бүү мэд. Энэ хүртэл бүтэхгүй бол үхэх л хамгийн амар амгалан зам юм гэж бодож байна. Надад хүмүүс шиг инээж явах өдөр ирэх болов уу?

ЗӨВЛӨГӨӨ: Чамд хэн ч гар хүрэх ёсгүй

Чамд энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе. Бидэнд хандан захиа ирүүлсэнд маш их баярлалаа. Захиаг нь уншаад чиний нөхцөл байдлыг ойлголоо. Гэр бүлийн хүчирхийлэлийн тухайд энэ бол тэвчээд өнгөрөх зүйл биш. Чиний төрсөн эцэг ч чамд гар хүрэх ёсгүй. Маш удаан хугацааны туршид хүчирхийллийн нөлөөнд байснаар энэ нь энгийн үзэгдэл мэт болох явдал их байдаг. Ингэж хүлээн зөвшөөрч огтхон ч болохгүй. Би чамд дараах зөвлөгөөг хүргэж байна.

  • legalinfo.mn сайтаас Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг уншаад, холбогдох байгууллагуудад хандахыг санал болгож байна. Хуулийн дагуу бол хэн ч чамд хүчирхийлэл үзүүлэх эрхгүй бөгөөд холбогдох тусламжийг авах эрхтэй гэж заасан байгаа.
  • Мөн хүүхдийн тусламжийн утасны дугаар болох 108-д хандаж зөвлөгөө авч болно. Хэрвээ биеэр уулзаж зөвлөгөө авмааргүй байвал шүү дээ.
  • Удаан хугацааны гэр бүлийн таагүй уур амьсгал, хүчирхийллээс болж байнгын айдас, түгшүүртэй байсаар тэр нь одоо сэтгэл гутралд хүргэх шинжүүд ажиглагдаж байна. Энэ чиний буруу биш. Чи сул доройдоо айгаад, сэтгэлээр унаад байгаа биш юм шүү. Энэ бол яг л ханиадны шинж тэмдэг нь нус гоожих, хоолой өвдөх зэргээр илэрдэгтэй адил. Сэтгэл гутралын шинж тэмдэг нь юмыг сөргөөр харах, өөрийгөө үзэн ядах, энэ бодлоосоо болоод бусад хүн ч өөрт нь муу хандаад байгаа мэт санагдах мэдрэмжүүд юм. “Би сэтгэл гутралтай юм байна, ингээд дууслаа” гэж бодолгүй дэлхий дээр өнөөдөр 600 сая хүн сэтгэл гутралаар оношлогдсон бөгөөд тэр хүмүүс ч мөн тэмцэж, өөрийгөө өөрчлөх, ялан дийлэхийг хичээж байгаа гэдгийг санаарай. Юмыг сөргөөр хараад сэтгэлээр унаж хямрах гээд эхэлбэл “Өө, нөгөө сэтгэл гутралын шинжүүд илрээд эхэллээ” гэж бодоод анхаарлаа өөр, идэвхтэй зүйл рүү зориуд шилжүүлэхийг хичээгээрэй. Хэрвээ хүсвэл өөрийн биеэр сэтгэл судлаачтай уулзаарай. Төлбөргүй зөвлөгөө өгдөг төвүүд олон бий. Тухайлбал Гэр бүл хүүхдэд зөвлөх төв. Утас: 76007677.
  • Энд нэг зүйлийг зайлшгүй хэлэх хэрэгтэй байна. Танай гэр бүл, эцэг эх хоорондын харилцаа дайсагнасан, бие биедээ үл итгэсэн байдалтай байдаг бол чи бусад хүнд итгэдэггүй, бусад хүн яг л чамайг гэмтээх гээд байгаа юм шиг мэдэрдэж, биеэ хамгаалах хандлагатай паранойд шинжүүд илэрч байж болзошгүй. Хүн аливаа зүйлийн тухай ярихад өөртөө тусгаж авах, чамтай муудалцахыг хүсч байна гэж ойлгох гэх мэт. Хэрэв чи найз, ангийнхан, бусад хүмүүстэй харилцахад иймэрхүү байдлууд илэрдэг бол энэ мөн л чиний төрөлх зан биш, орчны нөлөөнөөс үүссэн гэдгийг ойлгоод аль болох бодлоо эерэг болгож, бусад хүүхдүүд чамайг огт гэмтээхгээгүй гэж өөртөө хэлж байгаарай.

Цаашлаад энэ бүх ганцаардал, гэр бүлийн хүчирхийллийг ялан дийлж, хүчтэй байгаа чамаар бахархаж байна. Энэ нөхцөл байдлаас гарах арга чарга хайж, түүнийхээ төлөө ямар нэгэн үйлдэл хийж байгаа чинь маш сайн. Хүнд итгэл найдвар, хүсэл тэмүүлэл, зорилго, түүний төлөөх тууштай зүтгэл байхад бүтэхгүй зүйл гэж хаана ч үгүй. Чи хичээлдээ сайн, гадаад явах сонирхолтой байгаа бол хамтдаа төлөвлөгөө гаргацгаая.

Хичээлдээ сайн, зорилготой, IELTS-н өндөр оноотой хүүхдүүдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүд маш их байдаг. Иймд сургалтын төлбөр гэх мэт зүйлсэд санаа зоволгүй эхний ээлжинд хичээлээ сайн хийж, шалгалтандаа өндөр оноо авах хэрэгтэй.

Өөрт тохирсон тэтгэлэгт хөтөлбөрүүдийг судла. Орон орны засгийн газрын тэтгэлэгүүд, Английн хатан хааны нэрэмжит тэтгэлэг, Японы эзэн хааны нэрэмжит тэтгэлэг гэх мэт амьдрах зардал, сургалтын тэтгэлэг бүгд тухайн улсаас гардаг маш боломжийн тэтгэлэгүүд олон бий. Би энэ тэтгэлгийг авч чадахгүй байх гэх айдасаа авч хаяад шаргуу хөдөлмөрлөөрэй. Чи чадна.

Амьдралд тохиолдох эдгээр хэцүү хүнд үед бууж өгч шантралгүй, харин ч эсрэгээрээ улам өөрийгөө хурцалж, амжилтанд хүргэх сэдэл болгоорой. Чамд амжилт хүсье.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

С.Цолмон

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Letter