ЗАХИДАЛ: Би аав ээж хоёрынхоо өөдөөс юм хэлэх гэхээр л уйлаад байдаг


ССҮТөв | YOLO.MN
2018-12-04

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би аав ээж хоёрынхоо өөдөөс юм хэлэх гэхээр л уйлаад байдаг

Сайн байна уу? Би 15 настай. Эмэгтэй хүүхэд. Би аав ээж хоёрынхоо өөдөөс юм хэлэх гэхээр л уйлаад байдаг. Юу ч хэлсэн хамаагүй, өөдөөс нь л юм хэлэхээр болбол уйлах гээд байдаг. Заримдаа бүүр уйлчихдаг шүү. Яагаад гэдгээ мэдэхгүй юм аа. Бусад хүмүүсийн өөдөөс зүгээр л ярьж хэлээд байдаг мөртлөө аав ээжийнхээ өөдөөс хэлэх гэхээр л уйлаад байна. Энэ яг юунаас болж байгаа бол? Зөвлөгөө өгөөч laugh Үргэлж зөвлөгөө өгдөгт баярлалаа

ЗӨВЛӨГӨӨ: Уйлах бол санаа зовох зүйл биш

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Дараагийн удаа захиа илгээхээр бол илүү дэлгэрэнгүй бичихийг хүсэж байна. Эцэг эх хүүхдийн харилцаа холбоо бол маш гүн гүнзгий харилцаа. Бусад хүмүүст зүгээр хэлж чадаад байдаг зүйл маань эцэг эхдээ хэлэх үед бидний мэдрэмж дагаад өөрчлөгдөж байдаг. Учир нь бусад хүмүүсээс хүлээх хүлээлт маань эцэг эхээсээ хүлээх хүлээлтээс өөр, арай энгийн байдаг. Магадгүй чи эцэг эхээсээ илүү их зүйл хүлээдэг байх. Чамайг сонсоосой, ойлгоосой, гэсэн хүлээлт.

Мөн чи өмнө ээж аавдаа илэрхийлээгүй дарчихсан сэтгэл хөдлөл байгаад тэр нь юм хэлэх гэх үед уйлж илэрхийлэгдэх гээд байдаг байж болно. Энгийнээр хэлбэл өмнө нь аав ээждээ их гомдож байсан үе байгаа юу? Хэрвээ тийм бол үүнийгээ аав ээждээ хэлсэн үү? Эсвэл амьдралын чинь аль нэг хэсэгт тохиолдсон асуудлыг аав ээждээ хэлээгүй хэрнээ намайг ойлгоосой гэж хүсээд байдаг юм биш биз? 

Уйлах бол санаа зовох  зүйл биш. Харин ч мэдрэмжээ гадагшлуулахгүй байх нь сөрөг талтай. Уйлсны дараа сэтгэл санаа сэргэдэг. Үүнийг уйлахад парасимпатик мэдрэл идэвхэждэг гэдгээр тайлбарладаг бөгөөд парасимпатик мэдрэл идэвхжих нь "тайван" нөхцөл байдалд оруулах буюу зүрхний цохилт, артерийн даралтыг бууруулах гэх зэргээр стресс бууруулах нөлөө үзүүлдэг. Мөн стрессийн үед адренокортикотропин дааврын түвшин өндөр байдаг бөгөөд уйлах нь энэхүү дааврын түвшинг бууруулдаг гэж үздэг. Иймд уйлах тийм ч муу зүйл биш гэдгийг өөртөө сануулаарай.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

#Letter