Өсвөр насныханд зориулсан "TEEN CAFE"


Б.Нямдарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

Манайд өсвөр насны хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх газрууд хомс гэвэл хэн ч маргахгүй биз ээ. Дотор орчинд гэвэл хэдэн кино театр, кофе шоп, томоохон молл худалдааны төв, эсвэл гадаа дулаан бол хүүхдийн парк, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд тэд ихэвчлэн цагийг өнгөрөөдөг.

Тэгвэл өсвөр насныханд зориулсан, тэдний сонирхлыг нь татахуйц,  бараг анхны гэж хэлж болохуй нэгэн төв нээгджээ.

Энэ бол "Teen Cafe" буюу зөвхөн өсвөр насны хүүхдүүдэд зориулсан кафе юм. Кафе гэхээр таны санаанд хүүхдүүд яг л томчууд шиг "Уух зүйлээ дундаа тавиад буу халдаг" гэж төсөөлөгдөж магадгүй. Гэхдээ тэд тэнд найзуудаараа тэгж суух боломжтой ч ном уншиж, кино үзэж, тоглоом тоглож, тикток бичлэг хийж, хичээлээ давтаж, даалгавраа хийж болдог.

Гэр бүлийн хоёр Б.Оюунболд, Ө.Цацралт нар өөрсдийн амьдралын туршлагаас үндэслэж анх энэхүү кафенийхаа санааг олжээ. Төрсөн өдрөөрөө найзуудтайгаа гадуур тэмдэглэнэ гээд гарсан охин нь "Кинотеатрт кино л үзлээ. Тэгээд хоол идэхээр түгжирч явсаар, ингэж тэгсээр л бараг өдөр өнгөрлөө" гэсээр орой нь урамгүй орж иржээ. Энэ үед л өсвөр насны хүүхдүүдэд цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөж болох тэдний сонирхдог бүх зүйл нь  нэг дор үйлчилгээ дутагдаж буйг анзаарчээ. Ингээд тэд нэгэнт чанартай үйлчилгээг хүргэх үүднээс гадагшаа ч явж энэхүү үйлчилгээг судалж, туршлага хуримтлуулсаар дөрөвдүгээр сарын 5-нд "Teen Cafe"-гаа амжилттай нээжээ.

Тэдний хийх зүйлс ингээд дуусахгүй, төлөвлөж буй олон зүйл бий.  Хүүхдүүдийн даган дуурайх дуртай зочдыг "Teen Cafe"-д урьж, сонирхолтой яриа өрнүүлнэ, хүүхдүүд өөрийн хүсэл, урмын үгс, дуртай зүйлсээ бичих том самбар захиалсан, гэрэлтдэг тайзаа засаад удаагүй, удахгүй хэргийг нь гаргана гээд кафегаа илүү сонирхолтой, хүүхдэд хэрэг болохуйц, шинэ содон байлгах гэж чин сэтгэлээсээ эрмэлзэх нь эздийнх нь ярианаас мэрэгдэж байлаа.

Биднийг очиход кафе хөл хөдөлгөөн бага, эгч дүү хоёр нэг нэг өрөөнд нам гүм орчинд өөр өөрсдийн хичээлээ хийж байв. Гэхдээ хичээл тарах цагаар, амралтын өдөр хөл хөдөлгөөн ихэсдэг байна. Кафед өдөрт 3 цагийг өнгөрөөхөд 22 мянган төгрөг эсвэл нэг сарын гишүүнчлэлийн /цаг харгалзахгүй/ 100 мянган төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой.

Б.Оюунболд "Манайх гурван хүүхэдтэй, хоёр нь өсвөр насных. Ингээд бодоход бид хүүхдүүдээ хаана, юу хийж явааг нь анзаардаггүй, асуухаа ч мартчихдаг. Гэтэл хүүхдүүд гадуур нэг газар орохоор уух юм авахгүй, эсвэл удаан суувал бараг хөөгдөж гардаг нь үнэн шүү дээ. Гэхдээ тэд энэ талаар гомдоллож эцэг эхдээ ч бараг ярьдаггүй. Ийм насны хүүхдүүдэд энэ төрлийн үйлчилгээ дутагдаж буйг анзаараад эхнэр бид хоёр "Тeen Cafe"-гаа нээх санаагаа анх олсон юм" гэлээ.

Хүүхдүүд зурагттай өрөөнд Нетфликсээр кино үзэх, PlayStation тоглож болно. Найзуудаараа хөгжилдөж болох "Dance room"-д бичлэг хийж, зураг авахуулж цагийг зугаатай өнгөрүүлж болно. Төрсөн өдөр, тэмдэглэлт баяр тэмдэглэж болох "Birthday room"-д бөөндөө хооллож, юм ярьж сууж болдог. Эсвэл тухтай том зааланд ном уншиж, бөөндөө хөлөгт тоглоом ч тоглож болно.

Уг газрын бас нэг онцлог нь цэцэг, ногоон ургамлаар орчноо чимж байгалийн уур амьсгалыг бүрдүүлсэнд байв.

"Teen Cafe"-ийн хаяг: ХУД-ийн 15-р хороо, 130-р сургуулийн баруун талд Edu Park төвийн 1 давхарт байрладаг.

#Teen Cafe