Видео тоглоом тоглосноор гарах ЭЕРЭГ үр дагаврууд


М. Намуунгүнж | YOLO.MN
2021-02-12

Ихэнх хүмүүс видео тоглоомыг донтуулахаас өөр ид шидгүй хэмээн үздэг. Угтаа бол биеийн тамирын дасгал хөдөлгөөн хүний бие махбодыг бялдаржуулдаг шиг танин мэдэхүйн дасгал нь хүний тархины үйл ажиллагааг сайжруулдаг аж. 

Бид видео тоглоом тоглохын давуу талууд болон өдөрт хэдий хугацаанд тоглох нь эерэг үр дүн үзүүлдэг талаар мэдээлэл бэлтгэлээ. 

Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгээс гаргасан сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар видео тоглоом тоглох нь хүүхдийн суралцах болон нийгмийн харилцааны ур чадваруудыг дэмждэг болох нь тогтоогджээ. Уг судалгааг хийсэн эрдэмтэд, "Сүүлийн хэдэн арван жилийн турш видео тоглоомын сөрөг үр дагавруудад /донтолт, сэтгэл гутрал, түрэмгий зан авир/ чиглэсэн судалгааны ажлууд хийгдсээр ирсэн. Гэвч видео тоглоомын хүүхэд болон насанд хүрэгчдэд үзүүлж буй бодит нөлөөг тодорхойлохын тулд илүү ихийг судлах шаардлагатай. Угтаа бол видео тоглоом инженер, математик зэрэг шинжлэх ухаан, технологийн салбарт ажиллахаар төлөвлөж буй хүүхдүүдийн хувьд бага ч атугай хэмжээнд ерөнхий мэдлэг авах, туршлага судлах зэрэг боломжийг олгодог" хэмээжээ. 

Ингээд видео тоглоом тоглох нь ямар давуу талтай талаар мэдээлэл хүргэж байна. 

1. АСУУДАЛ ШИЙДВЭРЛЭХ ЧАДВАР

Тоглоом бүр өөрийн гэсэн дүрэмтэй. Тоглогч тоглоомын туршид дүрэм болон өөрийн хийх үйлдэл хоорондын уялдаа холбоог сайтар бодолцож үзэх шаардлагатай тулгардаг. Гэнэтийн саад бэрхшээл тулгарахад ч маш богино хугацаанд тухайн саадад өртөлгүйгээр хэрхэн давах талаар шийдэл гаргаж сурна. Мөн ихэнх тоглоомд нэг үеийг давсны дараа дараагийн үеийг тоглох боломж нь нээгддэг тул асуудлыг шийдэж байж л урагшилна гэсэн сэтгэхүйг бидэнд үлдээдэг билээ. 

2. ОЙ САНАМЖ

Тоглогч юунд түрүүнд тоглоомын дүрэм, өгөгдсөн зааврыг унших эсвэл сонсдог. Тоглоом хөгжүүлэгчдийн зүгээс өгч буй мэдээллүүдийг мэдэж байж үеэ амжилттай давах тул ой тогтоолт сайтай байх шаардлагатай. 

Үүнээс гадна тоглоомын гар дээрх товчлуурын үүрэг болон алийг нь хамт дарвал ямар үйлдэл гаргадгийг ч богино хугацаанд цээжлэх ёстой. Тиймээс богино болон урт хугацааны ой тогтоолтын чадвар сайжрах боломжтой. 

3. АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛТ

Видео тоглоом дундаас адал явдалт төрлийн тоглоомууд тоглогчийн анхаарлыг бүхий л хугацаанд татаж чаддаг болох нь тогтоогджээ. Мөн нэгэн зэрэг чамгүй олон зүйлийг хянах чадварыг биднээс шаарддаг. Өөрөөр хэлбэл тоглогч дэлгэцэн дээр дүрслэгдэх энергийн түвшин, ирж буй дайснууд, өөрт байгаа сумны тоо, тоглоомын цаг зэргийг харангаа товчлуураа дарж үйлдлээ хийдэг. 

4. СУРАЛЦАХУЙ

Видео тоглоом зөвхөн насанд хүрэгчид, өсвөр насныханд ч гэлтгүй хүүхдүүдэд ч тустай байдаг. Танин мэдэхүй, бүтээлч байдлыг хөгжүүлэхэд чиглэсэн видео тоглоомуудаар дамжуулан хүүхдийн суралцах ур чадварыг дээшлүүлэх боломжтой ба орчин үеийн боловсролын байгууллагууд видео тоглоомыг заах арга зүйн нэгэн хэрэгсэл болгон ашиглаж байна.

Бас нэгэн давуу тал бол гадаад хэлний ур чадварыг сайжруулах. Дэвтэр дээр бичиж, олон дахин унших аргаар цээжилсэн үгнээс илүү видео тоглоомын аль нэг хэсэгт харсаар байгаад цээжилсэн үгийг бид илүү олон жилийн турш санаж чаддаг. 

Мөн түүхийн холбогдолтой тоглоом тоглон түүхийн хичээлдээ дуртай болсон, хоол хийдэг тоглоом тоглон хоол хийх дуртай болсон түүхүүд цөөнгүй байдаг. 

5. ХАРИЛЦААНЫ УР ЧАДВАР

Зарим онлайн тоглоомыг олон тоглогчид холбогдон тоглох боломжтой байдаг. Тоглогчид даалгавраа гүйцэтгэхийн тулд нэг баг болон ажиллах шаардлагатай ч тулгарч болох бөгөөд энэ нь хүмүүс хоорондын харилцааг дэмждэг. Онлайнаар холбогдон тоглосоор байгаад дотнын найзууд болсон түүхүүд мөн л олон байдаг шүү дээ. 

ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ ТОГЛОХ ВЭ? 

Видео тоглоом тоглох нь хэдий олон талын ашиг тустай ч тогтсон хугацаагаар тоглох шаардлагатай. Судалгаагаар бага болон дунд ангийн хүүхдүүд видео тоглоомыг ажлын өдрүүдэд 30-60 минут, амралтын өдрүүдэд хоёр цаг хүртэлх хугацаагаар тоглох нь тохиромжтой.

Насанд хүрэгчдийн хувьд тодорхой хугацаа заагдаагүй байдаг ч таван цагаас хэтрүүлж хэрхэвч болохгүй аж. Энэ хугацаа та өдрийн турш техник хэрэгсэлтэй хэрхэн харьцдаг вэ гэдгээс хамааран хэлбэлзэнэ. Жишээлбэл, та компьютер дээр ажил, хичээлээ хийж олон цагийг өнгөрөөдөг бол өдөрт дунджаар 30-60 минут л видео тоглоом тоглох нь хангалттай юм. Энэ маягаар өөрийн нөхцөл байдалд тохируулан эрүүл хэрэглээг бий болгоорой. 

Мөн бүхий л тоглоом танин мэдэхүйн хувьд ялгаатай байх тул тоглоомоо зөв сонгох нь чухал шүү. Өөрөөр хэлбэл тоглохоор зэхэж буй тоглоомынхоо насны ангиллыг шалгасны дараа тоглох эсэхээ шийдээрэй. 

Эх сурвалж: Engadget

#Зөвлөгөө #Сонин хачин #Видео тоглоом