МИНИМАЛИЗМ гэж юу вэ?


М.Тэнгис | YOLO.MN
2018-08-20

Та минималист болохын тулд 100-гаас ихгүй эд зүйлстэй амьдрах ёстой. Бас гэртээ зурагтгүй, унадаг машингүй байх шаардлагатай. Дээрээс нь хувийн блог хөтлөж эхлэхгүй бол минималист хүний тоонд орж чадахгүй. За тоглосон юм даа.

Орчин үед минималист амьдралын хэв маяг хүчээ авч, олон хөрөнгөтөн орнуудын иргэд энгийн, даруухан амьдралыг сонгох болсон нь нууц биш. Харин минимализм гэж үнэхээр мөн чанартаа юу юм бэ? Хаанаас үүсэлтэй юм бэ? Зэрэг сонирхолтой асуултуудад хариулт авах нь чамгүй чухал болжээ. Ийнхүү минимализмын тухай үнэн зөв мэдээлэлтэй болоход энэхүү нийтлэл тусална гэж найдаж байна.

Минимализм эхэндээ амьдралын хэв маяг бус урлагийн урсгал чиглэл байсан ажээ. Дэлхийн 2-р дайн дуусч, уналтад ороод байсан урлагийн салбар эргэн хүчээ авч байсан тэр цаг үед олон урсгал чиглэл шинээр гарч ирсний дотор минимализм ордог. 1960-аад оноос минимал урлаг бий болж, дэлхийн уран бүтээлчдийн анхаарлыг эрхгүй татаж эхэлсэн түүхтэй.

Минимал урлагийн онцлог нь элдвийн гоёл чимэг, солонгорсон өнгө будаггүй эгэл даруухан хэв маягийг баримталдагт оршино. Уран зураг болон уран барилгын салбарт ихээхэн тусгалаа олдог минимализмын тэрхүү онцлог хүний сэтгэлзүйд хүчтэй нөлөө үзүүлдэг нь гайхалтай. 1960 оны эхин үед Франк Стелла, Кеннет Ноланд, Ал Хелд, Элзворт Келли зэрэг уран бүтээлчид дан хар эсвэл цагаан өнгөөр, геометрийн үндсэн хэдэн дүрсээр баримал барьж, уран зураг зурж эхэлсэн нь олон хүний анхаарлыг татсан гэдэг.

Харин урлагийн салбарт тренд болсон минимализм хэрхэн амьдралын хэв маягтай уялдах болов? Үүнийг гагцхүү хүний шуналтай холбоотой хэрэг хэмээн урлаг судлаачид үздэг байна. Тодруулбал хүний хэмжээлшгүй их шуналын золиосонд үрэн таран болдог байгаль дэлхийн экологийн асуудал юм.

Зөвхөн хуванцар материалын хэрэглээ л гэхэд дангаараа дэлхийн бүхий л далай, нуурын усны экологийн тэнцвэрт байдалд ноцтой аюул учруулдаг. Сүүлийн онд хийгдсэн судалгаагаар 2050 он гэхэд далайд загаснаас их тооны хуванцар хог хаягдал хуримтлагдана гэсэн байна. Гэтэл хуванцар хог хаягдлуудын дунд эн тэргүүний байр эзэлдэг гялгар уут хогийн сав руу орохоосоо өмнө дунджаар 10-хан минут ашиглагддаг аж. Мөн амьтны үсээр хийсэн дээл хувцас, элдвийн сувенир, гоёл чимэглэл, тансаг мебель тавилгууд гээд ихэнхи хүмүүсийн тэмүүлдэг материаллаг амьдралын цаана асар их хэмжээний амьд амьтан, ургамал устаж байдаг.

Эдгээр тулгамдсан асуудалд сэтгэл зовнидог хэсэг ч бас байдаг нь талархууштай. Тэдний эрж олсон олон шийдлүүдийн нэгэнд өөрсдийн хэмжээлшгүй их хэрэглээг танах буюу минимал амьдралаар амьдрах явдал зүй ёсоор тооцогдоно.

Минимал амьдралын хэв маяг өөрөө урлагийн минимализмаас ялгагдах зүйл бага. Их мөнгө үрэхгүй, хэтэрхий элбэг хангалуун руу тэмүүлэхгүй, энгийн, хялбар амьдралаар амьдрах... энэ бол минимализмын үндсэн зарчим юм.

Байгаль экологийн тэнцвэрт байдал болон энгийн-минимал амьдрал хоёрын дундаас өөр олон ашигтай талууд урган гардаг байна. Судлаачдын олж тогтоосноор дараах давуу талуудыг дурьдаж байна:

  • Амьдралынхаа жолоог эргүүлэн атгана. Хүн нэг л мэдэхэд амьдралаа өөрийнхөөрөө залж чадахгүй болчихсон байх нь бий. Мөнгө, ажил, цагийн хуваарь, өр зээл, цахилгааны төлбөр... энэ бүхэн амьд яваагийн учир утга, гүйцэлдүүлэх учиртай үүрэг даалгавар мэт болж хувираад, эцэст нь эд бүгд хүний амьдралыг жолооддог болж орхидог учир минимал амьдралыг сонгож, энгийн хялбар амьдарснаар эргээд өөрийнхөө амьдралыг өөрийн хүссэнээр удирдан чиглүүлэх боломжийг олж авдаг ажээ.
  • Сонирхдог зүйл, хоббиндоо цаг гаргадаг болно. Тийм ээ, дээрхийн нэгэн адил хэт их зүйлийн араас тэмүүлж өөрийнхөө цаг завыг үрдгээ больчихвол, хөгжим тоглож сурах, спортоор хичээллэх зэрэг амжуулж чаддаггүй байсан мөрөөдлүүдээ биелэл болгох боломжтой.
  • Эрүүл, аз жаргалтай амьдарна. Хувь хүн минималист болсноор эрүүл амьдрах олон боломжтой золгодог. Бага идэх, үндсэн цөөн-сайн чанарын бүтээгдэхүүнээр хоолоо гэртээ хийж идэх, элдвийн амттанаас болж өгвөл татгалзах, цэвэр ус ууж хэвших... Мөн дээрээс нь байнга санаа зовоох асуудлуудынхаа тэн хагасыг аваад хаячихдаг учраас стрессгүй, аз жаргалтай амьдрах боломжтой.

Гэвч минималист амьдралын хэв маяг минималист урлагийг даган саяхнаас үүсэн бий болсон гэвэл худал болно. Минимализм хэмээх нэр томьёо өөрөө орчин үеийн болохоос, энгийн, эгэл даруу амьдарна гэдэг өнө эртний хэв маяг. Түүхнээ минимал амьдралаар амьдардаг байсан алдартай хүмүүсийн ишлэлээс сонирхуулбал:

КҮНЗ, Хятадын эртний гүн ухаантан

Амьдрал үнэндээ тун энгийн. Харин бид төвөгтэй болгох гэж зүтгэсээр байдаг

СОКРАТ, Грекийн философич

Илүү ихийг хүсэх тусам, илүү жаргалтай амьдрахгүй. Аз жаргалын нууц бол, бага өмчтэй байх

ЛЕВ ТОЛСТОЙ, Оросын их зохиолч, философич

Энгийн байхгүй газар агуу байхгүй

АЛЬБЕРТ ЭЙНШТЕЙН, Германы их эрдэмтэн

Элдвийг хүсэхгүй, шунахгүй амьдрал хүн бүхэнд зохино гэж би боддог. Бие махбодь, оюун ухаан хоёртойгоо байхад бүхнээс баян

МАХАТМА ГАНДИ, Энэтхэгийн сайн үйлстэн, хуульч

Энгийн амьдар. Тэгээд бусад хүмүүс ч бас энгийн амьдарч эхэлнэ

“Бага”-ыг илүүд үздэг минималист хүмүүс улам олширсоор байгааг сүүлийн үеийн судалгаа батлан харуулсаар. Тэдний амьдрал элбэг хангалуунаас ч илүү аз жаргалтай, гоо сайхантай, утга агуулгатай байж чаддаг нь өдөр ирэх тусам хэн бүхний сэтгэлийг булаасаар. Магадгүй та ч бас минимал амьдралыг өнөөдрөөс эхлэн сонгох ч юм бил үү?

#Minimalism