АХЛАХ АНГИЙНХАНД: Мэргэжил чинь чамайг аз жаргалтай болгох ёстой


Сондор | YOLO.MN
2018-04-19

Хүн амьдралынхаа турш хоёр чухал сонголтыг хийдэг гэж хүмүүс хэлдэг. Нэгдүгээрт мэргэжил сонголт. Удаах нь амьдралынхаа ханийг сонгох явдал юм. Хүн хайртай хүнтэйгээ насан туршдаа хамт амьдардаг бол өөрийн эзэмшсэн мэргэжил ч ялгаагүй таны хамтран амьдрагч л гэсэн үг.

Учир нь хүн өдрийн гуравны нэгийг ажил дээрээ өнгөрөөдөг. Та бакалаврын зэрэг эзэмшсэний дараа тэтгэвэрт гартлаа ажиллана гэж тооцвол 40 жил энэ мэргэжлээр ажиллана. Ажлын 8 цаг буюу өдрийн гуравны нэгийг ажил дээрээ өнгөрөөх хэрэгтэй.

Та 90 насална гэж үзвэл амьдралынхаа 30 жилтэй тэнцэх хугацааг ажил дээрээ өнгөрөөнө гэсэн үг юм. Тиймээс мэргэжлээ зөв сонгох нь ханиа танихтай адил хэцүү бас чухал сонголт юм. ЕБС-аа төгсөж буй сурагчдад зориулан Монголын сурагчдын холбоо “Ирээдүйн эзэд” аяны илтгэгч, сэтгэл зүйч О.Тэгшжаргалын мэргэжил сонгох зөвлөгөөг та бүхэнд хүргэе.

Дэлхий дээр жилд 500 орчим мэргэжил шинээр бий болдог гэсэн судалгаа бий. Бүх мэргэжил хүний сайн сайхны төлөө, эрүүл аюулгүй амьдарч, аз жаргалтай байхын тулд үүсдэг гэжээ. Ихэнх хүн эзэмшсэн мэргэжлээ зөвхөн мөнгө олох арга гэж үздэг. Мэдээж мөн. Гэвч энэ нь таны байр сууриа олох, нийгэмд баялаг бүтээх боломж.юм Хамгийн чухал нь таныг зөв амьдрах, эрүүл, аз жаргалтай  байлгах хэрэгсэл юм.

МЭРГЭЖИЛ СОНГОХОД ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ЮУ ВЭ?

Хүсэл, сонирхлоо зөв тодорхойлох хэрэгтэй. Хүсэл, сонирхол нь өөр зүйлс. Сонирхол харьцангуй тогтвортой. Харин хүсэл та хоол идмээр санагдаад идсэний дараа дахиад идмээргүй санагдахтай адилхан. Түүнтэй адил хүсэл сонирхлыг зөв тодорхойлох нь чухал. Үүний тулд чи эхлээд өөрийн темперамент буюу зан төлөвөө тодорхойлчихвол илүү хялбар болно. Темперамент нь хүний төрөлх зан чанарын судалгаа бөгөөд амьдралын явцад бага зэрэг л өөрчлөгддөг. Ядаж л би ийм давуу, сул талтай. Миний давуу тал ийм боломжуудыг өгч болох юм гэдгийг эхлээд мэдэх хэрэгтэй.

Мэргэжил сонгохдоо хүүхдүүд ямар алдаа гаргадаг вэ?
Бизнесийн эсвэл уул уурхайн мэргэжил илүү эрэлттэй гэсэн бодлоор  мэргэжлээ сонголгүй, мэргэжилд сонгогддог тохиолдол их. Цалин сайн, ажлын байр их, оноо өндөр учраас гээд мэргэжилд сонгогдсоор байдаг.  Дараа нь харамсахгүйн тулд мэргэжлээ зөв сонгох нь чухал.  

Би энэ мэргэжлийг сонгоод аз жаргалтай байж чадах уу гэж бодох хэрэгтэй.

Мэргэжлээ оновчтой сонгоход хувийн зан чанараа танин мэдэх нь нөлөөтэйг дээр дурдсан. Жишээлбэл цагаан халаадтай эмч нар гоё харагдаад эмч мэргэжлийг сонгосон гэе. Гэвч тухайн хүн цус харвал чичирдэг бол??? Цус харж чадахгүй бол хэзээ ч эмч болж чадахгүй. Маш цөөхөн хувь нь энэ айдсыг давж гарч чаддаг ч ихэнх нь үүнээс болж стресст ордог байна.

Өсвөр насныхны нэг онцлог бий. Харагдах буюу гадаад байдалд татагддаг.  Энэ эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд зан чанар, темпераментаа зөв тодорхойлж, нарийн судалгаа хийх хэрэгтэй. Сэтгэл зүйчид хандсан ч болно.

МЭРГЭЖИЛ СОНГОЛТ БОЛ АЛХАМЧИЛСАН ЯВЦ

Та дараах асуултад хариулаад үзээрэй.

1. Та хэн болохыг хүсэж байна вэ?
2. Энэ мэргэжлийг эзэмшээд 10, 20, 30 жилийн дараах чиний зорилго юу вэ?
3. Зорилгодоо хүрэхэд юу хэрэгтэй байна вэ? (Энэ үед хүсэж байгаа мэргэжлийн хар зураг гарч ирэх болно.)
4. Танд ямар мэргэжил илүү тохирох юм шиг санагдаж байна вэ?
5. Тухайн мэргэжлээр ямар их сургууль  мэргэжилтэн бэлтгэдэг вэ?
6. Тэгвэл ахлах ангидаа ямар хичээл гүнзгийрүүлэн судлах ёстой вэ?
7. Тэтгэлэгт хамрагдах боломж байгаа юу?

Эцэст нь хэлэхэд бидний мэдэх хэдхэн мэргэжлээс гадна олон сонирхолтой мэргэжлүүд бий. Гол нь таны хийж буй ажил танд аз жаргалтай санагдаж, хийх сэтгэл, шинийг эрэлхийлэх боломжийг олгох нь чухал. Өөрийгөө таньж мэдэж, тохирох мэргэжлээ судлахыг зөвлөж байна. Мэргэжлээ сонгох гэж буй хүүхдүүд “Мэргэжлийн цагаан толгой” төслийн хүрээнд амжилттай ажиллаж буй 100 орчим хүнтэй хийсэн аудио ярилцлагыг сонсвол сонголт хийхэд илүү дөхөм болно гэж бодож байна.

Амжилт хүсье…

Б.Намуунцэцэг

#Profession #Happiness