Б.Цэвэлмаа: Сайн дурын ажлаар өөрийнхөө нөөц бололцоог бусдын сайн сайхны төлөө зориулдаг


YOLO.mn | YOLO.MN
2024-06-26

Сайн дурын үйл ажиллагаанд оролцмоор байгаа боловч хэнд, хаана хандахаа мэдэхгүй байна уу?

Тэгвэл сайн дурын ажил гэж юу вэ, ямар шалгуур үзүүлэлт байдаг, хэрхэн ажиллах боломжтой талаар Монголын Сайн Дурынхны Төвийн үүсгэн байгуулагч, нийгмийн ажлын багш, судлаач Б.Цэвэлмаатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

 

YOLOЮуны түрүүнд сайн дурын ажил гэж юу юм бол гэдгээс ярилцлагаа эхлэе?

Сайн дурын үйл ажиллагаа гэдэг нь хүмүүс нийгмийн асуудалдаа, өөрийнхөө сонголтоор, хүсэл эрмэлзлэлээрээ хувь нэмрээ оруулж байгаа, өөртөө байгаа нөөц бололцоогоо бусдын сайн сайхны төлөө зориулах үзэгдэл юм. Сайн дурын үйл ажиллагаа гурван зүйлээр бусад хөдөлмөр, үйл ажиллагаанаас ялгагддаг.

  • Өөрийнхөө сонголтоор хөтөлбөр төсөл үйл ажиллагааны хэсэг болж оролцох
  • Цалин хөлс, шан харамж авахгүй
  • Би сайн үйлс хийж байгаа учраас чи надад тийм зүйл хийх ёстой, би сайн хүн болж харагдах ёстой учраас сайн үйлс хийнэ гэсэн дэнчинт харилцаа биш байх ёстой байдаг.

Сайн дурын үйл ажиллагаа нь нийгмийг өөрчлөхөд, сайжруулахад, хөгжүүлэхэд, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэдэг.

YOLOСайн дурын ажил хийхэд шалгуур үзүүлэлт байх уу?

- Хүмүүст цаг хугацааны, авъяас чадварын, мэдлэгийн нөөц бололцоо байдаг. Ямар үйл ажиллагаанд оролцох вэ, ямар үйл ажиллагаа манай байгууллага зохион байгуулах гэж байгаа вэ гэдгээс хамаараад шалгуур үзүүлэлтийг тавих боломжтой байдаг. Зарим тохиолдолд нийгмийн онцгой субъектүүд болох хүүхэд, ахмад настан, эмзэг бүлгийн иргэд буюу харилцаанд нь тодорхой хэм хэмжээ, мэдлэг, арга барил шаардлагатай бүлгүүд байдаг. Хүүхдэд хүүхдийн эрх, хамгааллын харилцаа хөндөгддөг. Ийм тохиолдолд сайн дурын үйл ажиллагаа хийх гэж байгаа хүмүүстээ бид тодорхой хэмжээний шалгуур үзүүлэлтүүд тавидаг.

YOLO: Сайн дурын ажил хийх хүсэлтэй байгаа хүн юунаас эхлэх вэ?

Хамгийн эхэнд би юу хиймээр байна, юунд сонирхолтой хүн юм, сайн дурын ажил гэж юу юм, чиний хүссэн зүйл яг сайн дурын ажил мөн үү гэдгээ өөрөөсөө асууна. Би хүүхдийг хичээлийн хоцрогдлоос гарахад тусалмаар байна, би англи хэлдээ сайн, би англи хэлдээ А гарсан шүү дээ эсвэл би багш хийж үзмээр байна гэх зэргээр хүсэл эрмэлзлэлээ тодорхойлно. Дараа нь сайн дурын ажил хийдэг байгууллагуудыг судлах, тухайн байгууллага зорилготой хугацаатай, ажилтантай, албан ёсны эрх үүрэгтэй байгууллага мөн үү гэдгийг судлах хэрэгтэй. Энэ байгууллага үнэхээр ашгийн бус, нийгмийн сайн сайхны төлөө байгууллага мөн үү. Бизнесийн байгууллага байж болно харин тухайн үйл ажиллагаа нь нийгмийн сайн сайхны төлөө, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах уу гэдэг нь чухал юм.

Дараа нь энэ сайн дурын үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр нь яаж явах юм бэ гэдэг мэдээллээ аваад материалаа өгөх хэрэгтэй. Чиний хүссэн ажиллах боломжтой цаг хугацаа тухайн байгууллагын энэ хөтөлбөрт шаардаж байгаа цаг хугацаатай таардаг байвал зүгээр.

YOLO: Сайн дурын ажил хийж бусдад туслах хүсэлтэй мөртлөө өөрийгөө юунд сайн, юунд дуртай гэдгээ мэдэхгүй хүүхдүүд байвал яах вэ? Ийм хүүхдүүд оролцох боломжтой юу?

- Хүүхэд ямар сайн дурын үйл ажиллагаа хийхээ мэдэхгүй байж болно. Энэ тохиолдолд туршиж үзэж болно. Энэ нь чамд туршлага болж ур чадварыг чинь нээж өгч болно.

Сайн дурын үйл ажиллагаанд насны хязгаар бол байхгүй. Манай байгууллагын хувьд хүүхэд хамгааллын чиглэлийн төсөл хөтөлбөрүүдтэй бөгөөд хүүхэд хамгааллын бодлогоо баримтлан ажилладаг. Хүүхдийг туслуулах, хүүхдээр өөрийнх нь чадавхи, нас бие онцлогт нь таараагүй сайн дурын үйл ажиллагаануудад оролцуулахгүй бодлого баримталдаг.

YOLOНарийн ур чадвар шаардахгүй ажлуудаас дурдвал?

- Маш олон ажлууд байдаг. Хүүхдийн хичээлийг нь давтуулах, нөхөн үржихүйн мэдлэгээ хуваалцах, үлгэрлэн дагуулах, санхүүгийн боловсрол олгох гэх мэтээр хүүхдүүд бие биедээ дэмжлэг үзүүлдэг. Амьтанд туслах, байгаль орчноо хамгаалах, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах гэх мэт олон ажил бий.

YOLOОдоо танайд хийгдэж байгаа ямар хөтөлбөрүүд байгаа вэ?

20-с дээш насны хүмүүс хийх боломжтой Edu Volunteer гэх хөтөлбөр байгаа. Хичээлээс завсардсан, сурлагын хоцрогдолтой байгаа бага ангийн хүүхдүүдэд онлайнаар англи хэл, монгол хэл, математикийн хичээл заадаг. Заавал багш шиг байх биш хичээлээ давтах урам зориг, хийх сэдэл өгөх, тогтмол цагт хань болж нөхөрлөдөг. Онцлог нь гурван сарын турш долоо хоногт нэг удаа хоёр цагаас доошгүй ажиллаж чадах уу гэдгээ тооцоолох хэрэгтэй болдог. Хуваарийн дагуу цагаа зарцуулж чадна гэсэн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Учир нь зааж байгаад больчихвол хүүхдийн урам маш их хугардаг.

Health volunteer хөтөлбөр нь хүүхдийн хоол тэжээлтэй холбоотой эрүүл мэндийн зан үйлийг төлөвшүүлэхэд тусалдаг. Манай байгууллага дүүрэг, гэр бүл залуучуудын төвтэй хамтарч тэдгээр байгуулагууддад байгаа дата мэдээллээс ямар айлд дэмжлэг үзүүлэх вэ гэдэг мэдээллээ авдаг. Жишээ нь хүүхэд нь жингийн алдагдалтай байгаа ээж өөрөө зөвшөөрсний үндсэн дээр бидэнтэй хамтарч ажилладаг. Ингээд хүүхдийн жингийн алдагдлыг бууруулахад хамтарч ажиллана. Эхлээд хоолны көүч манай сайн дурынханд энэ хүүхдэд ямар хоол хүнс, бүтээгдэхүүн, эрдэс бодис хэрэгтэй вэ гэдэг сургалт ордог. Үүний дараа жингийн алдагдалтай хүүхдүүдийг жинлэн, хяналт хийж, ээж нартай хамтарч ажилладаг. 14 хоногтоо нэг удаа очиж жинлэж стандартыг үзнэ. Үүнд ажилласнаар сайн дурын ажилтан ч өөрөө хоол тэжээлийн мэдлэгтэй болж, амьдрах ухааны мэдлэг авдаг.

Book love төсөл нь хүүхдүүдийг ном унших дадалд сургадаг. Сайн дурынхан баг болоод ЕБС-ийн сурагчдийг ангиар нь менторлодог. Бид энэ төслөө Чингэлтэй дүүргийн 17 сургууль дээр хэрэгжүүлсэн.  Анх ном ингэж үүссэн, ном гэж юу вэ, яагаад ном унших хэрэгтэй юм гэдэг ойлголтыг суулгадаг.

Харин сурагчид уншсан номоороо бяцхан ном хийж, дараа нь номоо танилцуулдаг.

Анд хөтөлбөр хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай байгаа хүүхдүүдэд гэрт нь айлчлах замаар тодорхой цаг хугацааг хамтдаа өнгөрөөдөг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хэрэгцээ бүр адилгүй. Тухайн хүүхэд зураг зурах сонирхолтой байвал хамтдаа зураг зурах, агаарт гарах, тоглох, ярилцах зэрэг байж болно. Сонгосон айлдаа хоёр хоёроороо очдог. Энэ харилцаанд байх ёстой хэм хэмжээ, мэдэх ёстой зүйлсүүдийг тухайлбал хөгжлийн бэрхшээл гэж юу вэ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хэрхэн харилцах вэ гэдгийг эхлээд сургалтаар авсан байх ёстой.

Манай ажил гэнэт нэг ажил гарч ирнэ гэсэн ойлголт байхгүй тодорхой төлөвлөгөөний дагуу ихэвчлэн гурван сараар ажилладаг. Гурван сар гэдэг нь учиртай аливаа нэгэн үр дүн гарах хугацаа юм. Энэ гурван сард чиний сурах ёстой сургалтын төлөвлөгөөнүүд гарсан байдаг. Сайн дурынхны чөлөөт уулзалтууд, туршлага солилцох уулзалтуудын төлөвлөгөө гарсан байдаг. 14 хоногт нэг удаа сургалт болон уулзалт ээлжлэн явагддаг.

#сайн дурын ажил #сайн дурынхны холбоо