Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах, 130 дугаар бага сургуулийн эцэг эхийн өдөрлөг өнгөрсөн амралтын өдөр болов.
Гурав дахь хичээлийн жилдээ хүүхэд хүлээж авч буй тус сургууль энэ өдөрлөгийг анх удаа зохион байгууллаа. Эцэг эхчүүд нийт арван өртөөгөөр аялж, хагас өдрийг сурагчийн адил өнгөрөөв.
Хүүхдүүдийнхээ сандал дээр багтаж ядан суух ээж аавуудад багш нар хичээл заан, тухайн хичээлээр хүүхэд нь ямар мэдлэг чадвар эзэмшдэгийг тайлбарласан юм.
Ерөнхий боловсролын сургуулиуд шинжлэх ухааны хичээлийг түлхүү заан, хүүхдэд хүн байх учрыг заан таниулдаггүй гэж олон хүн шүүмжилдэг. Тэгвэл иргэний боловсрол хичээлээр хүүхдүүдэд зүрх сэтгэлийн боловсрол олгохыг зорьдог байна. Энэ хичээлээр хүүхэд үнэт зүйлээ олж мэдэн, өөрийгөө үнэлж, шийдвэр гаргахад суралцдаг гэнэ. Сургамжит эх уншуулж, тухайн эхийн талаарх хүүхдүүдийн санал бодлыг сонсон, харилцан яриа хэлбэрээр хичээлийг заадаг гэж багш нар тайлбарлав.
5а ангийн эцэг эхчүүдэд хүүгээ санагалзсан буурал ээжийн тухай эхийг уншиж, санал бодлыг нь сонсов. Ингээд хонх дуугарахад ээж аавууд дараагийн хичээлдээ орсон юм.
Хөгжмийн хичээлээр багш удаан, аяар, лега, легато, бимоль зэрэг хөгжмийн нэр томьёоны утгыг нэг бүрчлэн заав. Тавдугаар ангийн буюу 11 настай хүүхдүүд эгшгийн дуугаралт, хэмнэлийг сонсоод ялгаж сурсан байх учиртай юм байна. Үүнийг хөгжмийг зөв сонсох гэж нэрлэдэг аж. Мөн хөгжмийн хичээлээр дуулах, бүжиглэх, хөгжимдөх ур чадварыг ч эзэмшүүлдэг. Дөнгөж сургуулийн босго алхаж буй зургаан настнуудад хөгжмийн боловсролыг анхлан олгохдоо бүтэн ноотыг нэг алим, хагас ноотыг тал алимтай зүйрлэн заахад хүүхдүүд их хурдан сурдаг гэв.
Багш хүүхдийн дууны ая аялж, “Энэ ямар дууны ая вэ” гэж асуухад нэг аав өөртөө их л итгэлтэйгээр “Маамуу нааш ир” гэлээ. Гэтэл тэр нь хүүхэд бүрийн сайн мэддэг, дуудах дуртай “Гацуурхан” дуу байсан тул бөөн инээдэм болов. Ингэж ээж аавууд сонсголын шалгалтад бүдрэв.
Хөгжмийн багш эцэг эхийн өдөрлөгөөр л уулзсан энэ ховор завшааныг ашиглан, хүүхдүүдийнхээ хөгжмийн хичээлийн гэрийн даалгаварт ч анхаарч, хамт хийж байхыг зөвлөв. Үнэхээр ч бид хүүхдийнхээ зөвхөн монгол хэл, математикийн дэвтрийг сөхөж хардаг, буруу зуршилтай улс.
Монгол хэлний хичээл эхлэхэд багш ээж аавуудаар чээж бичиг бичүүллээ. Дараа нь самбарт зөв эхийг бичихэд олон хүн дуу алдан, гайхацгаав. Хүн бүр дор хаяж 7-8 алдаа гаргажээ.
Багш монгол хэлний эргэлзээтэй бичигддэг 700 үгийн жагсаалтаас зориуд үг сонгон, чээж бичиг бичүүлсэн юм. Олон хүн хуучнаар нь буюу дунд сургуульд заалгаснаараа бичжээ. Шинэ дүрмээр бичих болсон үгсийн улмаас хүүхэд гэрийн даалгавраа хийхдээ гэрийнхэнтэйгээ санал зөрөлдөх тохиолдол их гардаг байна.
Багшийн бичүүлсэн эх (Та энэ эхээр чээж бичиг бичсэн бол яаж бичих байсан бэ?)
Монгол хэлний хичээлээр хүүхдэд зөвхөн зөв бичгийн дүрмийг заадаггүй байна. Аливаа зүйлийн учир шалтгааныг олох, сэдвийн хүрээнд ярьж, бичих, бусдыг сонсож сурах, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үзэл бодол, баримтыг ялгах, бодит явдал, уран сэтгэмжийг ч ялгаж салгахад суралцдаг байна.
Ингээд дүрслэх урлагийн хичээл орох цаг болов. Энэ хичээлээр хүүхдүүд гоо зүйн анхан шатны мэдлэг олж авдаг. “Ахмад” сурагчид үндсэн гурван өнгө, үүсмэл гурван өнгө, эх болон эцэг өнгийг мэдэж авцгаалаа. Монгол Улсын төрийн далбан дээрх улаан, хөх, шар нь үндсэн өнгө гэхээр хүүхдүүд амархан чээжилдэг гэж багш ярив.
Багш ээж аавуудаас эх өнгө, эцэг өнгийг нэрлэнэ үү гэхэд хар бараан өнгийг эцэг өнгө, цагааныг эх өнгө гэж "нэг сурагч" таамгаар хариуллаа. Цагааныг эх өнгө гэх нь зөв юм байна. Харин солонгын долоон өнгийг зураач нар эцэг өнгө гэж нэрийддэг аж. Өнгөний хүрд, өнгөөр өөрийгөө сонжих, уран зураг унших, өөрийн зурсныг тайлбарлах зэргийг зураг, технологийн хичээлээр хүүхдүүдэд заадаг байна. Ээж аавуудыг багт хуваан, цаасан урлал хийлгэж, өрсөлдүүлснээр хичээл өндөрлөв.
Өглөө 10.00 цагт эхэлсэн хичээлийн дундуур үдийн цай амсах боломжийг ч ээж аав нарт олголоо. Тус сургуулийн цайны газрын тогооч цэсээ танилцуулсан юм. Тэрээр хүүхдүүдэд долоо хоногт хоёр удаа махан хоол өгдөг, өвлийн улиралд аарц, аньс буцалган уулгадаг байсан бол одоо тараг өгч эхэлнэ гэв.
Амралтын өдрүүдэд хүүхдүүд гэртээ махан хоол иддэг болохоор даваад хөнгөн хоол өгдөг байна. Бусад цайны газраас ялгаатай нь сонгино, сармиснаас өөр амтлагч огт хэрэглэдэггүй гэнэ. Саяхнаас цэсэндээ пицца нэмэхэд хүүхдүүд амтархан иддэг гэж ярив. Харин ээж аавууд цайны газарт иштэй чихэр худалдахыг зогсоох, оронд нь жижиг савтай сүү, тараг, ааруул гэх мэт цагаан идээ худалдах хүсэлт тавилаа.
130 дугаар бага сургуулийн эцэг эхчүүд нийт арван өртөөгөөр аялсан. Хөгжим, монгол хэл, математик, биеийн тамир гэх мэт хичээлээр нэрлэсэн өртөөнөөс гадна сургуулийн номын сангийн өртөөнд ч саатлаа. Ерөнхий боловсролын зарим сургуулийн адил номын санчийн орон тоог батлаагүй тул архив, бичиг хэргийн ажилтан номын сангаа давхар ажиллуулдаг байна. Энэ өртөөнд эцэг эхчүүдийг хүлээн авсан сургуулийн удирдлага ямар дугуйлангууд ажилладаг, хэчнээн анги, багштай үйл ажиллагаа явуулж байгаагаа танилцууллаа.
Саяхныг хүртэл энэ хороо улсын сургууль, цэцэрлэггүй байв. Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбортой болсноор зөвхөн сургуульд нь 10 бүлгийн 334 сурагч суралцаж байна. Гэвч дунд сургуулийн барилгагүй тул энэ хавар тавдугаар ангиа төгсөх сурагчид өөр сургууль руу шилжихээс аргагүй болжээ. Дунд, ахлах сургуулийн зураг төсөл бэлэн болсон, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барина гэдэг хариултыг салбарын удирдлагууд өгчээ. Энэ хорооноос УИХ-д сонгогдсон Ц.Нямдорж гишүүнд сургуулийн захиргаа шинэ байрны асуудлаа уламжилсан байна. Ирэх хичээлийн жилүүдэд элсэн суралцах хүүхдийн тоо одоогийнхоос ихээхэн өсөхөөр байгаа тул дунд сургуулийн байраа бушуухан бариулахаа яаравчилж байгаа нь энэ юм.
Цаашид эцэг эхчүүдийн өдөрлөгийг тогтмолжуулна гэдгээ Ц.Баярбаатар захирал танилцуулсан. Багш нарынхаа нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлэх, багш-эцэг эх-сургууль гэсэн гуравласан холбоог бий зорилгоор өдөрлөгийг зохион байгуулсан байна. Амралтынхаа хагас өдрийг хүүхдийнхээ сургууль дээр дуулж, тоглож, дасгал хийн өнгөрүүлсэн ээж аавууд ч сэтгэл хангалуун байлаа. Учир нь бид хүүхдийнхээ ангиар л хааяа ороод гарахаас сургуулийн бүх анги танхимтай танилцах, багш бүртэй танилцах боломжгүй байдаг. Харин энэ өдөрлөг багш нартай нүүр тулан уулзуулж, таны хүүхэд ямар чадвар эзэмших ёстойг ойлгуулсан, нөгөөтээгүүр хуучнаа эргэн дурссан, өмнө сурснаа батжуулах боломжийг ч ээж аавуудад олгосноороо онцлог байв.
Сургууль бүхэн ийм өдөрлөг зохион байгуулбал, багш сурагчдын болон багш эцэг эхчүүдийн хооронд гардаг үл ойлголцлыг ч шийдвэрлэж чадах юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх