Disney-н хүүхэлдэйнүүд зөвхөн хүүхэд, багачуудын хайрыг татаад зогсохгүй бид бүгдийн бага насны дурсамжтай салшгүй холбоотой байсаар ирсэн. Пинокио, Тоглоомын түүх, Цасан гоо, Үнсгэлжин, Үзэсгэлэнт гүнж ба Жонон, Бяцхан лусын дагина-аас авахуулаад хамгийн сүүлд гарсан “Энканто” ч олон нийтийн хайрыг хүртэж, сэтгэлд нь уяатай болсон билээ.
Харин эдгээр гайхалтай хүүхэлдэйнүүд нь ихэвчлэн өмнө нь бичигдэж байсан зохиол, гарч байсан хүүхэлдэйн кинонуудаас тодорхой хэмжээгээр санаа авсан байдаг ба зарим нь бүр жижиг өөрчлөлттэй “хуулбар”-ууд байдаг юм.
Walt Disney-н хамгийн өндөр амжилт олсон бүтээлүүдийн жагсаалтыг бүхэлдээ “Disney-н гүнжүүд” шил шилээ даран жагсаж бүрдүүлдэг. Учир нь “Disney-н гүнжүүд” хамгийн их орлого олсноос гадна үзэгчдийн сэтгэлд хүчтэй хүрч чадсан, хүн бүрийн мэддэг, хоногшсон дүрүүдтэй бүтээлүүд байдаг.
Харин уг үлгэрүүдийн анхны буюу Disney-н эх сурвалжаа болгож ашигласан хэлбэрүүд нь бидний багадаа үзэж өссөн тэр гоё хүүхэлдэйнүүдээс бага зэрэг өөр, зарим нь бүр эвгүй хэсгүүдтэй байдаг гэдгийг мэдэх үү? Ингээд “Disney-н гүнжүүд”-ийн эх хувилбаруудаас хүргэж байна.
1. Үнсгэлжингийн хойд эгч нар хөлийн хуруугаа тайрдаг
Бидний мэдэх классик Үнсгэлжингийн үлгэрийн анхны хэлбэр нь МЭӨ 850 онд Д Уан Ченг нэртэй хятад зохиолчийн бичсэн “Y Эр-Х Иан” нэртэй зохиол байсан юм. Энэ үлгэр нь Disney-ийнхээс ялгаа багатай ч зарим нэг ойлгомжгүй асуудлуудыг тайлбарлаж өгдөг. Үүний нэг нь яагаад Үнсгэлжингийн шаахай тосгон дахь өөр нэг ч охины хөлд таараагүйн талаар юм. Анхны үлгэр бичигдэх үед Хятадад охидын хөлийг багаас нь хүчтэй боож, байж болох хамгийн жижиг хэмжээтэй байлгах уламжлалтай байсан юм. Энэ нь өөрөө гоо үзэсгэлэнгийн хэмжүүр байсан ба 10 см нь байж болох хамгийн үзэсгэлэнтэй хөлний хэмжээ. Тиймээс ч Үнсгэлжин нь хамгийн жижиг хөлтэй учир маш үзэсгэлэнтэй болж бичигдсэн байдаг.
Харин Disney-н гол эх сурвалжаа болгож ашигласан хувилбар нь дээрх анхны зохиолоос хавь илүү аймшигтай байсан. Европд бичигдсэн энэ анхны хувилбарын ихэнх детайл нь ижилхэн ч Үнсгэлжингийн хойд эгч нар нь шаахайд хөлөө багтаахын тулд хөлнийхөө эрхий хурууг тайран хөлөө багтааж чаддаг. Гэсэн хэдий ч хааны туслах шаахай дээр үлдсэн цусны мөрийг анзаарснаар үлгэр Үнсгэлжингийн жаргалтай төгсгөлөөр төгсдөг аж.
2. Цасан гоо цус сорогч байдаг
Цасан гоогийн үлгэрийн анхны хувилбар нь бидний мэдэх хувилбараас илүү урт байдаг ба Цасан гоо цус уудаг мангас гэдэг тухай илүү дэлгэрэнгүй гардаг байна. Энэ хувилбарт Цасан гоогийн хойд эх охиноо хороохыг завдсан шулам биш, харин нөхрөө цус сорогч мангасаас аврахыг хичээж буй сайн эхнэрийн дүрээр гардаг. Эл зохиолд Цасан гоо хаан аавынхаа цусыг ууж амь зуудаг муу дүрээр бичигдсэн байдаг гээд бод доо. Төсөөлөхөд бэрх байгаа биз?
3. Ариэл далайн замаг болдог
Эх хувилбар нь мөн Disney-н хувилбартай маш төстэй боловч төгсгөлөөрөө л ялгарна. Ариэлийн далайн шуламтай хийсэн гэрээ нь ханхүүг өөртөө дурлуулж чадахгүй бол далайн замаг болох байдаг. Disney-н хувилбар нь ханхүү далайн шуламд хууртаж, дараа нь Ариэлд хайртайгаа мэдэрч аз жаргалтай төгсдөг бол, анхны үлгэрт ханхүү лусын дагиныг дүүгээ мэт хүлээн авч, өөр нэгэн бүсгүйтэй хуримаа хийдэг. Мөн энэ үед лусын дагинын эгч, дүү нар ханхүүг хороож буцаж лусын дагина болох боломж гаргаж өгдөг боловч, эцэст нь лусын дагина далайн замаг болох сонголтыг хийдэг. Гунигтай биш гэж үү?
4. Рапунзелийн ханхүү сохордог
Рапунзел, цамхгийн хажуугаар явж өнгөрсөн ханхүү хоёр бие биендээ дурладаг ба хэсэг хугацааны дараа цамхаг дээрх шуламд баригдаж Рапунзелийн үсийг тайран цамхгаас хөөдөг. Үүний дараа шулам Рапунзелийн үсийг ашиглан ханхүүг хуурч цамхаг руу гаргаж ирснийхээ дараа цамхгаас түлхэж улмаар хоёр мөчир ханхүүгийн нүдийг хараагүй болгодог байна.
Эдгээрээс харахад дахиад л гунигтай төгсөх юм шиг санагдаж байгаа боловч хэдэн жилийн дараа Рапунзел, ханхүү хоёр дахин учирдаг. Тухайн үед Рапунзел хоёр ихэр хүүхэд төрүүлсэн байх ба түүний нулимс ханхүүг хараа оруулж аз жаргалтай төгсдөг. Disney-н хүүхэлдэйнүүдээс Рапунзел илүү анхны хувилбартайгаа төстэй байсан юм.
5. Нойрсож буй гүнжийг ханхүү бус хүүхэд нь авардаг
Энэ үлгэрийн Анхны хувилбар нь бидний мэдэх хувилбар шиг “жинхэн хайр”-ыг гол сэдвээ болгож ашиглаагүй. Бүр тэрнээс илүү аймар, эвгүй хэсгүүдтэй байдаг. Зохиолд ханхүү нь хархүү бус нас бие гүйцсэн хаан байдаг ба Нойрсон буй гүнж нь нойрсож байх үедээ төрүүлсэн хүүхдийнхээ тусламжтайгаар сэрдэг. Хүүхэд нь эхийнхээ хурууны завсар орсон байсан зүүг хоол хайж явахдаа сорч гаргаж авдаг гээд бод доо.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх