Орон гэргүй Камерун хүү Фрэнцис Нганну UFC-ийн аварга болсон түүх


Б. Ирээдүй | YOLO.MN
2021-04-12

Африкийн ядуу буурай Камерун улсад төрсөн Фрэнцис Нганну дөнгөж 10 настайгаасаа хүнд хүчир ажил хийж гэр бүлдээ бага ч гэсэн тусалдаг болжээ. Хэдий ажил хийсэн ч хичээлийн хэрэглэл авах мөнгөгүй, сургуулийн дүрэмт хувцсаа ажил хийхдээ өмссөөр байгаад цоорч урагдсан хувцастай явдаг байлаа.

Африкийн ядуу буурай орнуудын талаар Нганну хэлэхдээ “Хүүхэд төрөхөөсөө өмнө амьдралаа алдчихсан юм шиг л” гэж дүгнэсэн байдаг. Камерунд бүх хүн зутруу амьдарч байна уу? гэхээр Нганнугийн сургуулийн хүүхдүүд, ангийн найзууд нь дажгүй нөхцөл байдалд байгаа нь Нганнуд амьдралаа зүхэхэд хүргэсэн нь гарцаагүй.

Ямар сайндаа л “Би хүүхэд насаа хүүхэд шиг өнгөрөөлгүй алдчихсан” гэж хэлэх вэ дээ. Тэндэхийн бүх хүмүүс урсгалаараа амьдарч дуусдаг. Өөрөөр хэлбэл баян хүмүүс нь баян хэвээр, ядуучууд нь ядуугаараа дуусдаг гэсэн үг.

Мөрөөдөлгүй, мөрөөдлөө алдсан, мөрөөдөл гэж юу байдгийг ч мэдэхгүй амьдралд нухлагдсан хүмүүс гэвэл яг таарах юм байна. Ажил хийж гэр бүлдээ нэмэр болохын тулд сургуулиасаа гарч амьдралын төлөө тэмцсэн ч өдрийн хоолны төлөө ажиллахаас хэтэрсэнгүй.

Гэхдээ Нганнуд бусад хүмүүсийг бодвол нэг сайн тал байсан нь мэргэжлийн боксчин болох мөрөөдөлтэй байлаа. Ойр тойрныхондоо хэлтэл “Чи чинь галзуурчхаа юу, урдах ажлаа дуугүй хий” гэдгээс өөр зүйл сонссонгүй. 

Бусад шиг урсгалаараа амьдралгүй, мөрөөдлөө дагахаар шийдсэн Нганну гэрээсээ явахаас өмнө ээжийнхээ хажууд гэрээсээ гаралгүй гурван долоо хонолоо. Одоо яваад дахиж хэзээ ч ээжтэйгээ уулзаж чадахгүй байж магадгүй гэж бодсондоо сүүлийн удаа ээжтэйгээ хамт байхыг хүссэн хэрэг.

Хууль бусаар Мароккод очсон ч Камерунд байсан амьдралаас нь дордсон уу гэхээс дээрдсэн зүйл юу ч байсангүй. Хууль бусаар Мароккод ирсэн болохоор цагдаад баригдах юм бол Камерун руу явуулна, эсвэл шоронд хорино.

Цагдаад баригдахгүйн тулд хэсэг хүмүүстэй бутан дунд хононо, орой үдэш супермаркет, зоогийн газруудын хогийн цэгээс идэх юм олж амьдарч байсан нь айлгахаас илүү стрессдүүлж байсан гэдэг. Ингэж явсаар нэг жилийн дараа Францад ирж чаджээ.

Бутан дунд хууль бусаар унтдаг байсан Нганнуд Францын цэцэрлэгт хүрээлэнд унтах таван одтой зочид буудал шиг гэж хожим нь ярьсан байдаг. Мөн л зоогийн газрын хогоос тахианы мах, төмс олж иднэ. Марокког бодвол хөгжил сайтай улсад ирсэн болохоор цэцэрлэгт хүрээлэнгүүд олон.

Францад ирснээс хойш тулааны бэлтгэлийн танхимд очин боксчин болмоор байгаа талаараа хэлтэл дасгалжуулагчид нь ярилцаад “MMA-ээр тулалдах уу?” гэж асуужээ. Зөвхөн боксчин болохоор ирсэн Нганну тулалдах байтугай MMA буюу холимог тулааны талаар ямар ч зүйл мэдэхгүй байсан гэдэг.

“Үгүй ээ би боксчин л болно” гэж хариулсан Нганну анх боксчин болох мөрөөдөлтэй болсноос хойш даруй арван жилийн дараа фитнес дээр бэлтгэл хийхээр очжээ. Нэг удаа хэрвээ өрсөлдөгчөө ялж чадвал 2 мянган ам.долларын шагнал авна гэдгийг сонсоод бушуухан ээж рүүгээ утсаар залгаж “ээжээ! хүү нь тулаанд ялж 2 мянган доллар аваад оройн зоогт орох нь” гэж баярлан хэлж байсан гэдэг.

Орох орон байтугай идэх хоолгүй байсан болохоор ингэж баярлах нь ч аргагүй байх. Бокс биш холимог тулаанаар хичээллэж эхэлсэн Фрэнцис Нганну хүнд цохилтуудаараа өрсөлдөгчдөө ялсаар өнөөдөр 34 настайдаа дэлхийн хамгийн нэр хүндтэй UFC холбооны хүнд жингийн аварга болж чадлаа. Хөдөлмөр, мөрөөдөл нь түүнийг ядуу Камерун хүүгээс UFC-ийн аварга болголоо.

Алдартай тулаанч болсныхоо дараа Фрэнцис Нганну ээжтэйгээ уулзаж, нутагтаа холимог тулаан, боксын бэлтгэлийн танхимууд барьж, зөвхөн тулааны спорт гэлтгүй Европ руу явж мөрөөдлөө биелүүлэх хүсэлтэй хүүхдүүдэд тусалдаг сан байгуулжээ.

Одоо Африк хүүхэд ойр дотнынхондоо Холимог тулаанч, боксчин болох мөрөөдөлтэйгөө хэлбэл Нганну чадсан юм чинь чи ч чадна гэж дэмжих нь гарцаагүй. Нганну өөрийн мөрөөдлийн төлөө тэмцэж амжилт олж чадсан нь олон бяцхан хүүхдүүдийн мөрөөдлийн галыг нээсэн биз ээ.

Эх сурвалж: MMASucka

#Спорт #Тамирчин #UFC