Бүх цаг үеийн хамгийн шилдэг 10 анимейшин


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-03-25

Таны бодлоор бүх цаг үеийн шилдэг анимейшин гэвэл ямар кино байх вэ? Хүн бүр л өөр өөр өнцгөөс, олон кино нэрлэх байх. Тэгвэл өнөөдрийн нийтлэлээр бүх цаг үеийн хамгийн шилдэг гэгдэх 10 анимейшинг танилцуулъя.

Энэхүү жагсаалтыг хэн нэгний хувийн үзэл бодол бус, үзэгчдийн санал асуулга болон кино шүүмжлэгчдийн үнэлгээнд үндэслэн гаргасан бөгөөд хүүхэлдэйн киноны түүхэнд томоохон нөлөө үзүүлсэн бүтээлүүдийг онцлон дурджээ. Мөн олон арван жилийн өмнө гарсан ч мартагдаагүй, өнөөг хүртэл үзэгчдийн сэтгэлд хоногшсоор байгаа нь эл жагсаалтад багтах хамгийн чухал шалтгаан болох юм. Ингээд жагсаалттай хамтдаа танилцацгаая.

 10. Shrek (2001)

IMDB үнэлгээ: 7.9/10

“Shrek” нь Оскарын “Шилдэг анимейшин кино” шагналыг хүртсэн Dreamworks компанийн анхны бүтээл юм. Нээлтээ хийсэн цагаасаа хойш дэлхий даяар 487 сая ам доллар /өнөөгийн монгол ханшаар ойролцоогоор 1.68 их наяд төгрөг/-ийн ашиг олж байжээ.

Киноны үйл явдалд аварга ногоон биет Шрек өөрийн нам гүм амьдралаа хадгалж авч үлдэхийн тулд галт луугаар хамгаалуулсан Фиона гүнжийг аврах даалгавартай болно. Гэвч энэ аялал түүнийг жинхэнэ нөхөрлөл, хайр дурлал, өөрийгөө хүлээн зөвшөөрөхийн үнэ цэнийг ухаарахад хүргэнэ. 

Энэхүү анимейшин нь энгийн л нэгэн хүмүүсийн хайр дурлалын асуудал бус аварга том ногоон мангасын түүхийг өгүүлж буйгаараа бусад анимейшнаас онцлогтой. Ийм шинэлэг дүр төрх, өгүүлэмжийг илэрхийлсэн учир тухайн үедээ хамгийн шилдэг киногоор нэрлэгдэж байсан юм.

9. Toy Story (1995)

IMDB үнэлгээ: 8.3/10

Хүүхэд бүрд өөрийн гэсэн хайртай тоглоомууд бий. Гэтэл тэд таны эзгүйд хөдөлж, хоорондоо ярилцдаг, бүр цаашлаад сайн найзууд байвал яах вэ? Энэхүү сонирхолтой санааг Pixar студи хэрэгжүүлж, хамгийн анхны компьютерын 3D технологи ашиглан “Toy Story”-г бүтээсэн байдаг. Үзэгчдэд хүрсэн цагаасаа эхлэн алдаршиж, дэлхий дахинаа 373 сая ам доллар ашиг олж байжээ.

Өнөөг хүртэл цувралын дөрвөн анги цацагдсан хэдий ч мэргэжилтнүүд, үзэгчид дуу нэгтэйгээр хамгийн эхний анги нь шилдэг хэмээн тодорхойлдог аж.

8. Fantasia (1940)

IMDB үнэлгээ: 7.7/10

Тус анимейшныг бараг ихэнх нь үзээгүй байх. Учир нь Fantasia анимейшин нь 1940 онд үзэгчдийн хүртээл болж байсан бөгөөд үзэгчдийн дунд тийм ч алдартай байгаагүй аж. Гэсэн хэдий ч хамгийн анх хүүхэлдэйн киног сонгодог урлагийн хөгжимтэй хослуулсан нь кино урлагт цоо шинэ өөрчлөлт авчирч байжээ. Энэ утгаараа тэрээр бүх цаг үеийн шилдэг жагсаалтад багтаж байгаа юм. Кино ихэвчлэн сонгодог хөгжмийн аялгуу болон Мики Маусын төсөөллөөр үйл явдал өрнөдөг.

7. Finding Nemo (2003)

IMDB үнэлгээ: 8.2/10

Pixar болон Walt Disney кино компанийн хамтын бүтээл болох эл анимейшин нь тэнгис далайн нууцлаг амьдралыг харуулдаг. Тэнгисийн хөндийд аав, хүү хоёр загас байх ба хүмүүстэй л адил амьдарч, сургууль, цэцэрлэгтээ явна. Гэтэл сониуч зангаасаа болж Nemo хүү төөрнө. Хүүгээ олохын тулд бүхий л адармаат замыг туулж буй аав, тулгарч буй саад бэрхшээлээ өөрийн хүчээр даван туулж буй хүү хоёрын сэтгэл хөдөлгөм түүхийг бид энэхүү хүүхэлдэйн киноноос харж болно.

“Finding Nemo” нь нийт 940 сая ам долларын ашиг олж, мөн Оскарын “Шилдэг анимейшин кино” төрөлд шагнал хүртжээ.

6. Bambi (1942)

IMDB үнэлгээ: 7.3/10

Байгаль орчин, ан амьтнаа хайрлах, бидний санамсаргүй алдаа хэн нэгэнд ямар том гай болдгийг “Bambi” анимейшин хамгийн сайн харуулсан болов уу. Тус кино нээлтээ хийж, үзэгчдэд хүрснээс хойш хүмүүс эх дэлхийгээ арай өөр нүдээр харж, хүн гэдэг амьд биетээс өөр ан амьтан, ургамал ногоод ч амьдрал байдаг гэдгийг ойлгуулжээ. “Bambi” дөнгөж гарч байсан үедээ нээх их орлого олоогүй ч, жил ирэх тусам тэрхүү бүтээлийг үзэх хүмүүс нэмэгдсээр нэлээдгүй ашиг олсон байна.

Кино Бемби хэмээх шинэхэн төрсөн бугын түүхийг өгүүлнэ. Тэрээр ээж, аавтайгаа хамт байгальд амьдарч, эх дэлхийдээ дасан зохицон шинэ зүйлс сурдаг. Гэтэл ойн анчин Бембигийн ээжийг буудаж хороосноор хөөрхий хүү аавтайгаа хоёулхнаа үлдэнэ.

5. Beauty And The Beast (1991)

IMDB үнэлгээ: 8/10

1991 он хүртэл Disney компани 30 гаруй киног үзэгчдийн хүртээл болгосон ч хамгийн анх Оскарт нэр дэвшсэн анимейшин бол “Beauty and the Beast” байсан юм. Араатан ба үзэсгэлэнт бүсгүйн хайр дурлал. Бодит амьдрал дээр бараг л боломжгүй зүйл. Гэтэл Disney үүнийг кинондоо тусгаж, илүү шинэлэг санаагаар баяжуулан олонд хүргэсэн нь дэлхий дахинаа алдаршуулжээ.

Одоог хүртэл үзэгчдийн хамгийн хайртай, шилдэг кинонуудын нэг байгаа тэрээр цаашдаа ч шилдэг гэсэн жагсаалтаас гарахгүй л болов уу.

4. Sleeping Beauty (1959)

IMDB үнэлгээ: 7.2/10

Энэхүү анимейшин нь үзэсгэлэнт гүнж Аврорагийн түүхийг өгүүлнэ. Түүний төрсөн өдрөөр хорон санаат Малифисент 16 нас хүрэх өдрөө эрхий хуруугаа ээрүүлийн үзүүрт хүргэж, үүрд нойрсоно хэмээн хараал хийдэг. Хараалыг арилгах цорын ганц арга бол жинхэнэ хайрын үнсэлт.

“Sleeping Beauty” анх нээлтээ хийхдээ 6 сая ам доллар буюу тухайн үедээ нэлээн өндөр өртгөөр бүтэж байсан тул киног бүтээгчид гаргах эсэхдээ багагүй эргэлзсэн гэдэг. Гэсэн хэдий ч гайхамшигтай түүхийг зүгээр хаяхгүйн тулд үзэгчдийн хүртээл болгосон ба үүнээс хэдхэн жилийн дотор нийт 52 сая ам долларын ашиг олж байжээ. Хэрвээ та бүгд санаж байгаа бол 2014 онд эл анимейшин бүрэн хэмжээний кино болон дэлгэцнээ гарсан билээ. Малифисентын дүрд жүжигчин Angelina Jolie тоглосон нь илүү их алдартай болгосон юм.

Сонирхуулахад Аврора гүнж Диснейн бусад гүнжүүдээс хамгийн бага буюу кинондоо 18 минут л гардаг аж.

3. Spirited Away (2001)

IMDB үнэлгээ: 8.6/10

Жагсаалтад багтсан цорын ганц Япон анимейшин бол “Spirited Away”. Эл кино нь энгийн л нэг хүүхэлдэйн кино мэт боловч хүний хүсэл шунал, нийгмийн өөрчлөлт, хүүхэд насны гэнэн цайлган зан чанарыг гүн гүнзгий утга санаагаар харуулдаг. Тиймээс дан ганц хүүхэд бус, насанд хүрэгчид ч үзэж болох юм. Үүнийг хамгийн алдартай Япон анимейшнуудын нэг хэмээн хэлж болох ба нийтдээ 383 сая ам долларын ашиг олжээ.

Киноны үйл явдалд бяцхан охин Чихиро эцэг эхтэйгээ шинэ газар руу нүүх замдаа нууцлаг рашаан сувилалд ирнэ. Гэтэл санамсаргүй байдлаар ид шидийн ертөнцөд гацдаг. Түүний эцэг, эх гахай болж хувирснаар Чихиро эцэг, эхээ аврах мөн өөрийн жинхэнэ нэрээ мартахгүйн тулд төрөл бүрийн сүнс, бурхад, шидтэнүүдтэй тэмцэлдэж буйгаар үйл явдал өрнөнө.

2. Pinocchio (1940)

IMDB үнэлгээ: 7.5/10

Далайн давлагаа, тэнгэрийн оддын гялбаа, модон хүүхэлдэйн уян хатан хөдөлгөөн зэргийг тухайн үеийн хамгийн дэвшилтэт тусгай эффектийг ашиглан хийсэн нь нэлээдгүй шинэлэг туршилт болж байжээ. Мөн киног нээх үед дэлхийн II-р дайн болж байсан учраас өндөр ашиг олж чадаагүй ч хэдхэн жилийн дараа 164 сая ам долларын цэвэр ашиг олж байсан гэдэг.

“Pinocchio” хүн болохыг мөрөөдсөн модон хүүхэлдэй Пиноккиогийн түүхийг өгүүлнэ. Хэт их сайхан сэтгэлтэй, гэнэн байх нь бусдын нөлөөнд автах эцэстээ өөрийгөө маш том аюулд оруулж болзошгүйг анхааруулсан ба үүнээс ч олон амьдралын чухал сургамжийг харуулсан байдгаараа онцлогтой.

1. Snow White and the Seven Dwarfs (1937)

IMDB үнэлгээ: 7.6/10

Орчин үеийн хүүхэлдэйн киноны түүхийг “Snow White and the Seven Dwarfs” киногүйгээр төсөөлөх аргагүй. Walt Disney-н уран сэтгэмж, гайхалтай зохиолоор дэлгэцнээ амилсан энэхүү бүтээл нь дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний өнгөт анимейшин юм. .

Кино 1.5 сая ам долларын өртгөөр хийгдэн 1937 онд нээлтээ хийж, 8 сая ам долларын ашиг олсон нь тухайн үеийн ханшаар асар өндөр үзүүлэлт байсан гэдэг. Сүүлд 2022 онд Америкийн Конгрессийн номын санд хадгалагдах соёл, түүх, урлагийн ач холбогдол бүхий бүтээлүүдийн нэгээр нэрлэгдсэн бөгөөд өнөөдөр ч Disney-н хамгийн алдартай кинонуудын нэг хэвээр байна.

Эх сурвалж: Parade.com

#анимейшин