Дэлхийн дээд амжилтыг тогтоосон 15 НАСТАЙ УРАН ГУЛГАГЧ Алинатай танилц


Г.Ариунзул | YOLO.MN
2018-03-05

Өвлийн олимпийн хамгийн үзүүштэй, сэтгэл догдлуулсан төрөл бол яах аргагүй уран гулгалтын төрөл юм. Пёнчаны олимпийн эмэгтэйчүүдийн уран гулгалтын богино үзүүлбэрт ОХУ-ын тамирчин Алина Загитова  82,92 оноогоор тэргүүлж, дэлхийн дээд амжилтыг тогтоосон. Харин уран гулгалтын хатан хаан гэгддэг ОХУ-ын тамирчин дэлхийн хошой аварга Евгения Медведева одоогийн байдлаар хоёрт бичигдэж байна. Дээрх 2 тамирчин нь нэг дасгалжуулагчийн шавь бөгөөд тэд амьдрал дээр сайн найзууд.

Ингээд ОХУ-ын уран гулгалтын шинэ од Алина Загитоватай танилцацгаая.

Алина Загитова нь спортын мастер цолтой, уран гулгалтын ганцаарчилсан төрөлд ихээхэн амжилтад хүрч яваа залуу тамирчин юм. Тэрээр 2002 оны тавдугаар сарын 18-нд  Ижевск хотод төрсөн татар үндэстэн. Загасны орд. Түүний өндөр 152 см.

Алина Загитова нь таван настайгаасаа эхлэн уран гулгалтаар хичээллэсэн бөгөөд түүний ээж нь уран гулгалтын тамирчин болох мөрөөдөлтэй байсан. Тиймээс охиноо энэ спортод оруулсан гэдэг. Алина Загитовагийн дүү Альбина Загитова мөн уран гулгалтаар хичээллэдэг. Алинагийн аав нь Хоккейн багийн алдарт дасгалжуулагч юм.

Тэрээр 10 нас хүртлээ нэг ч удаа шагналт байр эзэлж байгаагүй. Гэвч Загитова энэ спортын ертөнцөд өөрийгөө зориулж хичээнгүйлэн тэмцсэн. Түүнд ээлж дарааллан осол гэмтэл тохиолдож байсан. Гэвч хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр дахин гулгаж эхэлсэн.

Алина хэд хэдэн удаа өөрийнхөө сонирхлоос татгалзахад хүрч байсан ч яваандаа хобби нь амжилтад хүргэж болохыг тэрээр ойлгосон.

Европт болсон нэг тэмцээний үеэр уран гулгалтын алдарт дасгалжуулагч Этери Тутберидзетэй танилцжээ. Хожим нь тэрээр түүний багт орж хүслээ биелүүлжээ.

2016 оны хоёрдугаар сард Оросын аварга шалгаруулах тэмцээнд Алина анхны тоглолтоор шүүгчдийг хүнд үзүүлбэр, үсрэлтүүдээрээ гайхшруулж байсан. Алинаг үзүүлбэрийн гүйцэтгэл, техникийн үзүүлэлтээрээ бусдаас илүү гэдэг.

Өсвөрийн дэлхийн  хошой аварга тэрээр өсвөрийн тэмцээний бүх төрлийн хамгийн өндөр онооны дээд амжилтуудыг эзэмшдэг, 2017 оны Оросын шилдэг тамирчин юм.

Алина Загитова нь өнгөрсөн оны есдүгээр сараас насанд хүрэгчдийн тэмцээнд өрсөлдөж эхэлсэн бөгөөд анхны тэмцээнүүдээсээ л Гран При шагналуудыг нь "түүж" байв. Өнөөг хүртэл түүний гаргасан хамгийн дээд амжилт нь европын  аваргын 80.27 онооны үзүүлэлт байсан юм.

Тэрээр олимпийг шинэ рекордыг тогтоосныхоо дараа "Би дэлхийн дээд амжилтад  хүрнэ гэж төсөөлөөгүй. Маш их баяртай байна. Миний үзүүлбэр дэлхийд хамгийн хүнд гэдгийг бүгд мэднэ. Медведева бид хоёр сайн найзууд гэдгийг юун түрүүн хэлмээр байна. Гэхдээ спорт бол спорт. Чөлөөт үзүүлбэрээ сайн хийх болно" гэсэн юм.




#Alina Zagitova #Winter Olympics