-Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөгөөс бэлтгэсэн сурвалжлага-
"Дэлхийн боловсролыг Монголд" гэх уриагаараа маш олон хүүхдүүдийн сонирхлыг татсан Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн “Хаалга нээлттэй” өдөрлөг өнгөрсөн Бямба гаригт буюу 2017 оны арван нэгдүгээр сарын 18-нд тус сургуулийн хотхонд болсон юм.
Тус өдөрлөгт 160 гаруй сурагч, эцэг эх, багш нарын хамт хүрэлцэн ирж, сургуулийн үндсэн хичээлийн байр болон дотуур байртай танилцаж, монгол, гадаад багш нарын танилцуулга хичээлүүдэд сууж, өөрсдийн сонирхож буй инженерийн мэргэжлийн чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
Улаанбаатар хотоос 35 км-ийн зайд буюу Налайх дүүрэгт байрлах тус их сургууль нь нийт 128 оюутантай бөгөөд дотоод, гадаадын нийт 54 багш, ажилчидтай. Монголдоо анхдагч гэх тус сургуулийн хотхон нь үндсэн хичээлийн байр, 160 оюутны багтаамжтай дотуур байр зэргээс бүрджээ. Мөн удахгүй шинэ дотуур байр, спорт заал зэрэг хотхоны сайжруулалттай холбоотой бүтээн байгуулалтууд хийгдэнэ хэмээн тус сургуулийн захиргаа онцоллоо.
МГТИС-ийн тохилог хотхоноос илүү чанартай сургалтын хөтөлбөр нь олон олон сурагч, эцэг эхчүүдийн анхаарлыг татаж байлаа. Герман улсын инженерийн боловсролын хөтөлбөрт суурилсан сургалтын хөтөлбөртэй тул төгсөгчид Европын холбооны улсуудад ажиллах боломжтой аж. Мөн бүх хичээл нь англи хэл дээр явагддаг ба оюутнууд Герман хэлийг давхар судалдаг учир "хос хэлтэй" төгсөх боломжтой.
Монгол, Герман, Канад, Америк багш, профессорууд хичээл заахаас гадна тэд сурагчдынхаа хажууд дотуур байранд амьдардаг учир "хэзээ ч ороод хичээлээ асуух боломжтой нь гоё байдаг" гэж оюутнууд хэлж байлаа.
Харин номын сангийн хувьд нийт 5000 гаруй номтой ба үүний 90 хувь нь англи хэл дээрх ном эзэлдэг байна. Мөн хими, физик, боловсруулалт, материал судлал, компьютерийн бүрэн тоноглогдсон лабораториуд нь үргэлж оюутан бүрд нээлттэй байдаг гэдгийг онцолж байлаа.
МГТИС-ийн оюутны зөвлөлийн дарга Б.Номуун:
YOLO: Бүх хичээл нь англи хэл дээр явагддаг учир англи хэлэндээ тааруу хүүхэд хэрхэн элсэн суралцах боломжтой вэ?
-Англи хэлний болон суурь хичээлийн мэдлэгтээ санаа зовж байгаа бол манай сургууль инженерийн бэлтгэл анги санал болгодог. Англи хэл, Математик, Физик, Хими гэх суурь хичээлүүдийг заахаас гадна инженерийн бакалаврийн хөтөлбөртөө бэлтгэдэг анги гэсэн үг. Төлбөрийн хувьд гурван сая 500 мянган төгрөг.
Хугацаа нь нэг жил юм. Харин манай бакалаврын хөтөлбөрийн нэг жилийн сургалтын төлбөр нь долоон сая төгрөг байдаг. Бусад их дээд сургуультай харьцуулахад өндөр төлбөртэй хэдий ч төгсөгчид маань Англи, Герман хэл эзэмшихээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдөа дипломтой төгсөж, дэлхийд өрсөлдөх инженеер болно гэдгээрээ онцлог. Товчхондоо гадаадад өндөр зардлаар эзэмших инженерийн мэргэжлийг эх орондоо бага зардлаар эзэмшинэ гэсэн үг.
YOLO: Сурагчдын тэтгэлэг авах боломжийн тухай дэлгэрэнгүй танилцуулбал?
- Анх элсэхдээ сургуулиас авдаг элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан сурагчид тэтгэлэгт хамрагдах боломжтой мөн урлаг, спортын авьяастай, нийгмийн идэвхтэй болон амжилттай суралцаж буй оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөрүүд үргэлж нээлттэй байдаг. Жишээ нь Германы эрдмий солилцооны албаны (DAAD) тэтгэлэгт хамрагдаад төлбөрөө 100 хувь чөлөөлүүлэхээс гадна сар бүр 200 еврогийн тэтгэмж авах боломжтой.
YOLO: Дэлхийн боловсролыг Монголдоо гэх уриатай үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ, яг сургалтын хөтөлбөрийн тухайд дэлгэрэнгүй танилцуулбал?
-Манайх сургалтын хөтөлбөрөө Германы инженерийн сургалтын хөтөлбөрт тулгуурлаж боловсруулдаг. Тийм учраас төгсөгчдөд маань Европ дахь ажлын байрнуудын үүд хаалга нээлттэй гэсэн үг. Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт ирээдүйд хамгийн их эрэлттэй байх 20 ажлын байрыг судалж, сургалтын хөтөлбөрүүдээ гаргасан. Одоогийн байдлаар дөрвөн бакалаврын хөтөлбөр, нэг магистр, нэг инженерийн бэлтгэл хөтөлбөрийг элсэгчдэд санад болгож байна.
Мөн манайх амжилттай суралцсан оюутнуудаа Герман, Хятад улсын хамтрагч сургуулиуд руу явуулж, зуны дадлагат гаргадаг. Цаашид академик хамтрагчуудаа нэмж, хамтын ажиллагаагаа өргөсгөхөөр төлөвлөж байна.
Өдөрлөгт ирсэн 12-р ангийн сурагч: Р.Сондор
-"Сурагчид элсэх гэж буй сургуулийнхаа тухай сайн мэдэхгүй байж байгаад элчихдэг болохоор буруу сонголт хийх, сонголтдоо харамсах тохиолдлууд олон гардаг. Харин өнөөдрийн үйл ажиллагаа шиг их сургуулиуд ингэж хаалгаа нээн, сургуулийнхаа тухай болон бэлтгэдэг мэргэжлүүдийнхээ тухай дэлгэрэнгүй танилцуулж өгвөл зүгээр юм байна. Энэ сургуулийн хувьд хотын захад байрладаг, сургуулийн хажууд дотуур байранд амьдарч, суралцана гэдэг илүү сайн төвлөрч суралцах боломжтой юм шиг санагдаж байна. Мөн Англи, Герман хэлийг суралцах боломжтой нь таалагдлаа."
Өдөрлөгт ирсэн 12 ангийн сурагч: А.Эрболд
-"Яг ямар мэргэжил сонирхож байгаад нь тохируулан дэлгэрэнгүй мэдээлэл олгож байгаа нь маш талархууштай санагдлаа. Мөн хотхон сургууль гэдэг нь сонирхолтой байсан, хичээлдээ илүү цаг гаргах боломжийг нээж өгч байна гэж бодож байна. Ер нь иймэрхүү өдөрлөгүүд цаашдаа олон зохион байгуулагдаж байвал гоё юм байна."
Элсэлтийн шалгалтын журам:
-Жил бүрий тавдугаар сард нэгдсэн журмаар хот, орон нутгуудаар шалгалтыг авдаг.
-Ганцхан ерөнхий эрдэм, ЭЕШ-ын дүн чухал биш бөгөөд Физик, Хими, Математик, Англи хэл гэсэн хичээллүүдийн аль нэгэн дээр нь 500-аас дээш оноо авсан байх.
-Жилд нийт 50-70 оюутан элсүүлж авдаг.
Сургуулиас гаргасан шинэ боломж: 1-3 курсын оюутнуудаас 20 оюутан шалгаруулан тэтгэлэгт хамруулах мөн амьдралын бололцоо тааруу боловч хичээлдээ үнэхээр сайн гэсэн оюутнууддаа тодорхой хэмжээний тэтгэлэг олгодог байна.
Хотхон сургуулын дотоод орчныг танилцуулвал:
- Лекцийн танхим
- Семинарын танхим
- Химийн лаборатори
- Физикийн лаборатори
- Процессын лаборатори
- Номын сан
- Спорт заал гэсэн үндсэн хэсэгтэй.
Оюутнуудын дотуур байр:
Нэг өрөөнд гурван оюутан хамтдаа амьдардаг. Гал тогоондоо өөрсдөө хоолоо хийх гэх мэтчилэн дотоод журмын дагуу үйл ажиллагаа явуулж байна.
Тус нээлттэй хаалганы өдөрлөгт нийт 160 гаруй сурагч, мөн эцэг эхүүд хүүхдийн хамт ирж арга хэмжээг сонирхож зарим нь ирээдүйд энэ сургуульд суралцахаар төлөвлөж буйг харахад таатай байлаа.
МОНГОЛ-ГЕРМАНЫ ХАМТАРСАН АШИГТ МАЛТМАЛ, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТУХАЙ 10 ФАКТ
1. Төрийн өмчит улсын их сургууль.
2. Бүх хичээлээ Англи хэл дээр үзэхээс гадна Герман хэлийг хоёр дахь хэл болгон үздэг.
3. Сургалтын төлбөрөөс 100 хувь чөлөөлөхөөс гадна сар бүр 200 еврогийн тэтгэмж олгох Германы эрдмийн солилцооны албаны тэтгэлэгт хамрагдах боломжтой.
4. Германы инженерийн боловсролын хөтөлбөрт суурилсан сургалтын хөтөлбөртэй.
5. Налайх дүүрэгт байрлах монголын анхны цогц оюутны хотхонтой их сургууль.
6. Монгол, Герман, Канад, Америк багш, профессоруудтай.
7. Орчин үеийн багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон, аюулгүй ажиллагааг хангасан хими, физик, боловсруулалт, материал судлал болон компьютерын лабораторитой.
8. Амжилттай суралцсан оюутнууд Герман, Хятад улсуудад зуны дадлага хийх боломжтой.
9. Оюутнууд сургууль дээрээ цагийн ажил хийх боломжтой.
10. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх дипломтой.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол www.gmit.edu.mn, фэйсбүүк хуудсаар зочилно уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх