Хүүхдүүд бусдын гарт амиа алдсан, санамсар болгоомжгүйгээр гэмтэж бэртсэн эсвэл хүний наймаанд өртсөн гэх мэт аймшигт хэргүүд ар араасаа гарав.
“Мэддэг мэдээлдэг байя” аяны хүрээнд хүүхдүүдэд хүн худалдаалах гэмт хэргээс өөрийгөө хэрхэн хамгаалах зөвлөгөө бүхий сургалтыг нийслэлийн хоёр ЕБС-д явуулсан юм. Сургалтын дараа хүүхдүүд хүн худалдаалах гэмт хэргийн талаар ингэж ярьсан юм.
-Хүн худалдаалах гэмт хэргийн талаар би өмнө нь нийгмийн сүлжээнээс л мэдээлэл авсан. Би цахим орчинд идэвхтэй байдаг. Фэйсбүүк хаягаа нээгээд удаагүй байхад танихгүй хүмүүсээс хүсэлт их ирдэг, биеэ ил гаргасан зургууд явуулдаг байсан. Тухайн үед би энэ талаар аав ээждээ хэлээгүй. Цаашид илүү их анхаарал болгоомжтой байх ёстойг ойлголоо. Мөн өнөөдөр энд сонссон, сурсан зүйлсээ бусадтайгаа хуваалцаж байх нь их чухал юм байна.
-Хэрэв хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон, болох эрсдэлтэй нүүр тулбал эхлээд цагдаад хандана. Бас Итгэлийн утас гэж байдгийг өнөөдрийн сургалтаас мэдэж авлаа. Би ер нь аав, ээжтэйгээ нээлттэй байдаг. Тийм болохоор ямар ч асуудал тулгарсан би тэдэндээ түрүүлж ханддаг. Үе тэнгийнхэндээ хандаж хэлэхэд фэйсбүүкийнхээ дагагчийг нэмэх гэж танихгүй хүний найзын хүсэлт авах биш өөрсдийнхөө аюулгүй байдлыг эхлээд бодоорой, ирээдүйд учирч болох эрсдэлээс болгоомжлоорой гэж захимаар байна.
-Бэлгийн мөлжлөгт хэн ч өртөх боломжтойг энэ сургалтаас ойлгож авлаа. Бид мэдэхгүй ч гэсэн бэлгийн мөлжлөг гэдэг зүйл бидний хажууханд болж байдаг гэдгийг мэдэхэд надад тааламжгүй санагдлаа. Аав, ээж хоёр минь намайг дунд ангид ороход фэйсбүүк нээж өгч байсан. Тэр үед “Танихгүй хүнээс найзын хүсэлт ирвэл түүнийг хэн бэ, би таних бил үү гэдгийг эхлээд нягтлаарай. Үүний дараа аав, ээжтэй нь цахим найз, бид түүнийг таних эсэхийг асуусны дараа найзаараа нэмээрэй” гэж захиж байсан. Танихгүй хүнээс найзын хүсэлт авч үзээгүй хүүхэд манай ангийнхан дунд бараг байхгүй байх. Ер нь л нэг удаа ч гэсэн ирдэг юм билээ. Тэгээд чат бичсэн. Тэгэхээр нь “Аав, надад ийм чат ирлээ” гээд харуулсан чинь “Наад хүнээ шууд блоклочих” гэж хэлж байсан, би аавынхаа хэлснээр хийсэн.
-Өмнөговь аймагт Сэржмядаг гэж охиныг олж чадаагүй болохоор их айсан. Энэ хэргийн дараа би интернэтээс өөрөө хайж, хүн худалдаалах хэргийн бодит тохиолдлуудын талаар уншсан. Түүнээс ямар нэг байгууллагаас мэдээлэл авч байгаагүй. Би охин дүүтэй. Дүүгийн хичээл орой 19.00 цагт тардаг учир би айгаад дүүгээ өөрөө очиж авдаг болсон.
Хэрэв та эсвэл танил, найз нөхөд тань хүн худалдаалах гэмт хэрэгт өртсөн, өртөх эрсдэлтэй нөхцөл, байдалд орсон бол дараах төрийн болон төрийн бус байгууллагуудын утсанд хандаж тусламж авах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
АНУ-Монгол Улсын хооронд байгуулагдсан Хүүхэд Хамгааллын Компакт гэрээний хүрээнд хийгдэж буй энэхүү аянд дурдагдсан үзэл бодол, мэдээлэл, дүгнэлт нь зөвхөн зохиогчийнх бөгөөд АНУ-ын Төрийн Департаментын үзэл бодлыг илэрхийлээгүй болно. |
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх