СУРВАЛЖЛАГА: "Мөрөөдөл" зуслангаас...


Б.Лхагвацэрэн | YOLO.MN
2017-07-27

Хүүхэд бол дүүргэх ёстой сав биш, дүрэлзэх ёстой бамбар юм

Зуны амралт ид дундаа орж буй энэ үед хүүхэд бүрт зуслан явж олон шинэ найз нөхөдтэй болж сайхан амраад ирэх юмсан гэсэн бодол төрж байгаа байх. Та бүхэндээ Олон Улсын "Мөрөөдөл" хүүхдийн зусланд хоёр өдөр зочилсон сурвалжлагаа хүргэж байна.

Улаанбаатар хотоос 80 км-т Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших Олон Улсын "Мөрөөдөл" зуслан руу ойролцоогоор хоёр цагийн аяллыг туулан очлоо.

ЭРЧ ХҮЧЭЭР ДҮҮРЭН ЭХЛҮҮЛСЭН ӨГЛӨӨНИЙ МЭНД

Өглөөний 07:30 минутанд байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн зусланд өглөөний наран аль хэдийн манджээ. Бүлгийн ахлагчийн өрөөнд өглөөний нартай хамт нэгэн ЗАХИДАЛ ирсэн байлаа. Захидалд өнөөдөр ямар хөтөлбөр, тэмцээн болох талаар дурджээ. Зуслангийн жижүүр багшийн дуудлага, зуслангийн сүлд дуунаар амрагчид маань босож хувийн бэлтгэлээ хангаж төв талбайдаа цуглалаа. Бүлгийн уриагаа чангаар уншиж бусдаасаа нууцхан илүү чангаар сонсохыг эрмэлзэх амрагчдын бүлгийн уриаг сонсож байхад үнэхээр сүрдмээр. Ийнхүү дараагийн үйл ажиллагаа болох Монгол улсын Төрийн дууллаа дуулж, өглөөний дасгалаар зуслангийн нэгэн аз жаргалтай өдөр эхэллээ.

Theodore, Alvin, Simon, Chip, Dale бүлгийн амрагчид бүлгийн багшийгаа даган жагсаалаар явсаар Dream зоогийн газрын гадаа хүрэлцэн ирлээ. Энэ бол ӨГЛӨӨНИЙ ЦАЙ. Зуслангийн тогооч эгч нарын гараа гарган бэлдсэн өглөөний цайгаа уун эрч хүчийг аван шинэ өдрийг эхлүүлэх бол үнэхээр аз жаргалтай мөч гээч.

Энэ удаагийн зуслангийн ээлж бол "International" буюу Олон улсын ээлж гэсэн тодотголтой юм. Энэ ч утгаараа "Мөрөөдөл" зусланд маань Өвөр Монголын Өөртөө Засах Орны амрагчид Ар Монгол орны хүүхдүүдтэйгээ үерхэж нөхөрлөхөөр алс холын замыг ажралгүй туулж хүрэлцэн ирсэн байлаа. Мөн Хэнтий аймгийн Баян-Адрага, Биндэр, Өмнөдэлгэр сум, Хурх тосгоны хүүхдүүд маань ч амрахаар иржээ.

Мөрөөдөл зуслангийн хувьд хүүхэд бүрийг хүсэл мөрөөдөлтэй иргэн болгохын төлөө хөтөлбөрийн багш нар маань бүхий л чадлаа дайчлан олон зүйлсийг зааж сургаж байна. Энэ өдрийн хөтөлбөр ийнхүү эхэлж байна.

07-р сарын 19-ны өдөр бол My Club-тай хамтарсан ЭКО өдөр. Хөтөлбөрийн багш нарынхаа бэлтгэсэн өртөөгөөр аялж олон сонирхолтой мэдээлэлтэй танилцаж, суралцаж, хөгжөөнт тоглоомуудыг тоглолоо. Усаа хэмнэдэг, хог хаядаггүй, байгаль орчиндоо ээлтэй тийм л хүүхдүүдийг бий болгохын тулд хөтөлбөрийн багш нар олон янзын сонирхолтой аргуудыг ашиглаж тухайн өдрийн ЭКО хөтөлбөрийн хичээлийг зааж сургаж байлаа. Амрагчид маань ч багш нарынхаа хэлэх гэсэн санааг маш хурдан ойлгож цаашид амьдралдаа хэвшил болгон хэмээн ам бардам хэлж байлаа.

ЗУСЛАНГИЙН ХООЛ АМТТАЙ

Үд болжээ. Зуслангийн хоол цаанаа л нэг гоё амттай. Амрагчид маань 13:00 цагт өдрийн хоолондоо орох ёстой. Баруун гарын дүрмээ баримтлаж амрагчид өдрийн хоолондоо орохоор бэлэн жагссан байна. Жагсаалчаар өдрийн хоолоо аван найзуудтайгаа ширээндээ сууж элдвийн зүйлсийг ярилцан өдрийн хоолоо идэх үнэхээрийн ГОЁ.

Ингээд амрагчид маань өдрийн хоолны дараа 2 цаг чөлөөтэй. Хувцсаа угаах нь угааж, найзуудтайгаа тоглох нь тоглож, унтаж амрах нь ч мөн унтаж байлаа. Энэ зуслангийн хувьд хамгийн сайхан зүйлс нь 10 хоногийн турш гар утсаа ашиглахгүй. Хэдэн өдөр ч гэсэн утаснаасаа салж тархиа амраах нь бидний эрүүл мэндэд тустай. Dream Shop-д ч мөн хийжүүлсэн ундаа, чипс гэх мэтийн хүний биед тусгүй хүнсийг худалдаалдаггүй юм билээ.

Төд удалгүй дараагийн хөтөлбөр эхэллээ. Энэ хөтөлбөр бол зуслангийн эргэн тойронд буй хогийн савыг шинэлэг бүтээлч байдлаар будах даалгавар байлаа. Өгсөн будаг, хэрэгслүүдийг ашиглаж хөтөлбөрийн багш нарын тусламжтайгаар үнэхээр шилдэг санааг хүүхдүүд гаргаж нэг цагийн турш бүтээлчээр өрсөлдлөө.
Тэмцээнд аль бүлэг тэргүүлснийг оройны "Бид эх дэлхийн хүүхдүүд" тэмцээн дээр зарлана.

Дараагийн үйл ажиллагаа болох "Бид эх дэлхийн хүүхдүүд" хөгжөөнт тэмцээн. Эл тэмцээнд бүлгүүд өөрсдийн эко уриаг зохиох, жүжигчилсэн тоглолт, мэндчилгээ, урлагийн үзүүлбэрээр хоорондоо өрсөлдөх байлаа. Үдээс хойш цайндаа орж бүлгүүд тэмцээндээ бэлтгэж эхэллээ.

Тэмцээн болох бэлтгэлийн My Club аль хэдийнээ хангаж эхлэхэд бэлэн болсон байлаа. Энэ удаагийн тэмцээнд гал гарсан өрсөлдөөн болж байна. Эх дэлхийгээ хайрлахгүй бол ямар зүйлс болохыг жүжигчилсэн тоглолтоор харуулж, эх дэлхий байгаль орчноо хайрлах сэтгэгдлийг төрүүлэх уриагаа сонирхуулж тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний дүнг сэтгэл түгшин хүлээж байна. “Бид эх дэлхийн хүүдүүд” тэмцээний ялагчаар Theodore бүлэг шалгарлаа. Тэмцээнд ялагч, ялагдагч байдаг шүү дээ. Тэргүүлсэн баг үнэхээрийн аз жаргалтай. Бусад бүлгүүдийн хувьд дараа дараагийн тэмцээнд заавал амжилттай оролцоно доо гэсэн нууцхан горьдлого төрүүлж тэмцээн өндөрлөлөө.

ХӨЛТЭЙ, ХӨӨРТЭЙ ӨДӨР ӨНГӨРЧ ОРОЙН ТОЙРГОО ХИЙЛЭЭ

Зуслангийн нэгэн хөгжилтэй, аз жаргалтай өдөр өнгөрч өдрийг төгсгөдөг хамгийн сайхан үйл ажиллагаа бол ОРОЙН ТОЙРОГ. Баруун гараа зүүн гар дээрээ давуулж бүгд гар гараасаа хөтлөлцөн ТАВТАЙ НОЙРСООРОЙ дууг дуулж оройн тойргоо задаллаа. Оройн сүүгээ ууж хувийн бэлтгэлээ хангаж зуслангийн нэг өдөр ийнхүү өндөрлөв. Маргааш ямар шинэ зүйлс болохыг зүүд нойрондоо бодож унтацгаалаа.

Хүүхэд насны гэгээн дурсамжуудын нэг бол яалт ч үгүй хүүхдийн зусланд амрах билээ. Та бүхэн том болохоосоо өмнө хүүхдийн зусланд заавал амарч зуныг зугаатай, дурсамжтай өнгөрүүлээрэй. Мөрөөдөл зуслангийн хувьд хүүхэд бүрийг хүсэл мөрөөдөлтэй болгох тал дээр маш их хичээл зүтгэл гарган ажилладаг Монголын шилдэг зуслангуудын нэг юм.

 

Зургийг хажуу тийш гүйлгэж үзнэ үү.

Сурвалжлагын ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

#Summer #Camp #Dream