ЗАХИДАЛ: Миний сонирхол амархан буураад байдаг


ССҮТөв | YOLO.MN
2017-06-19

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би өөрийн сонгосон мэргэжлээр сурч чадахгүй юм шиг байна дөө

Би одоо хоёрдугаар курсын оюутан, анх их сургуульд орсон цагаас эхлэн миний толгойд нэг л бодол эргэлдээд байх болсон. "Би яаг юу хүсээд байгаа юм бол?".

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Би одоо хоёрдугаар курсын оюутан, анх их сургуульд орсон цагаас эхлэн миний толгойд нэг л бодол эргэлдээд байх болсон. "Би яаг юу хүсээд байгаа юм бол?". Нэгэн амжилттай яваа хүний түүхийг уншаад би яагаад ингэж явж болохгүй гэж? маш сайн хөгжимчин хүнийг хараад яг энэ хүн шиг хөгжим тоглож сурах юмсан, эсвэл маш сайн тоглогчийг хараад яг энэ хүн шиг тоглодог байсан бол ч (би компьютер тоглох дуртай л даа) заримдаа маш сайн илтгэгч аль эсвэл олонд хүндлэгдсэн тамирчин, бүр эсвэл зохион бүтээгч болмоор ч юм шиг. Энэ бүх хүсэл минь өөрийгөө илүү сайжруулах хүслүүд байгаа хэдий ч маш богино хугацааны настай, нэг өдөр өнгөрөхөд нэг хүсэл маань мартагдаж өөр нэг хүслээр солигддог. Нэг ч алхам хийж эхлээгүй байхад шүү! Заримдаа би хүмүүст атаархдаг, яагаад би ийм байж болоогүй юм бэ? гэж өөртөө хэлдэг, үүнээс болоод өөрийгөө үнэлэх үнэлэмж минь буурдаг. Сүүлийн үед би өөрийн сонгосон мэргэжлээр сурч чадахгүй юм шиг байна дөө гэж бодох болсон. Энэ асуудал дээр зөвлөгөө өгөөч!

ЗӨВЛӨГӨӨ: Өөртөө шинэ зарчим бий болгоорой

Өөрийгөө танихыг хичээн олон зүйлсийг хүсч сонирхож байгаа тань сайн хэрэг. Энэ насны хамгийн чухал хэсэг нь өөрийнхөө юу хүсч байгааг мэдэх түүнийхээ төлөө сурч хөдөлмөрлөх байдаг.

Сайн байна уу, захидал ирүүлсэнд баярлалаа. Өөрийгөө танихыг хичээн олон зүйлсийг хүсч сонирхож байгаа тань сайн хэрэг. Энэ насны хамгийн чухал хэсэг нь өөрийнхөө юу хүсч байгааг мэдэх түүнийхээ төлөө сурч хөдөлмөрлөх байдаг. Гэхдээ бодлоо үйлдэл болгож ямар нэг зүйл хийхгүйгээр зөвхөн бодож өнгөрөөд байвал огт юу ч сонирхохгүй байгаатай л ижил шүү дээ. Хүн олон хоббитой байж болно, хөгжим тоглох, спортоор хичээллэх, зохион бүтээх гээд л бүгдийг нь сурч болно. Энэ явцдаа чи өөрийгөө улам сайн таньж юу хүсч буйгаа бас хүсэхгүй байгаагаа ухамсарлах болно. Гол нь дээр дурдсанчлан үйлдэл хийх хэрэгтэй. Үйлдэл хийхгүй байгаа учраас сонирхол чинь амархан өөрчлөгдөөд эсвэл мартагдаад байна. Тиймээс өөртөө шинэ зарчим бий болгоорой. Нэг сард нэг л зүйлийг сонирхож хичээллэнэ. Эсвэл нэг зүйлээ тодорхой хэмжээнд сурсаны дараа дараагийн зүйлийг сонирхоно ч гэх юм уу, өөрөө зохиогоорой. Тэгээд тодорхой хугацаанд юу ч болж байсан өөрийнхөө зарчмыг дагаад үзээрэй. Өөрөөрхэлбэл сэтгэл хөдлөлдөө захирагдахаасаа илүү оюун бодлоороо өөрийгөө удирдана гэсэн үг. Сонирхсон мэргэжлээ бүрэн таньж мэдэхийн төлөө, энэ мэргэжлээр ажиллаж байгаа хүмүүсийн түүх, туршлагыгсудлаж үзээрэй.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл судлалын үндэсний төв,
Сэтгэл судлаач
Б. Алтанцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#interest #teenagers