Бид энэ удаагийн ярилцлагын буландаа анимийн дүр бүтээгч охин Б.Хонгорзулыг урьж оролцууллаа. Тэрээр 33-р дунд сургуулийн 11-р ангид суралцдаг бөгөөд хичээлийнхээ хажуугаар косплей хийж, зураг зурах хоббитой нэгэн. Ингээд түүнтэй ярилцсан сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу.
YOLO: Анимэ дээр гардаг шиг маш хөөрхөн харагдаж байна. Хэзээнээс косплей хийж эхэлсэн бэ?
- Би косплей хийгээд хоёр жил болж байна. Анх Цахирмаагийн өвлийн өдөрлөг дээр “Gugure! Kokkuri-san” анимийн Tama муурын дүрээр оролцоод 3-р байранд орж байсан юм. Анхны дүрээрээ байр эзлээд их урамшсан байх.
YOLO: Анх яагаад косплей хийх болсон бэ?
- Тухайн үед найз маань "Косплей хийдэг багт орсон. Чи нэгдэх үү?" гэсэн санал тавьсан. Маш сонирхолтой санагдсан учраас эхлээд нүүр будагчаар элсэж орсон юм. Тэгээд л багийнхантайгаа ажиллаад, уусаад иртэл косплей гэдэг зүйл үнэхээр гоё санагдсан. Яагаад ч юм хийгээд үзвэл би өөрөө чадах ч юм шиг. Ингээд хэсэг хугацаанд бодсоны эцэст нэг л өдөр зориглоод хийгээд үзсэн юм.
YOLO: Монголд косплейн томоохон тэмцээнүүд их болдог гэж дуулсан. Косплей урлаг Монголд хэдэн оноос эхэлж эрчимтэй хөгжсөн бэ?
- Монголын анхны косплей хийдэг "Монгол Косплей" баг 2011 онд үүсгэн байгуулагдсан. Хэдийгээр одоогоос бараг 10 жилийн өмнө байгуулагдсан ч маш чанартай, сайн хувиргалт хийдэг хүмүүс байж билээ. Харин тэмцээний хувьд Япон поп соёлын өдөрлөг хамгийн өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагддаг. Үүний дараа "Kitsune" багийн нэрэмжит өдөрлөг томдоо тооцогдоно. Миний хувьд косплей тэмцээнүүдэд нийт 8 удаа оролцож байсан.
YOLO: Анхлан суралцагчдад зориулсан косплей нүүр будалтын бичлэгийг нь үзсэн. Чиний хувьд косплей хийхэд юуг голчлон анхаарах хэрэгтэй вэ?
- Дургүйд хүчгүй гэдэг шүү дээ. Тиймээс косплей хийхдээ чин сэтгэлээсээ хүсэж байж л хийх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байвал дүрээ сайн судлаарай. Дүрээ сайн судлаагүй байж гадаад үзэмжид нь хууртаад сонгочихвол тухайн дүрийнхээ мөн чанарыг нь гаргах боломжгүй шүү дээ. Тиймээс хагас дутуу зүйл хийлгүйгээр чин сэтгэлээсээ хийгээрэй гэж хэлмээр байна.
YOLO: Үлдсэн бүх насаараа гуравхан зүйл ашиглаад нүүрээ буд гэвэл ямар ямар бүтээгдэхүүн сонгох вэ?
- Нүүрний крем, уруулын будаг, хиймэл сормуус. Учир нь уруулын будгаараа нүд, уруул, хацар гээд л бүх зүйлээ будчихаж болно /инээв/.
YOLO: Чиний бүтээж байсан хамгийн шилдэг дүр юу вэ? Мөн бүтээхэд хамгийн хэцүү байсан дүрээ нэрлээч?
- Өвлийн Япон поп соёлын өдөрлөгийн үеэр зөвхөн хос дүрүүд оролцож болно гэсэн шаардлага тавьсан учраас найзтайгаа хамт “Identity V” тоглоомын Fiano, Joseph нарын дүрийг бүтээж байсан юм. Тухайн үед анх удаа савхин хувцас оёж, мод хөрөөдөж, зөндөө олон зүйл будсан. Ядаж байхад оёсон хувцас маань маш бариу, савхин материалтай хувцас байсан учраас хоолны дэглэм барих шаардлагатай тулгарсан. Одоо бодоход энэ дүр маань миний хувьд хамгийн хэцүү бөгөөд шилдэг дүр байжээ.
YOLO: Энгийн хүний нүдээр косплей хийх нь их амар харагддаг. Нүүрээ будаад, хиймэл үс зүүгээд л болчихдог юм шиг санадаг шүү дээ.
- Тийм шүү. Үнэн хэрэгтээ бид маш их цагийг зарцуулдаг. Гэхдээ дүр бүхэн өөр учир нэг их ажиллагаагүй дүр ч байна, ажиллагаатай дүр ч байна. Миний хувьд анхны дүрийнхээ хувцсыг маш олон хоног бэлдэж байсан. Одоо бол туршлагажаад гарын ур дүйтэй болсон гэж хэлж болно. Ер нь туршлага гэдэг их чухал шүү.
YOLO: Чиний хийж байсан хамгийн гоё хувцас юу вэ?
- Миний хувьд Kindred дүрийн маань хувцас хамгийн гоё санагддаг. Би анх удаа гэрэл холбож хувцас хийж үзсэн. Шинэ юм турших дуртайг ч хэлэх үү үнэхээр гоё санагдаж байсан.
YOLO: Яг л манга зураач шиг маш гоё зурдаг юм байна лээ. Ирээдүйд өөрийн гэсэн комик зохиолтой болох төлөвлөгөө бий юу?
- Баярлалаа. Одоогоор нэг комик хийх гээд зохиолоо бичээд эхэлсэн. Мөн дижитал зураг зурдаг хүүхдүүдтэй хамтран ирээдүйд өөрийн гэсэн бүтээлээ гаргана гэж боддог.
YOLO: Чамайг хамгийн их дэмждэг хүн чинь хэн бэ? Тэр хүндээ хандаж үг хэлээч.
- Манай аав, ээж, эмээ гурав маань намайг үнэхээр их дэмждэг. Ичээд "хайртай шүү, баярлалаа" гэж хэлж чаддаггүй ч энэ завшааныг ашиглаад гэр бүлийнхэндээ "хайртай шүү" гэж хэлмээр байна.
YOLO: Ярилцлагын төгсгөлд косплей хийх хүсэлтэй хүүхдүүдэд хандаж зөвлөгөө өгвөл?
- Бусдын хэлсэн үгийг битгий тоогоорой. Анхны алхам бүр хэцүү байдаг. Ирээдүйд чиний хэн болохыг хэн ч тааж мэдэхгүй учир өөртөө л итгээд хичээгээрэй. Харин косплей хийх хүсэлтэй ч хийж эхлээгүй байгаа залууст хандаж хэлэхэд шуудхан оролдоод үз. Эхний хэдэн оролдлогууд чинь тийм ч сайн болохгүй байж магадгүй. Гэхдээ битгий шантраарай. Амжилт хүсье!
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх