Монгол залуус юу хүсэж байна вэ?


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-08-16

Ажиллаж, суралцаж, амьдрах ухаан сийлсээр буй 454.000 гаруй залуус Монгол улсад бий.

1981 онд НҮБ-с “15-24 насныхныг залуучууд гэнэ” хэмээн баталсан ба өнөөдөр дэлхий даяар ийм насны 1.2 тэрбум хүн амьдарч байгаа нь бөмбөрцөг дээрх нийт хүн амын 16 хувийг эзэлж байна.

Тэд өөрийн мөрөөдөлд хөтлөгдөн, өөр өөр замаар алхаж буй ч асуудлыг харж, шийдэх гарцыг хайж түүнийгээ хүсэл, мөрөөдөл болгожээ. 

Монгол залуус юу хүсэж байна вэ?

Б.Болорхүү: Lingors уншлагын марафоны аварга, нийслэлийн шилдэг хүүхэд @anathan.bit__

Намайг Болорхүү гэдэг. Дорнод аймгийн Flower сургуулийн 12 дугаар ангийн сурагч. 

Намайг 8 дугаар ангид байхад дээд ангийн ах эгч нар сайн дурын ажил хийдэг клуб байгуулсан юм. Үйл ажиллагаа явуулж эхэллээ гэсэн зарлалыг нь хараад сайн дурын ажил хийж үзэхээр шийдсэн. Ингээд Дорнод аймгийн нэгэн хотхоны хогийн цэгийг тэндэхийн оршин суугчидтай хамт цэвэрлэж байлаа. Тэр үеэс хойш сайн дурын ажил тогтмол хийхээр шийдсэн юм. Бас нэг шалтгаан бий. Тэр бол би тав, зургаадугаар ангидаа гадаа ч гарч тоглодоггүй дотогшоо, гэр сахисан их зожиг хүүхэд байсан. Тэгтэл зургаадугаар ангидаа өөрийн мэдэлгүй л ариун цэврийн дарга болсон юм. Ингээд хүүхдүүдтэй харилцах шаардлага гарч зожиг байдлаасаа салж эхэлсэн ч өшөө илүү хүмүүстэй нээлттэй байж сурахыг хүсээд сайн дурын ажил хийхээр сэтгэл шулуудсан. Ах эгч нарынхаа байгуулсан сайн дурын клубт ороод үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, хэд хэдийг нь бүр зохион байгуулж байсан гээч.  Дараа нь 10 дугаар ангидаа аймгийнхаа хүүхдийн нэгдсэн зөвлөлд орж, Дорнод аймгийн Улаан загалмайд элсэн хэд хэдэн үйл ажиллагаа ч зохион байгуулсан. Үүнийхээ үр дүнд энэ өвөл болсон “Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний чуулган 2021”-д аймгаа төлөөлж илтгэл тавин, “Нийслэлийн шилдэг хүүхэд” алтан медалиар шагнуулсан байна. 

Карантины үеэр анх англи хэл дээр ном уншиж эхэлсэн. Анх минутад 100 үг уншдаг, түүндээ ч их барддаг байлаа. Анхны марафон зургаан сард болсон юм. Өдөр шөнөгүй уншвал өөрийгөө эхний аравт орж чадна гэж бодсон боловч 36 дугаар байранд орчихсон. Тэр үед өөртөө урам хугарч, гутарсан. Сүүлд нь харахад үр дүнд нь л ач холбогдол өгөөд үйл явцаа анхаарахгүй байсан юм байна лээ. Түүнээс хойш тэмцээнгүй байсан ч гэсэн номоо уншиж, чимх чимхээр сайжирч энэ зун уншлагын марафонд дахин оролцоод түрүүлсэн. Сурахад үр дүн биш үйл явц чухал гэдгийг их сайн ойлгож авсан даа. 

“Кeep your head down, work hard, good things happen” энэ үгийг би нэг ном дээрээс харж байсан. Аливаа амжилт гэдэг бол хүрэх цэг биш, үйл явц юм байна лээ шүү.

Х.Болормаа: Yolo.mn сайтын сэтгүүлч @Bolormaa Khurelbaatar

Намайг Болормаа гэдэг. Шинэ-Эрин сургуулийг энэ жил төгссөн. Одоо Канадын Carleton их сургуульд элсэн суралцах гэж байна. 

Жилийн өмнө би огцом идэвхтэй болох гэж хичээсэн. Yolo сайтын сошиал хуудсыг дагаад нэлээн удаж байсан үе. Тухайн үедээ Yolo-д хөтлөгч авна гэсэн постыг харсан юм л даа. Хөтлөгчөөр орох гэсэн боловч би тэнцээгүй. Үүний дараа “Сэтгүүлчээр орох боломжтой юу? Өнөөдөр ирээд уулзаарай” гэсэн мэйл ирсэн. IELTS өгөхийн өмнө хэдий завгүй байсан ч ажил хийнэ гэхээр надад гоё санагдсан. Ингээд л мэдээ, нийтлэл бичиж эхлэх болсон юм даа. 

Би тайван оронд амьдарч үзэхийг хүсдэг. Австрали эсвэл Норвеги, Канадад очиж суръя гэж удаан бодсон л доо. Монголд сурахаар ээж ааваасаа их хамааралтай болох юм шиг санагдсан. Бас би зургаадугаар ангиасаа хойш англи хэл үзчихсэн болохоор ч тэр үү, гадаад орны багш нарын заах техниктэй танилцмаар, өөр хүрээлэлд орохыг хүссэн болохоор гадаадад сурахаар шийдсэн. Канад руу материалаа явуулаад тэтгэлэг авсан учраас хамгийн тухтай, төлбөр нь ч боломжийн гэж үзээд Carleton их сургуулийг сонгочихоод байна. 

Миний бодлоор хүүхэд залуусыг хоёр хуваах байх. Эхний хэсэг нь өөрийнхөө зорилгыг тогтоогоод тууштай тэмцэж байгаа хүүхдүүд. Нөгөө хэсэг нь эсрэгээрээ урсгалаараа амьдарч буй хүүхдүүд. Бидний амьдралд маш олон ойлгомжгүй зүйлс байдаг шүү дээ. Тэр олон ойлгомжгүй зүйл дунд чи өөрийгөө ойлгохгүй бол чиний амьдрал ойлгомжгүй л болно. Тиймээс өөртэйгөө ярилцаад, өөрийнхөө хүсэл сонирхлыг олоод, түүнийхээ төлөө тэмцээрэй. Залуусаа!

Б.Солонго: Хуучин хувцас засварлах дуртай "gap"авсан сурагч @quantumarchive.jpg

Намайг Батзулын Солонго гэдэг. Би 18 настай. Энэ жил Дархан хотын Соёулз бүрэн дунд сургуулийг төгсөөд “Gap year” авсан. 

Би Орос хэлний ЭЕШалгалтандаа 700+ оноо авсан. Манай сургууль Орос, Герман хэл дээр суурилан хичээллэдэг.  Би ЭЕШ-даа бэлдэхдээ багшийнхаа өгсөн даалгаврыг л сайн хийдэг байсан. 

Үргэлжлүүлэн суралцахаас завсарлага авсан шалтгаануудын нэг нь 2021 оны өвлийн эхэн сараас би хуучин хувцас аваад өөрөө засаж, загварыг нь өөрчилөн янзалж эхэлсэн. Хуучин хувцасны дэлгүүрт шинэ хувцас зардаг дэлгүүрүүдээс илүү догь хувцаснууд байдаг. Бас шинэ хувцас авахгүй хуучин хувцсаа дахин ашиглана гэдэг чинь байгалиа хайрлаж байгаагийн нэгэн илрэл шүү дээ. 

Тиймээс би хуучин хувцас авч засах дуртай.  Хуучин хувцсаа янзлахдаа эсгүүрийг нь эвдлэлгүйгээр хувцасны будгаар зураг зурж эсвэл будаад дараа нь хатгамал хийх зэргээр янзалдаг. Ихэвчлэн өөрийнхөө хувцсыг хийдэг. Заримдаа найзуудынхаа хувцсыг бас янзалж өгдөг. 

Чөлөөт цагаараа ном их унших дуртай. Орос зохиолчдын номд дуртай.  

Хувь хүн бүр өөр өөрийн итгэл үнэмшилтэй байдаг шүү дээ. Урлаг, шинжлэх ухаан, спорт, улс төр гээд хүн бүр л өөр өөр салбарыг сонирхдог. Тиймээс бусдын сонирхлыг хүндэлж нээлттэй байцгаая гэж уриалмаар байна.

А.Ариунаа: Загвар өмсөгч @ariukkk_______

Намайг Ариунаа гэдэг. Одоо 18 настай. Загвар өмсөх, жүжиглэх сонирхолтой. 

Би 2018 оноос загвар өмсөж эхэлсэн. Жоохон байхдаа их хөдөлгөөнтэй эршүүд охин байсан л даа. Эрэгтэй хүүхдүүдтэй найзлаад л зодолдоод явж байдаг охин. /инээв/  Ингээд эгч минь намайг “Эмэгтэйлэг болгоё” гээд загварын академид элсүүүлсэн юм. Би Андра академид харьялагддаг байсан. Гэхдээ саяхан гарчихсан л даа. Жил орчим академидаа суралцаж загварын салбарт хайртай болсон. 2018 онд би төрсөн өдрөөрөө 1000 гаруй жуулчдын өмнө үндэсний хувцсаа өмсөөд загварын тайзан дээр гарсан нь хамгийн дурсамжтай, мартагдашгүй мөчүүдийн минь нэг болсон. 
Эрэгтэй хүмүүстэй хамт зураг даруулах, хамт ажиллах үе мэдээж гарна шүү дээ. Тийм үед буруугаар ойлгож, сөргөөр хүлээж авах нь гомдоор байдаг. Би жоохон дэлдэн, Орос төрхтэй л дөө. Миний зарим нэг зураг доор “Монгол хүн монголд байх ёстой. Эрлийз та нар шиг юмнууд...” гэх зэргээр хараасан хүмүүс байдаг. Гэхдээ тэгэх тусам нь би хурцлагддаг болохоор талархаж байна.
Би загвар, кино урлагийн салбарт ажиллах болно. Дэлхийн түвшинд гарч чадахгүй бол эх орондоо ажиллаж амьдарч, эерэг хандлагыг түгээхийг хүсч байна.

Бид заримдаа нэгнийхээ хийж бүтээснийг нь бус алдааг харах хандлагатай байдаг шүү дээ. Тиймээс өөрийн бодлыг урьталгүй, бусдын оронд өөрийгөө тавьж үзээд, нэгнийхээ хийсэн зүйлд талархалтай хандаж урамшуулж байгаарай гэж уриалъя. 

Тэд хүсэл мөрөөдөлтэй, хүнийхээр биш өөрийнхөөрөө амьдрахыг хүсэж байна. Эрүүл мэнддээ, үе тэнгийхэндээ санаа тавьж байна. Тийм ээ, тэдний хүсэл ирээдүйд биелнэ гэдэгт итгэж байна.

#Ярилцлага