Луврын музейн бүтээлүүдийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР үзэх боломжтой боллоо


Миау | YOLO.MN
2021-03-30

Францын нийслэл Парис хотод байрлах Луврын музейн бүхий л цуглуулгыг цахимаар үнэгүй үзэх боломжтой болжээ.

Цар тахлын улмаас бий болсон цөөн хэдэн эерэг үр дагаврын нэг бол үнэгүй сургалт болоод үзвэрүүд билээ. Тэртээ 1793 наймдугаар сарын 13-ны өдөр олон нийтэд үүд хаалгаа нээж байсан Луврын музей цуглуулгуудаа төрөл төрлөөр ангилан албан ёсны вэб хуудастаа байршуулсан нь урлагт хайртай хүмүүсийн хувьд гайхалтай гэнэтийн бэлэг болсон юм. 

Хэдийгээр эдгээр бүтээлүүдийг таблет, зөөврийн болон суурин компьютерээс үзэж сонирхох бүрэн боломжтой ч ухаалаг гар утаснаас үзэх нь илүү тохиромжтой гэдгийг музейн хамт олон онцолж байна. Мөн Луврын музейн захирал Jean-Luc Martinez, “Өнөөдөр Луврын музей та бүхэнд өөрийн үнэт эрдэнэсээ цахимаар танилцуулж буй түүхэн өдөр тохиож байна. Тэр ч бүү хэл олон нийтэд танигдаж амжаагүй бүтээлүүдээ хүртэл шүү. Бид түүхэндээ анх удаа музейд тавигдсан болон агуулахад хадгалагдаж байсан уран бүтээлүүдийг ухаалаг төхөөрөмжөөс үзэх боломжийг олгож буй нь энэ юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр манай музейг зорих хүмүүсийн тоо улам нэмэгдэх болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Тун удахгүй тус музейн танхим бүрээр зочлон танилцах боломжтой интерактив технологийг ч нэвтрүүлнэ гэв. Та бүхэн уг бүтээлүүдтэй цахимаар танилцах бол ЭНД дараарай.

Эх сурвалж: Hypebeast

#Урлаг соёл #Музей #Лувр