Өмнөх дугаартаа бид “The King: Eternal Monarch” цувралын талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаагийн дугаартаа Өмнөд Солонгос улсын хамгийн алдартай охидын хамтлагийн “BLACKPINK: Light Up the Sky” хэмээх баримтат киног онцолж байна.
Киноны үнэлгээ /IMDb/: 7.8/10
Киноны үнэлгээ /Metacritic/: 66%
Цацагдсан огноо: 2020 оны аравдугаар сарын 14
Үргэлжлэх хугацаа: 79 минут
ДӨРВӨН ӨӨР ЕРТӨНЦ
Энэхүү баримтат кинонд хамтлагийн гишүүн бүрийн онцлог зан чанар болон сонирхлыг харуулсан хэсэг гардаг. Уг хэсэгт охид бэлтгэгдэгч байхаас хэрхэн өдийг хүрсэн, одоо юу боддог болон ирээдүйд юу хийхээр төлөвлөж буй талаар харуулна.
Найруулагч Caroline Suh-ийн хувьд охид тэс өөр хүмүүс хэдий ч хэрхэн нэгэн хамтлаг болон ажиллаж буй талаар түлхүү харуулахыг зорьсон гэжээ.
2016 ОНООС ЭХЭЛСЭН
Хачирхалтай нь энэхүү баримтат киноны зураг авалт тэртээ 2016 онд буюу охидыг анхны уран бүтээлээ гарган Кпоп ертөнцөд хөл тавихтай зэрэгцэн эхэлсэн байна. YG энтертайнментийн зүгээс BLACKPINK хамтлаг алдрын оргилд хүрнэ гэдгийг анхнаасаа л мэдэж байсан учраас энэ бүгдийг маш эртнээс төлөвлөжээ.
ЦАРАЙ МУУТАЙ JI SOO
BLACKPINK хамтлагийн гол нүүр царай, Өмнөд Солонгос улсдаа зөв төрхтэй, хөөрхөнд тооцогддог дуучин Ji Soo-г бага байхад хамаатан садан нь царай муутай хэмээн дооглодог байжээ. Тэрээр, "Бага байхад хамаатнууд маань намайг царай муутай гээд их гадуурхдаг байсан. Бүр сармагчин гэж ч хочилдог байж билээ" хэмээн дурсана.
ХЭЦҮҮ ЦАГ ҮЕҮД
Охид бэлтгэгдэгч байсан үеэ хамгийн хэцүүд тооцдог гэнэ. Тухайн үед өдөрт 14 цагийн турш тасралтгүй бэлтгэл хийж, олигтой амарч ч чаддаггүй байсан гэдэг. Ингээд ч зогсохгүй сар бүр зохион байгуулагддаг бэлтгэгдэгч нарын шалгаруулалтад хамгийн муу үнэлгээ авсан нь гэртээ харьдаг байсан аж. Тэд бэлтгэгдэгч байсан үеэ дурсахдаа:
- Jennie: “Сарын шалгаруулалтад сайн хичээж оролцохгүй л бол гэртээ харих болдог байлаа. Өөрөө тэнцсэн хэдий ч тэнцээгүй найзуудаасаа хагацах бас их хэцүү байдаг байсан. Мөн архи уух, тамхи татах, шивээс хийлгэх бүгд хориотой. Заримдаа бидэнд үнэхээр хатуу хандаж байгаа юм шиг санагддаг байсан”.
- Rose: “Бэлтгэгдэгч байх хугацаанд маш их дүрэм, журам мөрдөх шаардлагатай байдаг. Ер нь юу ч хийсэн миний буруу л болчихдог байсан” хэмээжээ.
ХАМГИЙН АНХНЫ...
Энэхүү бүтээл нь "Netflix" кино компаниас гаргаж буй Солонгос хамтлагийн тухай хамгийн анхны баримтат кино юм.
Өмнө нь “YG Future Strategy Office” (2018) хэмээх ситком цуврал гарч байсан ч “BLACKPINK: Light Up the Sky” нь анхны баримтат кино юм.
НУУЦЛАГ TEDDY PARK
BLACKPINK хамтлагийн продюсер Teddy Park 14 жилийн өмнөөс YG энтертайнментад ажиллаж эхэлсэн. Тэрээр өмнө нь улсдаа нэртэй реппэр байсан ч тус энтертайнментийн үндсэн продюсерээр ажиллаж эхэлснээсээ хойш бие даасан уран бүтээл гаргаагүй билээ.
Ийнхүү тэрээр энэхүү баримтат кинонд ярилцлага өгөн удаан хугацааны дараа шүтэн бишрэгчдийнхээ өмнө гарч ирсэн юм.
"WHISTLE" ДУУ ЦАЦАГДАХГҮЙ БАЙСАН
BLACKPINK хамтлагийн анхны уран бүтээлүүдийн нэг болох “Whistle” нь хэтэрхий содон өнгө аястай бөгөөд сонсогчдод таалагдахаас илүү таалагдахгүй байх магадлал ихтэй байсан учир цацахгүй хэмээн төлөвлөж байжээ. Хамтлагийн продюсер Teddy Park:
- "Ихэнх хүмүүс энэхүү уран бүтээлийг олон нийтэд цацах нь хэтэрхий эрсдэлтэй алхам гэж үзэж байсан" гэжээ.
Гэсэн хэдий ч тэд эцэст нь дууг цацахаар шийдсэн бөгөөд "Энэ дуу заавал байх ёстой" гэж үзсэн гэдэг.
NETFLIX-ИЙН АНХНЫ PROFILE ICON-ТОЙ ХАМТЛАГ
BLACKPINK бол "Netflix" видео стрийминг үйлчилгээнд өөрсдийн гэсэн Profile Icon-той болсон анхны хамтлаг. Profile Icon гэдэг нь "Netflix" хэрэглэгчдийн нүүр зураг юм. Фэйсбүүк, Инстаграмын нүүр зургаас ялгаатай нь хүссэн зургаа "Netflix"-ийн нүүр зургаар сонгож болохгүй бөгөөд зөвхөн тус үйлчилгээнд байршсан бүтээлийн дүрүүдийн зургаас сонгон авч солих боломжтой байдаг аж.
Хэрвээ та "Netflix" үйлчилгээний хэрэглэгч бол нүүр зургаа BLACKPINK хамтлагийн гишүүдийн зургаар сонгох боломжтой боллоо!
Эх сурвалж: NY Times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх