YOLO.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг билээ. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Бидний чатыг бусдад үзүүлчихсэн
Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би 16 настай, ахлах ангийн сурагч. Би яг одоогийн сурч байгаа сургуульдаа жилийн өмнө шилжиж ирсэн юм. Хуучин ангид сайн найзууд минь байдаг учраас анх ирэхдээ их ганцаардсан. Одоо эндээ сайн найзуудтай болсон. Манай найзуудын маань харилцдаг групп байдаг юм л даа. Бид тэнд өөрсдийнхөө, мөн бусдын тухай үзэл бодлоо солилцдог. Харин саяхан найзын маань Фэйсбүүк хаягаар нэг хүүхэд ороод бидний бусад хүүхдүүдийн тухай ярилцаж байсан чатуудын зургийг авч хадгалаад тэр хүүхдүүдэд үзүүлчихсэн байх юм. Энэ чинь хувийн нууц биз дээ? Тэгээд тэр хүүхдэд хэлэхээр “надад биш өөрсдөдөө гомд, надад ер нь буруу байхгүй” гээд байх юм.
Яг одоо найзуудад маань үнэхээр хэцүү байна. Зарим нэг нь бүр шилжинэ ч гэж ярьж байна. Тэр чатыг үзсэн хүүхэд нь яг одоо бидэнд маш их уурлаж, биднийг буруутгасан байдалтай байгаа. Яг яах ёстой вэ? Бусдыг муулсан ч бай, сайлсан ч бай энэ чинь хувийн орон зай биз дээ? Хүний хаягаар зөвшөөрөлгүй нэвтэрч орчхоод, зөвхөн өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж солилцдог групп чатыг бусдад үзүүлж зургийг нь хадгалчхаад ямар ч гэм буруугүй мэт аашлаад байгаа учраас үнэхээр их бухимдаж байна. Бас үнэхээр их дарамттай байна. Одоо яах ёстой вэ? Хэт их нуршсан бол уучлаарай.
ЗӨВЛӨГӨӨ: Тэр хүн буруугаа хүлээхгүй байсан ч өөрт төрсөн мэдрэмжээ илэрхийлээрэй
Өдрийн мэнд. Захидал илгээсэнд баярлалаа. Бухимдаж байгааг чинь ойлгож байна. Фэйсбүүк нь олон нийтэд зориулсан нийгмийн сүлжээний хэрэгсэл ч найзуудтайгаа чатлах, ярилцах орон зай нь хувийн байх ёстой ба хэн ч байсан үүнд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Бусдын хувийн орон зайд зөвшөөрөлгүйгээр халдаж, нууцыг нь дэлгэх нь ёс зүйгүй үйлдэл. Гэхдээ одоо буруутанг олох нь чухал уу? Уучлалт гуйж ойлголцох нь чухал уу?
Хүмүүс хоорондоо юуг юу гэж ярилцах вэ гэдэг нь хувийн асуудал боловч тухайн чатанд хэн нэгний бие хүн рүү халдсан буюу доромжилсон утгатай сөрөг зүйлс агуулагдсан бол уучлалт гуйж ойлголцохыг хичээгээрэй. Өөрөөр тайлбарлавал өөрт төрж буй бодол мэдрэмжээ илэрхийлэх, хуваалцах нь сэтгэл зүйн тайван байдлаа хангахад тусалдаг боловч хэрхэн илэрхийлэх вэ гэдэг нь маш чухал. Бусдын талаар шүүмж, таагүй сэтгэгдлийн талаар хэлэхдээ тухайн хүний гадаад дүр төрх, зан чанар, төрөлхийн шинжийг хэлэхээс илүү чамд таалагдаагүй үйлдэл рүү нь чиглэсэн сэтгэгдэл, шүүмж хэлж байгаарай. Учир нь хувь хүнийг нь муухай гэхээс илүү тухайн хүний үйлдлийг муухай санагдсан гэх нь харилцаанд сэв суулгаж бие биенээ гомдоохгүй байхад тусална.
Шилжих нь асуудлаас асуудлыг шийдэх гарц мөн болов уу. Тиймээс хэрвээ энэ асуудлаа шийдэхийг хүсвэл хоорондоо ярилцаарай. Хувийн чатыг нь бусдад тараасан хүндээ “энэ үйлдэл нь надад ингэж санагдсан” энэ ёс зүйгүй үйлдэл гэдгийг дуу хоолойны өнгөө өндөрсгөхгүйгээр ярьж хэлээрэй. Тэр хүн буруугаа хүлээхгүй байсан ч өөрт төрсөн мэдрэмжээ хуваалцахыг хичээгээрэй. Буруугаа хүлээн зөвшөөрөх эсэх нь тэр хүний асуудал юм. Мөн чатанд нэр дурдагдсан хүүхэдтэй ч мөн ярилцаж таагүй сэтгэгдэл төрүүлсэндээ уучлал гуйхыг санал болгож байна. Зүгээр л хүмүүсийн хувийн яриа мэт боловч нэгэнт бусдад ил болсон учраас мөн тэр хүний бие хүн рүү халдсан ч бай үгүй ч бай тэр хүний тухай таагүй, сөрөг зүйлс байсан учраас тэр хүн уурлаж, гомдож байгаа байх. Уучлалт гуйх нь энэ асуудлыг бүрэн шийднэ гэж хэлж чадахгүй ч тодорхой хэмжээнд шийдэхийн тулд үйлдэл хийх нь байдлыг арай дээрдүүлэх болов уу. Амжилт хүсье!
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
АСУУДАЛ: Найзыг маань муулахад чимээгүй сонсдог
Сайн байна уу? Танай хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Мөн зөвлөгөө өгдөгт баярлалаа. Би 17 настай, эмэгтэй. Ер нь нэлээн эртнээс найзуудынхаа тухай сөрөг бодолтой болсон. Миний найзалдаг хүүхдүүд хэд хэд хуваагдчихсан, өөр хоорондоо үнэхээр дургүй. Хооронд нь нийлүүлэх гэж оролдож үзсэн ч шууд л бууж өгсөн. Надад миний найзыг муулж ярихад нь би өмөөрөх үү муулах уу гэдгээ мэддэггүй. Зүгээр л чимээгүй сонсдог. Тэдний яриаг сонсохоор зөв юм хэлээд байгаа мэт санагдаж, “би яах ёстой вэ?” гэсэн асуулт өөрөөсөө асуудаг.
Тэгээд бас найзууд маань надад тийм ч их нээлттэй байдаггүй. Сүүлийн үед би яг зөв хүүхдүүдтэйгээ найзалж байгаа юу гэж бодох болсон. Бараг байнга шахуу худлаа хэлж, өөрийгөө магтаж, бусдын төв болох гэсэн нэгэн, итгээд ярьсан нууцыг маань найз залуудаа хэлчихдэг, өөрийнхөө бодлыг зөв гэдэг нэгэн гээд л сонин найзуудтай гэж бодох болсон. Ингэх тусам найзуудаа муугаар бодож байгаа өөрийгөө ч их буруутгах болсон. Ингэж бодож байгаа нь миний буруу байх. Найзууд маань ийм байгаа нь ч гэсэн миний буруу гэж бодож байгаа. Хэдий ярилцаад шийдэх гэсэн ч шийдэлд үнэхээр хүрч чаддаггүй. Би л буруутан болоод дуусчихдаг.
Найзуудтайгаа байхдаа гаднаа инээгээд л байдаг ч дотроо уйлж, уурлаж байдаг болсон. Ярилцаад суухад өмнөх шигээ дотно, гоё байхаа больсон. Намайг ойлгодоггүй. Сүүлийн үед би нээх юм хэлэхээ ч больсон бусдад ярьчихдаг болсон болохоор л энэ нь зөв байх гэж бодож байгаа. Өөрийн шийдвэрийг өөрөө гаргах ёстой гэж боддог хэдий ч найзууд маань дэмжихгүй байвал яана гэх айдастай болсон. Сүүлийн хэдэн жилд би муу ч нэртэй болсон. Бас сургууль дээрээ ч гэртээ ч тэр багахан асуудалтай болсон. Энэ хүмүүс л байхгүй бол би амьдарч чадахгүй гэж их боддог. Тиймдээ ч зайгаа барьж үг хэлж чаддаггүй. Каринтинд ороод холбоо барих нь багасаад уулзахгүй болонгуут би ганцаараа байсан ч зүгээр юм байна гэж бодож байгаа. Ийм үед яах ёстой вэ? Найзуудаасаа зай барьж хөндийрөх хэрэгтэй юу? Эсвэл найзлаад л байх уу?
ЗӨВЛӨГӨӨ: Чамд таалагдахгүй байгаа үед өөрийгөө хүчлэх хэрэггүй болов уу
Өдрийн мэнд, захидал илгээсэнд баярлалаа. Ганцаардахаас, орхигдохоос айдаг юм шиг санагдлаа. Хэрэв тийм бол энэ мэдрэмж нь юунаас үүдэлтэй гэж бодож байна вэ? Ганцаараа байх болон ганцаардах хоёр хоорондоо ялгаатай. Тэгвэл яг юу чамайг ганцаардуулдаг вэ? Өмнө нь найзуудынх нь зан байдал одоогийнхоос хэр ялгаатай байсан бэ? Тухайн үед чамд таалагддаггүй талууд илэрдэг байсан уу? Найзуудынхаа харилцаанд өөрийгөө их буруутгадаг бололтой. Гэвч харилцаа ямар ч нөхцөл байдалд хүрэхэд бүх харилцагчдын оролцоо нөлөөлдөг. Тиймээс энэ бүхэнд чи ганцаараа буруугүй. Мөн найзуудын харилцааг ганц хүн авч явдаггүй учир чи ганцаараа хичээсэн ч үр дүн гарахгүй байх боломжтой.
Мөн найзууддаа илэрхийлж хэлээгүй олон бодол, мэдрэмж байгаа бололтой. Тиймээс тэдэнд өөрийн мэдрэмжээ үнэн бодитоор хуваалцан тэднээс яг юу хүсээд байгаагаа тодорхойлон ярилцахыг санал болгож байна. Түүнчлэн найзууд нь бас юу мэдэрч, юу бодож байгааг нь асууж сайн сонсоорой. Хэрэв ярилцсан ч тодорхой үр дүнд хүрэхгүй байвал заавал хамт байх хэрэгтэй юу? Энэ чиний сонголт. Ойр дотнын хүмүүс нь өөрийнх нь мэдрэмжийг ойлгохгүй байх үед хүн ганцаардаж, хэрэв тэднээс холдвол өөрийг сонсох өөр хүн байхгүй мэт санагддаг. Гэвч энэ нь бодлын алдаа байх боломжтой бөгөөд одоо байгаа найзуудтайгаа харилцахаа больчихвол дахин найз нөхөдтэй болохгүй гэсэн үг биш юм шүү. Өөрөөр хэлбэл чамд таалагдахгүй байгаа үед, тэр харилцаанаас чи сэтгэл ханамж авахгүй байгаа үед, хичээсэн ч үр дүнгүй байх үед заавал өөрийгөө хүчлэх хэрэггүй болов уу.
- Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач Д. Намуун
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх