Анимэ, манга-нд дурлагсдын заавал үзэх “МАНГА-ХОКУСАЙ-МАНГА” үзэсгэлэн


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-04-15

Япон, Монгол улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “МАНГА-ХОКУСАЙ-МАНГА” үзэсгэлэнг зохион байгуулж байна. 2016 оноос дэлхийг тойрон аялсан Доминиканы Бүгд Найрамдах Улсаас Монгол улсад ирээд буй тус явуулын үзэсгэлэнг 2022 оны дөрөвдүгээр сарын 8-наас тавдугаар сарын 8-ны өдөр хүртэл Монгол Арт Галерейд очин үзэх боломжтой. 

Зураг бүр дээр өөрийн гэсэн түүх, тайлбар бичсэн нь үзэсгэлэнг шимтэн үзэх нэгэн шалтгаан болжээ. 19 дүгээр зуунаас өдийг хүртэлх манга зурагт номын хөгжил түүхийг харуулахаас гадна төрлүүдийг цогцлоон харуулжээ. Гарын хөдөлгөөн, царайны хувирлыг манга бүтээлд хэрхэн дүрсэлдэг болохыг үзэсгэлэнд тусгаж  өгсөн ба фото зураг мэт чадварлаг зурсан нүд баясгах бүтээлүүд уг үзэсгэлэнд цөөнгүй байлаа. Хокусай манга үзэсгэлэн нь Япон улсын соёл, амьдралын өвөрмөц хэв шинж болон тус улсын сэтгэл татам өнгө төрхийг харуулах зорилготой аж. 

Нийтдээ долоон зураачийн бүтээлүүд дэлгэгдэж буй бөгөөд чөлөөт уран сэтгэмжээр дүүрэн бүтээлүүд байна. Манга, анимэ сонирхогч хэн бүхэн үзэсгэлэнг зорин  манга хөгжлийн жимээр аялаарай.

#мэдээ