“Икс хүмүүс” ертөнцийн хамгийн алдартай супер баатар болох Волвериний тухай сүүлчийн кино болох “Логан” нээлтээ хийгээд удаагүй байгаа ч багагүй амжилт үзүүлээд байгаа билээ. Та бүхэнд энэ удаа Волвериний дүрээр олонд танигдсан жүжигчин Хью Жекманы ярилцлагыг хүргэж байна.
-Киноны гол дүрийн баатар маань Волверин байхаасаа залхсан, Логан хэмээх хуучин нэрээ эргүүлэн авч байгаа нь гардаг. Та ч бас Волверинээс залхчихсан хэрэг үү?
-Би “Логаныг” анх бусад үзэгчдийн хамт кинотеатрт үзэхдээ тоглосон дүрээсээ залхах биш харин ч урьд урьдынхаасаа илүү хайрлах болсноо мэдэрсэн. Явах цаг болсон. Яг одоо явж байгаадаа ч баяртай байна. 16 жилийн турш би Волверинд нэг тийм гүн гүнзгий, тайлбарлахад хэцүү зүйл оршин байгаа, тэрийг нь хэн ч хэзээ ч тайлах гэж оролдож байгаагүй талаар бодсоор ирсэн. Энэ нь миний сэтгэлийг зовоодог байсан.
Нэг удаа шөнийн нислэгийн дараа, цагийн зөрүүнээс болж унтаж чадахгүй хэвтэж байгаад би гэнэт үүрийн дөрвөн цагт босоод л гар утсандаа хэрэв би дахиж Волвериний дүрд тоглохоор шийдвэл түүний талаарх сүүлчийн кино ямар байж болох талаар баахан өөр хоорондоо холбоогүй үг, өгүүлбэрүүдийг гар утасныхаа дуу хураагуурт бичиж авсан юм. Тэгээд би найруулагч Жим Мэнголд руу залгаж, энэ талаар хэлсэн. Би тэр шөнө миний толгойд орж ирсэн зүйлтэй 95 хувь нийцсэн киног сая дэлгэцнээ гарахыг үзлээ.
-Таны тэр бодсон зүйл чинь ямархуу утга агуулгатай байсан юм бэ?
-Яг тийм ийм гэсэн тодорхой зүйл байгаагүй ээ. Хэд хэдэн үзэгдэл, тэгээд ямар нэг маш чухал, сэтгэл хөдөлгөсөн зүйл болох мэдрэмж байсан. Жим миний тэр мэдрэмжээс санаа авч, зохиолоо бичсэн. Үр дүнг нь та харсан байх. Би Волверинд өмнөхөөсөө ч илүү хайртай болсон. Мөн түүнтэй салах цаг болсон гэдэгтээ ч итгэлтэй болсон.
Волвериний дүрд тоглосон сүүлчийн кадр миний хувьд нуруун дээрээс хүнд ачаа авч хаясантай л адил байлаа
Хью Жекман
-Салах ёс хэрхэн өнгөрсөн бэ?
-Зураг авалт ерөнхийдөө зохиолд бичигдсэн дарааллаар явагдсан. Сүүлийн хэсгийн зураг авалтын дараа Жим над дээр ирж, “Жаахан амар даа. Өөртөө үүнтэй эвлэрэх цаг хугацаа өг. Тайвшир.” гэж хэлж байсан. Тэр үеийн нам гүм байдлыг би хэзээ ч мартахгүй. Гэтэл тулаантай хэд хэдэн хэсгийн зураг авалт хийх хэрэгтэй болсон. 14 цагийн турш тасралтгүй тулалдах ямар байдгийг та төсөөлөх ч үгүй дээ. Маш хүнд. Тийм болохоор яг үнэндээ Волвериний дүрд тоглосон сүүлчийн кадр миний хувьд нуруун дээрээс хүнд ачаа авч хаясантай л адил байлаа. Өмсгөлөө авч хаяхыг тэсэн ядаж байлаа.
-Өмсгөлөө өөртөө авч үлдсэн үү?
-Энэ удаагийнхыг бол үгүй. Анхны “Икс хүмүүс”-н зураг авалтын үеэр өмсгөлүүд маань урагдаад л, бид хаядаг байсан юм. Хамгийн сүүлийн өдөр над дээр хог ачигч ирээд урагдсан өмсгөлүүдийг маань өгөөд, “Энийгээ гэр лүүгээ аваад яв, хэрэг болно шүү дээ. Үгүй бол өөр хүмүүс авчихна шүү.” гэж хэлсэн. Би түүний үгэнд орсон, тэр өмсгөлүүдээ одоо хүртэл хадгалж байна.
-Гарнаас нь урт төмөр хумс гарч ирдэг хагас хүн, хагас адгуусны дүрд тоглох ямар байдаг вэ?
-Энэ бол дэлхий дээрх хамгийн шилдэг эмчилгээ гэж баттай хэлж чадна. Маш их эрч хүч шаарддаг. Одоо харин юу болохыг хэлж мэдэхгүй л байна. Би ч үглээ өвгөн болж хувирах байх аа. Хоёр жилд нэг удаа Волвериний дүрд тоглох нь миний хувьд сайхан эмчилгээ болдог байлаа. Энэ нь намайг үргэлж жаргалтай болгодог байсан.
-Тэгэхээр “Логан” таны хувьд зүгээр нэг тулаант, адал явдалт уран сайхны кино биш байх нь ээ?
-Энэ бол Жим бид хоёрын хийхийг хүсч байсан кино. Бидэнд “Икс Хүмүүс -9” эсвэл дэлхийг аварч буй супер баатрын тухай ээлжит нэг кино хийх хүсэл байгаагүй. Миний гаргасан санааг авч үзэхгүй гэсэн бол би шууд л татгалзах байсан. Эдгээр хүмүүстэй олон жилийн турш хамтран ажиллаж байгаа ч би өөрийн байр сууриасаа ухрахгүй байх байсан. Өөрийнхөө дүртэй болон үзэгчидтэй тогтоосон харилцаанаас урган гарсан ийм л киног би хүссэн. Энэ зүгээр нэг хэв маягаа өөрчилсөн туршилт эсвэл миний хүсэл сонирхлыг дарах гэсэн оролдлого байгаагүй юм шүү.
Нөгөө талаар “Логан”-д надтай ижил гэх зүйлс огтхон ч байхгүй. Логан хүнтэй ойр дотно холбоо тогтоох талаар бодохоос ч эмээдэг. Гэр бүл гэсэн үг бол түүний хувьд байж болох хамгийн муухай үг, учир нь түүний хайрлаж байсан хүмүүс бүгд үхсэн, тэр үүнд өөрийгөө буруутгадаг.
-Хөгширч буй супер баатруудын талаар тийм ч олон түүх байхгүй ч дахиж нэгийг хийх нь ямар хэрэгтэй гэж?
-Амжилттай эсвэл уруудан явсан ч эцсийн эцэст бид өөрийн дотоод мөн чанартайгаа эвлэрэх болдог. Бид бусдад юуг өгсөн, ертөнцөөс хэрхэн явахаа ойлгох хэрэгтэй. Киноны маань агуулга мэдээж есөн настай жаалуудад зориулагдаагүй. Тэдэнд Волверин байхаас залхсан Волверин таалагдахгүй байх. Бид амьдралын туршлага, үхэл болон амьдралын үнэ цэнийн тухай өгүүлсэн, насанд хүрэгчдэд зориулсан киног бүтээсэн. Ийм төрлийн кино цөөн байдаг.
-Таныг залхсан болохоор Волверин хөгширсөн гэсэн үг үү? Эсвэл комиксоос сэдэвлэсэн кино хэт олон болсноос болов уу?
-Кино болон комиксууд үүнд ямар ч хамаагүй. Гол утга учир нь киноны гол дүрдээ л байгаа юм. Энэ түүхийг би өөртөө болон үзэгчдэд зориулж дуусгаж өгөх ёстой байсан. Намайг боллоо гэсэн цагт л үүнийг хийх нь зөв байсан юм. Удахгүй миний амилуулсан Волверинээс хавь илүү Волверин гарч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Яг одоо бол Волвериний ертөнц бараг л үгүй болсон. Комиксийн баатрууд үхэж л байдаг. Энэ нь сайн хэрэг шүү дээ.
Комиксууд баатруудаа төгс мэтээр бүтээхээ хойш тавиасай гэж хүсдэг. Сайн санаатай баатрууд муу санаатнуудтай тэмцдэг нэгэн хэвийн байдлаас залхаж байна. Бүх комикс ийм гэж хэлээгүй шүү. Цаана чинь хэдэн мянган өөр ертөнц, өөр Волверинууд байна. Гэвч миний мэддэг “Икс хүмүүс”-ийн ертөнц үгүй болсон.
-Та үнэхээр “Deadpool” киноны шинэ ангид тоглохоосоо татгалзсан гэж үү?
Тийм ээ! Тэд бүр үүнийг сонсохыг ч хүсээгүй. Арайхийж тэдэнд ойлгуулсан. Эхний анги нь надад үнэхээр таалагдсан. Нэг тийм гаж, содон, ер бусын инээдтэй санагдсан. Райан Рейнольдстой бид дотны найзууд учраас “Deadpool”-н дараа би түүнд баяр хүргэсэн. Одоо тэр “Логан”-ы гаргасан амжилтанд маань баяр хүргэж байна.
-“Икс хүмүүс” ард хоцорлоо. Та одоо юу хийх вэ?
-Надад нэг тийм гэнэтийн зүйл хэрэгтэй байна. Надад тийм дүр санал болгоосой гэж хүсч байна. Таалагдвал би шууд л зөвшөөрнө. Би одоо хөгжимт жүжигт тоглож байна. Гэр бүлээрээ үзэхэд зориулагдсан, ямар ч цус нөжгүй жүжиг. Аз жаргал, эв нэгдлийн тухай.
Үзэж дуусаад л толгойноос арчигдах тийм кино биш, хүнд юм бодогдуулсан кинонд тогломоор байна. Ямар нэг сорилт зайлшгүй хэрэгтэй байна. “Икс хүмүүс”-т тоглох болгондоо тийм зүйл мэдэрдэг байсан. “Икс хүмүүс” надад хэзээ ч ядаргаатай, уйтгартай санагдаж байгаагүй ээ. Гэхдээ амархан ч бас байгаагүй. “Логан”-д тоглоход гарцаагүй хамгийн хэцүү байсан.
-Уйтгартай санагдаж байгаагүй юм бол танд яг ямар санагдаж байсан юм бэ?
-Ихэнхдээ хүлцэнгүй байдал, бусдад зааж чаддаг байхын тулд байнга өөрөө суралцах байдал. Ажилтай байх, тэр ажилдаа дуртай байх нь маш том аз завшаан юм.
-Хүүхэд хүмүүжүүлэх нь танд амар байдаг уу?
-Нэг удаа би хүүхдийн хүмүүжлийн талаар Их Британийн нэгэн нэртэй сэтгэл зүйчээс их олон зүйл асууж байсан юм. Тэрээр гүнзгий амьсгаа аваад, “Та нар бүгдийг дандаа хүндрүүлэх юм. Тэднийг хайрла, хоолло. Ингэхэд л хангалттай.” гэж хэлж байсан юм.
-Асуудалд өөдрөгөөр хандаж, нээлттэй ярьж чаддаг тань гайхшруулах юм. Жишээ нь та базалиомынхоо (нэгэн төрлийн арьсны хавдар) талаар ний нуугуй ярьдаг, гэтэл алдартнууд иймэрхүү зүйлсийг нуудаг шүү дээ.
-Би үүнийхээ талаар хэд хэдэн шалтгааны улмаас харин ч нэг нуухыг хүсээгүй. Нэгдүгээрт, хүмүүс ээ, биеэ бодож эмчид үзүүлж байгаач ээ, нарны хамгаалалттай тос түрхэж байгаач ээ, танаас юу ч унахгүй гэж хэлмээр байна. Миний хавдар бол 25 жил өөртөө хайхрамжгүй явсны үр дүн шүү дээ. Залуу байхдаа үүрд амьдрах юм шиг л бодож явж. Хоёрдугаарт, одоогийн манай олон нийтийн хэвлэл мэдээлэлд хавдар гэдэг үгийг хэтэрхий “аймаар” утгаар нь хэрэглэдэг. “Та хавдартай болоод удахгүй үхэх гэж байгаа болохоор Волвериний дүрд тоглохоо больж байгаа юм уу?” гэсэн асуултанд “Үгүй ээ, би үхэх болоогүй ээ” гэж хариулахаар хэн ч итгэдэггүй.
-Нийгмийн сүлжээний эрин үед нэр алдартай байх ямар байдаг вэ?
-Нийгмийн сүлжээ байгаа нь сайн хэрэг. Өмнө нь папарациуд миний араас хөөцөлддөг байлаа. Одоо би гар утсаа аваад л сэлфи хийхэд л папарациуд миний араас хөөцөлдөх нь ямар ч утгагүй болж байгаа юм. Би гадагшаа гарахдаа илүү тайван болсон, гудамжинд танихгүй хүмүүстэй чөлөөтэй харилцах болсон. Өмнө нь би үүнээс зайлсхийдэг байсан. Твиттерт хандивын үйл ажиллагаа, кинонууд, хоолны талаар гээд олон сэдвийн талаар идэвхтэй бичдэг. Эхэндээ сандардаг байсан. Энэ бол эхэлсэн л бол эргэж буцаж болохгүй харилцаа юм. Яг үнэндээ надад ерөөсөө ч хүнд санагдаагүй. Дээрээс нь бас ашиг тустай.
Жишээ нь, найз продюсер маань өөрийн кинондоо зориулсан 52 ширхэг постер тавиад аль таалагдаж байгаадаа саналаа өгөхийг хүмүүсээс хүссэн. Санал өгсөн 98 хувь нь тэдгээрийн нэгийг нь хамгийн шилдэг нь юм байна гэж санал өгсөн. Найз маань киноныхоо постерийг ингээд л сонгочихсон. Нийгмийн сүлжээ байхгүй байсан бол тэр үүнд хэдэн сая доллар зарцуулах байсан шүү дээ.
-Берлины кино наадмын үеэр таныг дугуй унаад явж байхыг харсан байна лээ. Киноныхоо нээлтийн дараа та шууд дугуй унаад л яваад өгсөн гэж үү? Та өөрийнхөө дугуйг Берлинд авчирсан гэж үү?
-Үгүй ээ, би тэндхийн дугуйг л түрээсэлсэн юм. Тэр жинхэнэ одууд л өөрсдийн хувийн дугуйгаа байнга авч явдаг байх. Дугуй л харах юм бол дээр нь суугаад давхичихдаг хүн л дээ би. Дугуй чинь Берлинд энгийн л нэг тээврийн хэрэгсэл юм байна лээ, яагаад болохгүй гэж?
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх