Энэ сарын 11-нд цацагдсан tvN-ийн “You Quiz on the Block” нэвтрүүлгийн тусгай зочноор Blackpink хамтлагийн гишүүн Rose оролцжээ. Тэрээр эл нэвтрүүлэгт Blackpink-ийн гишүүд, Bruno Mars-ын зан чанарын тухай болон дадлагажигч байх үеийнхээ гунигтай дурсамжаас хуваалцжээ.
Нэвтрүүлгийн үеэр хөтлөгч Yoo Jae Seok Rose-ээс хамтлагийнхаа гишүүдийг санаж байна уу гэж асуув. Blackpink хамтлаг 2023 оны арванхоёрдугаар сард YG Entertainment-тай хамтлагийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэрээ хийсэн билээ. Одоо гишүүд бүгд соло уран бүтээлчээр өөр өөр агентлагуудад харьяалагдаж байгаа юм.
Yoo Jae Seok-ийн асуултад Rosé “Санах үе зөндөө. “APT” цацагддаг өдөр би Лисатай видео дуудлагаар нэг цаг гаруй ярьсан. Жисү эгчтэй утсаар ярих боломжтой ч бид ихэвчлэн мессежээр харилцдаг. Сая нэг цаг гаруй бичилцсэн. Харин Женни хаа нэгтээ “APT” дуу эгшиглэж байвал тэр видео явуулдаг. Бүгдээрээ их завгүй учраас тэднийг санаж байна.
Одоо бид тус тусдаа уран бүтээлчийн хувиар хөгжиж байгаа энэ цаг хугацаа маш чухал. Харин бид эргээд хамтдаа болбол сэтгэлээс гарсан олон зүйл бий болж, илүү хөгжилтэй байх болно гэж бодож байна” гэжээ.
Мөн өнөөдрийн энэхүү нэвтрүүлэгт дэлхийн поп од Bruno Mars-тай хамт оролцох гэж байсан тухайгаа хэлж хөтлөгчдийг гайхшируулав.
Тэрээр “Үнэндээ, Bruno өнөөдөр надтай хамт ирэх гэж байсан. Харамсалтай нь визний асуудлаас болоод ирж чадаагүй. Тэр их ичимхий хүн л дээ. Гэхдээ солонгост ямар нэгэн зүйл хийж үзэхийг үнэхээр их хүсдэг” хэмээн ярьжээ.
Нэвтрүүлгийн хөтлөгч Jo Se Ho Bruno-ийн дүр төрхийг дуурайж хувцасласнаар үзэгчдэд инээдэм бэлэглэсэн байна. Тэрээр Bruno Mars-ийн алдартай тайзны хувцас болох хар савхи, саравчтай малгай, нүдний шилийг ч марталгүй зүүж деталь бүрд нь нарийн анхаарч ажилласан тухай хэлэн хөгжилдөв. Тэд үргэлжлүүлэн Rose-ийн дадлагажигч байх үеийг дурсан ярив.
Rose YG-ийн шалгаруулалтад тэнцэж 16хан настай байх үедээ Солонгост дадлагажигчаар ирж байсан юм. Тэрээр “Би өдөр бүр уйлж, ээж аавтайгаа видео дуудлага хийдэг байсан. Аав маань надад хэтэрхий хэцүү байвал Австрали руугаа буц гэж хэлсэн ч надад буцна гэдэг бодол огт байгаагүй. Би дуучин болох мөрөөдлөө биелүүлэхээс нааш Солонгосоос явахгүй гэж өөртөө амласан” гэв.
Түүнийг анх Австрали улсаас явахад хүн бүхэн яах гэж байгааг нь асуухад намайг хүлээгээд харж байгаарай гэж хэлээд ирсэн болохоор хийж бүтээсэн зүйлгүй буцах бодолгүй байсан гэнэ. Энэ бодол л түүнийг урагшлуулах гол шалтгаан болжээ. Мөн дадлага хийж байхдаа өөрийгөө хамгийн муу мэтээр төсөөлж байсан бөгөөд магтуулж байсан үеэ хэзээ ч мартаж байгаагүй талаар нүдэндээ нулимс цийлгэнүүлэн ярилаа.
Rose “Би өөртөө итгэлгүй байсан болохоор хүссэн хэмжээгээрээ бэлтгэл хийж чаддаггүй байсан. Бид бэлтгэлийн өрөөг хувааж ашигладаг байсан тул би бусдын хажууд дасгал хийхээс ичдэг байсан. Тиймээс хүн байхгүй үед л хүссэн зүйлээ хийх боломжтой. Бэлтгэлээ хийсээр үүрийн гэгээ орох үед л би өөрийгөө бэлтгэлээ сайн хийлээ гэж боддог байсан.
Багш маань хичээл дууссаны дараа Лиса, Чэёныг алга ташиж урамшуулцгаая гэж хэлсэн. Лиса маш сайн бүжиглэдэг байсан тул би түүнийг дуурайж бүжиглэхээр их хичээдэг байлаа. Тэр өдөр миний нэрийг Лисагийн нэртэй хамт дуудсаныг сонсоод мөрөөдөл минь биеллээ гэж бодож байсан” хэмээн хэлэв.
Rosé-ийн илэн далангүй яриа, Jo Se ho-гийн хошин "пароди" нийлж, энэ удаагийн "You Quiz on the Block" нэвтрүүлэг үзэгчид болон түүний үнэнч фенүүдэд томоохон хөгжөөн бэлэглэсэн хөгжилтэй дугаар болсон байна.
Эх сурвалж: Koreaboo, Maeil newspaper, Dipe Co Kr
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх