Өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдрийг дэлхий даяар анх удаа тэмдэглэж байна. 11-р сарын 20 бол НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц батлагдсан өдөр бөгөөд энэ жилээс эхлэн Дэлхийн Хүүхдийн Өдөр болгон тэмдэглэж байхаар тус сангаас уриалсны дагуу дэлхийн 130 гаруй орон нэгджээ.
Энэ өдөр хүүхдүүд өөрсдөд нь тулгамдсан асуудлаар томчуудад дуу хоолойгоо өргөж, томчууд хүүхдүүдээ сонсож, тэдний төлөө "За" гэж хэлэх өдөр юм. Өнөөдөр дэлхийн 130 гаруй улс оронд хүүхдийн дуу хоолойг сонсох өндөр хэмжээний арга хэмжээнүүд, санал санаачилгууд өрнөж байна.
Дэлхийн Хүүхдийн Өдөр бол зөвхөн хүүхдэд зориулсан төдийгүй хүүхдүүд өөрсдөө идэвхтэй оролцсон өдөр байна. Тухайлбал, өнөөдөр Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд 150 гаруй хүүхэд оролцсон өндөр хэмжээний арга хэмжээ болж, дэлхийн нэр хүндтэй уран бүтээлчид, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцон дэлхийн хамгийн эмзэг, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн нэрийн өмнөөс дуу хоолойг нь өргөх юм.
Мөн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Элч алдарт хөл бөмбөгчин Дэвид Бэкхэм хүүхдүүдтэй ярилцаж, дэлхийн нийтийн асуудлаарх тэдний үзэл бодлыг сонсож байгаа богино видеог олны хүртээл болгоно.
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдрийг танилцуулах хүрээнд Монголын хүүхэд багачуудын эрүүл мэндэд заналхийлж буй агаарын бохирдлын асуудалд дахин олон нийтийн анхаарлыг хандуулахыг зорьж байна. Хүүхэд эхийн хэвлийд дөнгөж бүрэлдсэн мөчөөс эхлэн утаагаар хордож эхэлдгийг дэлхийн олон судалгаа нотолж байна.
Агаарын бохирдлоос болж ээж нар дутуу төрөх, үр зулбах эрсдэлд орж байна. Монгол Улсад зунтай харьцуулахад өвлийн улиралд дутуу төрөлт, үр зулбалт 5 дахин нэмэгдсэн судалгаа бий. Түүнчлэн өвлийн улиралд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг 6 дахин нэмэгддэг. Мөн бронхит болон астма хүүхдүүдийн дунд нэмэгдэж байгаа нь тэдний сурах, хөгжих боломжийг хязгаарлахад хүргэж байна.
Үүгээр зогсохгүй утаа нь эхийн хэвлийд байгаа хүүхдийн тархины хөгжилд нөлөөлж, яваандаа сэтгэцийн болон зан төлөвийн өөрчлөлтөд оруулах эрсдэлтэйг олон улсын эрдэмтэд сүүлийн үед нотолсоор байна. Тиймээс агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоо чухлыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас Дэлхийн Хүүхдийн Өдөр онцолж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх