Чамд ямар нэгэн асуудал тулгарахад чи хаана ханддаг вэ? Хэн нэгнээс зөвлөгөө авмаар байгаа хэдий ч хэнд ч хэлж чадахгүй ямар нэгэн асуудал байгаа бол гэрийнхээ ойр байрлах Өсвөр үеийн клиникт хандаж болох нь ээ. Өсвөр үеийн клиникийн зөвлөгч, сэтгэл судлалын ухааны магистрант Ө.Ариунаатай ярилцлаа.
YOLO: Танай Өсвөр үеийн клиникийн үйл ажиллагаа нь хэрхэн явагддаг вэ?
Бид өсвөр насны хүүхдүүдэд сэтгэлзүйн, нөхөн үржихүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөөг өгдөг. Эрүүл мэндийн хувьд мэргэжлийн эмч үзлэг хийж, оношилдог.
YOLO: Бүлгийн зөвлөгөө гэхээр яадаг юм бол?
Анги хамт олноороо, найзуудтайгаа, хосоороо зөвлөгөө авч болно гэсэн үг.
YOLO: Танай төвд хандаж байгаа хүүхдүүдийн дийлэнх асуудал нь юу байдаг вэ?
Манай төвд хүүхдүүд ихэвчлэн нөхөн үржихүйн асуудлаар ханддаг. Мөн түүнээс гадна сэтгэлзүйн асуудлаар хандах нь ч цөөнгүй бий.
YOLO: Нөхөн үржихүйн эрүүл мэнд дундаа ямар асуудлаар гол төлөв ханддаг вэ?
Бэлгийн харьцаанд орсон болон өөрийгөө халдвар авсан байх магадлалтай гэж үзсэн хүүхдүүд ирдэг. Миний бэлэг эрхтнээс өнгөтэй зүйл гараад байна, загатнаж хорсоод байна эсвэл сарын тэмдэг маань өвдөлттэй ирээд байна, сар алгасаж ирээд байна гэхчлэнгээр олон асуудлаар хандана л даа.
YOLO: Хэрэв өсвөр насны хүүхдэд нөхөн үржихүйн сая дурдсан шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд хэнд хандах ёстой байдаг юм бол?
Хэрэв эцэг эхтэйгээ дотно байдаг бол тэдэнтэйгээ өөрт тулгараад буй асуудлаа ярилцах хэрэгтэй. Эсвэл нэн түрүүнд өөрийн биеэр Өсвөр үеийн клиникийн эмчид хандах боломжтой. Ээжтэйгээ, аавтайгаа асуудлаа ярилцчихаад шийдвэрлэж чадахгүй байгаа бол манай төвд ч ирж хамт зөвлөгөө авах бүрэн боломжтой юм. Эсвэл тухайн хүүхэд эцэг эхдээ хэлэлгүйгээр ганцаараа, найзтайгаа ирсэн ч бид асуудалд зөвлөгөө өгч, шаардлагатай бол шинжилгээ авч, өвчнийг нь оношилж болдог.
YOLO: Танайх Чингэлтэй дүүргийн Өсвөр үеийн клиник шүү дээ. Тэгэхээр заавал Чингэлтэй дүүргийн хүүхдүүд ирж үйлчлүүлнэ гэсэн үг үү.
Үгүй ээ, манайх харъяалал харгалзалгүйгээр хүссэн хүүхэд бүрт үйлчлэхэд бэлэн байдаг. Мөн төлбөр мөнгө, бичиг баримт ч шаарддаггүй.
YOLO: Тэгэхээр асуудал тулгараад буй хүүхдэд зөвлөгөө өгөхөөс гадна нууцыг чандлан хадгалдаг байх нь ээ?
Тэгэлгүй яахав. Гэхдээ бид тухайн хүүхдийн амь насанд халтай үйл явдал болсон тохиолдолд эцэг эх асран хамгаалагчид нь заавал мэдэгдэх хэрэгтэй байдаг юм. Хэрэв ярилцаад шийдвэрлэж болох эсвэл шинжилгээ өгч оношлуулаад эм уугаад зүгээр болчихоор байвал хэнд ч хэлэхгүйгээр тухайн хүүхдэд туслахыг л эрмэлздэг.
Гэхдээ бид зөвхөн хүүхдэд зөвлөгөө өгөхөөс гадна эцэг эх, асран хамгаалагчдад өсвөр насны хүүхдийн нөхөн үржихүйн талаар мэдээллийг олгож, хүүхэдтэйгээ хэрхэн харилцах талаар зөвлөгөөг өгөхөд нээлттэй байдаг.
YOLO: Өөрт нь асуудал тулгараад байхад хэнд ч хэлэхгүй, тэр дундаа танайх шиг ийм мэргэжлийн зөвлөгч туслагч байхад хандахгүй байгаа хүүхдүүдийн гол шалтгаан нь юу байдаг юм бол?
Айдас. Хэн нэгэн хүнд хэлвэл нууц биш болчихно, загнуулна гэж айдаг. Гэтэл хүн бүр л алдаа гаргадаг шүү дээ. Намайг том хүн, эмч гэдэг утгаар нь хүлээж авахгүй байх хэрэгтэй. Асуудлаа яриад, тусламж авах гээд ирэх хүүхдүүдийн хэнд ч зөвлөгөө өгөөд туслахад бэлэн байх болно. Мэдлэг мэдээлэлгүй байж болох ч айдсаасаа болж асуудлаа улам хүндрүүлсээр байдаг. Чи асуудлаа хэдий чинээ эрт шийдвэрлэж чадна төдий чиний чамд л амар байх болно шүү дээ. Тэгэхээр асуудлаа шийдвэрлэхийн тулд Өсвөр үеийн эрүүл мэндийн төвд хандаж болно. Манай төвд ирж ярилцаад зөвлөгөө авахаараа хүүхдүүд дахин дахин ирэх хандлагатай болдог юм.
YOLO: Танай клиникт хандаад одоо асуудлаа шийдвэрлэж чадсан олон л хүүхэд байгаа байх. Гэхдээ таны хувьд хамгийн сайн үр дүнд хүрсэн хүүхдийн талаар ярьж өгөөч?
Одоогоос тав гаруй жилийн өмнө нэг эгч уйлсаар орж ирсэн юм. Ганц охиноо газар гишгүүлж, гал үлээлгэхгүй, дутагдах гачигдах зүйлгүй сайхан өсгөсөн. Гэтэл охин нь тамхи татдаг. Гэхдээ гадуур тэнэж, орой үдэш явдаггүй. Охиноо хайрлаад хатуу аргаар загнаж чаддаггүй, “Миний охин, тамхи татахаа болихгүй юм уу” гэхээр “Удахгүй гарчихна аа” гээд л яваад байж. Аав, ээж хоёр нь ихэд л гутарсан байсан.
Тэгээд нэг өдөр охиныг дагуулж ирээд бид хоёр их удаан ярилцсан. Ангийнх нь дарга хүү өөрт нь сайн үерхье гэсэн саналыг хэлсэн байсан. “Тэр хүү надад их таалагддаг, гэхдээ тэр тамхи татдаггүй” гэсэн юм. “Тэгвэл чи түүнд сайн юм чинь үерхлээ гэж бодоход чамаас тамхи үнэртээд байвал түүнд таагүй санагдах нь мэдээж. За тэр хүлээн зөвшөөрлөө гэхэд чи ирээдүйд хүүхэд гаргана. Хүү/охин чинь “Миний ээж тамхи татдаг” гэх нь байна. Бас хадмууд чинь “Манай бэр тамхи татдаг” гэсэн нэг сул тал чамд бий болно гэсэн үг. Гээд тоочоод байвал эрүүл мэнд талаасаа ч байнга сөрөг үр дагаварыг дагуулж байдаг” гээд би түүнд ойлгуулах гэж их хичээсэн.
Харин тэр охин өөрөө ч тамхиа хаях чин хүсэлтэй байсан учраас бид хоёр тамхинаас гарах арга зохиосон. Түүний өдөрт татах тамхины хэмжээг багасгах хувиар гаргасан юм л даа. Эхний өдөр 4 байсан бол, маргааш нь 3, дараа нь 2 тамхи гэж хассаар түүнээс хойш тамхигүй өдрүүдийг өнгөрөөнө гэж надад амласан. Мөн ээжээр нь хүүхдээ хайрладаг хайрыг нь илэрхийлж цаасан дээр бичүүлээд охинд нь уншуулсан. Охин ээжийнхээ бичсэнийг уншаад эхэр татан уйлсан юм.
Охин амлалтандаа хүрсэн. Өнөөх хүүтэйгээ суугаад хөөрхөн хүүтэй болсон гэдгээ надад утсаар дуулгасан. Бас тамхиа дахиж хэзээ ч татаагүй гэсэн. Ээж нь ч бүр хөл нь газар хүрэхгүй баярласаар ирж билээ. Энэ явдал л санаанаас минь гардаггүй юм даа.
YOLO: Хүүхдүүд найз нөхдөөсөө их мэдээлэл, зөвлөгөө авдаг. Ингэх нь зөв үү?
Өсвөрийн хүүхдүүдийн хамгийн итгэлтэй, цорын ганц хүн дотны найз нь байдаг. Тиймээс л асуудлаа шууд л найздаа хэлж зөвлөгөө авах гэдэг.
“Наадах чинь ингэдэг гэсэн. Чи тэгчих, ийм эм аваад уучих” гэсэн найзынхаа дам ярианд шууд итгэж болохгүй. Энэ нь чиний асуудлыг, өвчнийг бүр хүндрүүлэх магадлалтай. Тиймээс ямар нэгэн асуудал тулгарсан л бол насанд хүрсэн гэр бүлийн дотны хүндээ эсвэл өсвөрийн клиникт буюу мэргэжлийн хүнд л хандах хэрэгтэй.
YOLO: Ярилцсанд баярлалаа.
Бусад дүүрэг болон аймгуудын Өсвөрийн үеийн клиникийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид удахгүй хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх