Өдөр бүр таны хэрэглэдэг зүйлсийг хэн нэгэн мэргэжлийн түвшинд туршиж, шалгаж, боловсруулдаг гэдгийг мэдэх үү? Зарим хүмүүс чихэр үнэрлэж, хүүхдийн нэр судалж, шатаар алхах ажлыг хүртэл мэргэжил болгожээ.
Өнөөдрийн нийтлэлээр эдгээр ажил мэргэжлүүдийн талаар сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байна.
Мөсөн дээр урлаг бүтээгч
Дундаж цалин: АНУ-д жилийн 35,000 – 70,000 ам доллар
Мөсөн дээр урлаг бүтээгч буюу мөсны барималч нь мөсны нарийн жижиг хэсгүүдэд сийлбэр сийлж, өвөрмөц хэлбэр дүрс гаргаж буй хүмүүсийг хэлдэг. Сийлбэр сийлж байх хугацаанд мөс нь хагарах, бутрах мөн хүйтэн орчинд удаан ажиллах зэрэг олон асуудал тулгардаг нарийн ур чадвар, хатуужил шаардсан мэргэжил юм. Хэдэн өдөр хатуу нөхцөлд сууж хийсэн мөсөн сийлбэр нь удаан хугацаанд оршин тогтнохгүй нь харамсалтай.
Эл мэргэжил ховор байдаг ч сүүлийн жилүүдэд мөсөн зочид буудал, мөсөн үзэсгэлэн газрууд ихэсч байгаа тул энэ төрлийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэх төлөвтэй байна.
Амт, үнэр судлаач
Дундаж цалин: Шинэ ажилтан болон дадлагажигч нар жилийн 40,000 – 60,000 доллар харин олон жил ажилласан, туршлагатай ажилчид 150,000 доллараас дээш цалинжина.
Амт, үнэр судлаач буюу "Flavorist" мэргэжил нь хоол хүнс, ундаа, гоо сайхан, гэр ахуйн бүтээгдэхүүний амт, үнэрийг судлан боловсруулах үүрэгтэй өндөр ур чадвар шаардсан сонирхолтой салбар юм.
Чихэр үнэрлэгч
Дундаж цалин: АНУ-д жилийн 50,000 – 100,000 ам доллар
Энэхүү мэргэжил нь шоколад, бохь, чихэр гэх зэрэг амттаны үнэр, амтыг нарийн судалж бүтээгдэхүүний чанарыг шалгадаг хүн юм. Зарим үед тухайн амттаныг амталж болохгүй байх тохиолдол бий. Энэ үед зөвхөн үнэрээр нь ялгаж, мэдрэх шаардлага тулгардаг байна. Хоол судлал, химийн мэргэжилтэн, өндөр мэдрэхүйтэй хүмүүс уг ажлыг хийхэд тохиромжтой. Зарим үнэрлэгчид өдөрт 50 хүртэлх төрлийн чихэр, шоколад үнэрлэдэг аж.
Цасны цаг уурыг урьдчилан шинжээч
Дундаж цалин: АНУ-д жилийн 50,000 – 100,000 ам доллар
Цаг уурын шинжээч гэж байдаг даа. Түүн шиг цасны цаг уурыг шинжигч гэх мэргэжил байдаг гэнэ. Эл мэргэжил нь цас, мөстэй хүйтэн газруудын цаг агаарын нөхцлийг урьдчилан таамаглаж, цас мөсний байдал, хальтаргаа гулгаа, аюул ослын магадлалыг үнэлэх ажлыг гүйцэтгэдэг аж. Мөн цасны хунгар үүсэх, мөсөн давхаргын зузаан, хайлах явц зэргийг нарийн судалгаатай, шинжилгээтэй хийдэг тул ховор мэргэжилд тооцогддог байна.
Хүүхдийн нэр судлаач
Дундаж цалин: АНУ-д жилийн 40,000 – 75,000 ам доллар
Нэр нь хүүхдийн амжилтад нөлөөлдөг болохыг судалгаагаар баталсан. Тиймд эцэг эхчүүд мэргэжлийн нэр судлаачдын тусламжтайгаар хүүхдэдээ нэр өгдөг болжээ. Хүүхдийн нэр судлаач нар нэрний утга, гарал үүсэл, тухайн жилийн трендийг судалж, хүүхдийн ирээдүйд хэрхэн нөлөөлөх талаар зөвлөгөө өгдөг байна. Энэ төрлийн мэргэжил эрэлт хэрэгцээ бага хэдий ч сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна.
Хувцасны түүхч
Дундаж цалин: АНУ-д жилийн 50,000 – 80,000 ам доллар
Хувцасны түүхч нь түүхэн хувцас, загварын соёлыг дэмжих, хамгаалах, таниулахад чиглэсэн мэргэжил юм. Тэд ихэвчлэн музей, сургууль, загварын эрдэм шинжилгээний байгууллага эсвэл хувцасны салбарт ажилладаг. Хувцасны түүхэн хэв загвар, материал, үйлдвэрийн технологийн талаар судалгаа хийх, судалгааны үр дүнг тайлагнах, хурал семинар зохион байгуулах үүрэгтэй.
Шатны тестлэгч
Дундаж цалин: АНУ-д жилийн 40,000 – 70,000 ам доллар
Хамгийн сонирхолтой, содон мэргэжлүүдийн нэг бол шатны тестлэгч. Тэд барилгын компаниудын захиалгаар шатны аюулгүй байдал, эвтэйхэн алхах боломж, чанарын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалгадаг мэргэжилтэн юм.
Хувцасны туршигч
Дундаж цалин: АНУ-д жилийн 30,000 – 70,000 ам доллар
Тус мэргэжил нь дизайнер, үйлдвэрийн комданиудын шинээр гаргаж буй хувцсыг туршиж, тэдгээрийн тохиромж, тав тух, загварын талаар саналт хүсэлтээ өгдөг. Мөн хэрэглэгчдээс судалгаа авах, загварын шоу, зураг авалтад оролцож хувцасны загвар судлах үүрэгтэй.
Шоколадны шинжээч
Дундаж цалин: АНУ-д жилийн 50,000 – 80,000 ам доллар
Энэхүү мэргэжил нь шоколадны үйлдвэрийн үйл явцад хяналт тавих, хэрэглэгчийн шаардлага болон компанийн онцлогийг онцолсон амт чанарыг судлах, шинэ бүтээгдэхүүн гаргахад туслах үүрэгтэй. Мэргэжилтнүүдийг чихэрлэг амт, шоколадны төрлүүдийг сайн ялгадаг, амтлах чадвар сайтай, шинжлэх ухаан болон маркетингийн ойлголттой байхыг шаарддаг аж.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх