ЗАХИДАЛ: Өрхийн эмнэлэг орж үзүүлнэ гэхээс ч санаа зовоод...


ССҮТөв | YOLO.MN
2019-11-21

mail Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ингээд ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Найз залуугаасаа өвчин авчихсан.

Сайн байна уу? Надад нэг асуудал байгаа юм. Би 18 настай. Найз залуутайгаа үерхээд 2 жил болж байна. Би хөдөө 1 сарын хугацаатай явчхаад ирсэн. Тэр үед бид хоёрт холбоо барих боломж байхгүй байсан.

Тэгээд ирснийхээ дараа би найз залуугаасаа өвчин авчихсан.

Яахаа мэдэхгүй шаналж байна. Хаана, хэнд хандахаа мэдэхгүй юм. Гэрийнхэндээ ч хэлж чадахгүй. Өрхийн эмнэлэг орж үзүүлнэ гэхээс ч санаа зовоод... Гэр бүлийнхэнд маань хэлчихвий гээд. За хэлэхгүй байлаа ч дараа нь өрхийн эмнэлэг ороход санаа зовмоор шүү дээ. Надад туслаач.

ЗӨВЛӨГӨӨ: Хувийн мэдээллийг чинь гадагшаа задруулахгүй

Өдрийн мэнд. Захиа илгээсэнд баярлалаа. Одоо чамайг их шаналж, санаа зовж байгааг ойлголоо. Нийгэмд, бусдад харагдах байдал чухал уу? Өөрийн эрүүл мэнд чухал уу? Чамайг эмнэлэгт үзүүлээсэй гэж хүсэж байна. Эмнэлэгт үзүүлэх нь санаа зовох зүйл биш. Тэд ажлаа л хийж байгаа. Хувийн мэдээллийг чинь гадагшаа задруулна гэж айгаад байгаа бол тэгэх хэрэггүй.

Насанд хүрсэн учраас хэрвээ чи зөвшөөрөөгүй бол чиний мэдээллийг хэн ч бусдад задлах эрхгүй байдаг.

Мөн энэ болсон явдал шууд чиний буруу биш учраас өөрийгөө бүү буруутгаарай. Энэ байдлаа найз залуудаа хэлсэн үү? Хэлээгүй бол хэлсэн нь дээр болов уу? Энэ бол чиний ганцаараа үүрэх хариуцлага биш. Мөн хэн ч өөрийгөө бэлгийн замаар өвчин авна гэж төсөөлдөггүй, ялангуяа хосоосоо авна гэж боддоггүй. Гэтэл Монголд залуучуудын дунд бэлгийн замын халдварт өвчний өвчлөл өндөр хувьтай байгаа учир бэлгэвч хэрэглэх нь хамгийн зөв хувилбар юм. Бэлгийн замын халдварт өвчнийг аль болох эрт оношлуулж, эмчилгээ хийлгэвэл бүрэн эдгэрдэг учир энэ захиаг авсан даруйдаа эмчид хандаарай. 

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай. 

#Захидал #Letter