Жонгүгийн HYBE компани дах 8.44 тэрбум воны хувьцааг нэгэн этгээд зарах гэж оролджээ


Б.Саранчимэг | YOLO.MN
2025-03-24

BTS хамтлагийн Жонгүг HYBE компанид 8.44 тэрбум воны үнэ бүхий хувьцаа эзэмшдэг. Монгол мөнгөөр ойролцоогоор 20.26 тэрбум төгрөг болох юм. Гэтэл нэгэн этгээд түүний санхүүгийн мэдээллийг ашиглан, хууль бусаар данс нээж цаашлаад гуравдагч этгээдэд зарсан талаар Big Hit-ээс мэдээллээ.

Жонгүг одоогоор цэргийн алба хааж байгаа бөгөөд энэхүү үйл явдал түүнийг цэрэгт байх хугацаанд буюу 2024 оны нэгдүгээр сарын 6-нд болсон байна. Хэргийг үйлдсэн этгээд Жонгүгийн нэр дээр үнэт цаасны данс нээсэн. Үүний дараа HYBE-ийн 33,500 ширхэг хувьцаа буюу ойролцоогоор 83 тэрбум воныг хууль бусаар шилжүүлсэн байна. Үүнээс 1 тэрбум воны үнэ бүхий хувьцааг гуравдагч этгээдэд заржээ.  

Жонгүг 2024 оны гуравдугаар сард уг хувьцааг буцаан өгөхийг шаардсан иргэний нэхэмжлэл гаргасан хэдий ч жил даамжирч өнгөрсөн сард л шүүхийн шийдвэр гарсан байна.

Шүүхийн шийдвэрт “Жонгүгийн нэрийн өмнөөс залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болсон тул гуравдагч этгээдийн хувьцааг нь буцаах ёстой. Гуравдагч этгээд нь энэ хувьцаа томоохон хувьцаа эзэмшигчийнх гэж сонссон ч, эзэмшигчийн нэрийг шалгалгүйгээр гүйлгээ хийсэн нь томоохон хайхрамжгүй үйлдэл байсан” хэмээн дүгнэжээ.

Дээрх шийдвэрийн дагуу түүний хувьцааг буцаан олгосон хэдий ч, яг хэн хулгайлсан гэдгийг олж илрүүлээгүй байгаа юм. Гэмт этгээд Жонгүгийн бүхий л санхүүгийн мэдээллийг мэдэж байсан тул түүний ойрын хэн нэгэн байж магадгүй гэсэн таамаг байгаа аж. Мөн дан ганц хувьцаа бус Жонгүгийн бэлэн мөнгийг ч шилжүүлэхийг оролдсон талаар эх сурвалж мэдээлжээ.

Энэхүү үйл явдлын дараа Big Hit агентлагаас хууль эрх зүйн арга хэмжээ авч, хамгаалалтын системээ илүү сайжруулна хэмээн мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж: Koreaboo

#BTS #Jungkook #HYBE