Нийслэлийн шилдэг бүтээлч хүүхэд, 2017 оны улсын онцлох 10 хүүхдийн нэг, нисэх загварын спортын дэд мастер З.Чингистэй ярилцлаа.
YOLO: Энэ өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө бидэнд танилцуулаач. Нисэх загварын спортоор хичээллээд хэр удаж байгаа вэ?
-Сайн байцгаана уу? Намайг Занабазарын Чингис гэдэг. 5-р сургуулийн 11-р ангид суралцдаг. Нисэх загварын спортоор хичээллээд 4 жил болж байна дэд мастер зэрэгтэй.
YOLO: Нисэх загварын спортын талаар бидэнд товч ярьж өгөөч?
-Нисэх загвар анх 1965 онд анх үүсэж тэр ондоо Монголд орж ирсэн бөгөөд түүнээс хойш төрлүүд улам нэмэгдэн одоо F-1, F-2, F-3, F-4 гэсэн үндсэн төрлүүдтэй бөгөөд түүнээсээ задарч 60 гаруй жижиг хэсэг төрлүүдтэй болсон. Миний хувьд F-2B буюу уран нислэгийн төрлөөр хичээллэдэг.
YOLO: Хичээллэсэн хугацаандаа гаргасан томоохон амжилтаасаа дурдвал?
-4 жилийн хугацаанд Дэлхийн цомын 2 удаагийн аварга, Хятад Монголын найрамдлын тэмцээний 2 удаагийн аварга, Улаан-Үд хотын олон улсын нээлттэй тэмцээний 2 удаагийн аварга, Улсын 4 удаагийн аварга, Нийслэлийн 5 удаагийн аварга, Улсын онцлох 10 хүүхэд, Нисэх загварын спортын дэд мастерын болзлыг хангаад байна.
YOLO: Энэхүү спортоор хичээллэхэд хамгийн их тусалж дэмждэг хүн чинь хэн бэ?
-Мэдээж гэр бүл, багш нар, эргэн тойрныхон бүх талаараа тусалж дэмждэг. Гэхдээ хүмүүс бүх чадлаараа дэмжсэн ч өөрөө хичээхгүй бол ямар ч зүйлд ахиц гарахгүй.
YOLO: Ирээдүйд ямар мэргэжил эзэмшихийг хүсдэг вэ?
-Нисэхийн инженер болохыг хүсдэг. Тийм ч учраас энэ спортоор хичээллэж байгаа. Олон улсын тэмцээнд оролцож амжилт үзүүлбэл БНСУ, Турк, ОХУ, БНХАУ-ын нисэхийн сургуулиудаас тэтгэлгийн урилга ирдэг.
YOLO: Нисэх загварын спортод насны хязгаар байдаг уу? Сонирхож буй хүүхэд залуучуудад маань хэр нээлттэй байдаг вэ?
-Насны хязгаар байдаггүй. Хичээллэж буй хамгийн залуу тамирчин 6 настай хүүхэд, хамгийн хөгшин тамирчин 60 гаруй настай хүн байдаг. Мөн 70 гарч байгаа багш нар ч байна. Гэхдээ тэмцээнд Junior, Senior гэж хоёр ангилдаг. Junior ангилал нь 21 наснаас доош, Senior нь 21 наснаас дээш хүмүүс оролцдог. Одоогоор Монгол улсад 200 гаруй тамирчид нисэх загварын спортоор хичээллэдэг. Сүүлийн үед хүүхдүүдэд маш боломжтой нээлттэй болж байгаа. Учир нь олон клубууд шинээр нээгдэж байна. Мөн сургуулиудын техник технологийн багш нар маань сургууль дээрээ нисэх загвараар дугуйлан хичээллүүлж байна.
YOLO: Нэг онгоц хэдэн өртгөөр бүтдэг вэ?
-Хэмжээнээсээ хамаараад жижиг бол доод тал нь 200 мянга, том бол дээд тал нь 800 мянгаар бүтдэг. Мотор нь мөн жижиг томоосоо хамаараад 200-500 мянган төгрөг байдаг.
YOLO: Хамгийн ойрын хугацаанд ямар тэмцээн уралдаанд орохоор төлөвлөж, бэлтгэж байна вэ?
-Монгол улсад дэлхийн цомын тэмцээн ирэх долдугаар сард болох гэж байна. Филлипин, БНХАУ, ОХУ зэрэг 10 гаруй орны тамирчид өрсөлдөх тус тэмцээнд бэлдэж байна.
YOLO: Тэмцээний үеэр, эсвэл бэлтгэлийн үеэр хамгийн хүндрэлтэй зүйл юу байдаг вэ?
-Манай улс өндөрлөг газар байдаг учраас салхи ихтэй. Онгоцыг хамгийн дээд талдаа 9м/сек салхитай байхад л нислэг хийх зөвшөөрөл олгодог. Тийм болохоор салхитай үед нислэг хийх хамгийн хүндрэлтэй. Гэхдээ сайнаар харвал олон улсын тэмцээнд жоохон салхитай үед бусад улсын тамирчид нисгэж чаддаггүй оноогоо алддаг. Харин Монгол улсын тамирчид үргэлж салхитайд ниссээр байгаад асуудалгүй нисгээд сурчихсан байдаг учир оноогоо бүтэн авдаг.
YOLO: Монгол улсад зохиогдож буй тэмцээнүүдийг хаана үзэж болдог вэ?
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр зориулалтын тэмцээн, бэлтгэлийн талбайтай болсон. Та бүхэн тэнд очиж үзэж сонирхож болно. Тэмцээний хуваарь Монголын нисэх загварын спортыг хариуцсан байгууллагын сайт дээр тавигдсан байдаг.
YOLO: Нисэх загварын спортоос өөр спортоор хичээллэж байсан уу?
-Спорт хүнийг хүмүүжүүлдэг олон талын авьяасыг нээдэг гэж боддог. Тийм ч учраас боломж олдвол төрөл бүрийн спорт сурахыг хичээдэг. Оюун ухааны спорт, таеквандо, волейбол, шатар зэргээр хичээллэж байсан. Таеквандогын шар бүстэй, волейболын Чингэлтэй дүүргийн аварга болж байсан.
YOLO: Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлж байна вэ?
-Воллеболлоор хичээллэдэг. Тэгээд гэр бүлдээ, найз охинтойгоо цагийг өнгөрүүлэхийг илүүд үздэг.
YOLO: Чөлөөт цагаа найз охинтойгоо өнгөрүүлдэг гэсэн. Та хоёр хэр удаан үерхэж байгаа вэ? Хосуудын харилцааны гол зарчим юу байдаг гэж боддог вэ?
- Бид хоёр үерхээд 3 жил болж байна. Хосуудын харилцааны хамгийн гол нь итгэл. Бие биедээ харилцан буулт хийж чаддаг ойлгодог байх ёстой гэж боддог.
YOLO: Та хоёрын хэн нь их буулт хийдэг вэ?
-Мэдээж ихэвчлэн би буулт хийдэг. Миний буруу ч байсан, зөв ч байсан хамаагүй. Учир нь эмэгтэй хүнийг хайрлаж хүндлэх хэрэгтэй шүү дээ.
YOLO: Чиний хувьд yolo буюу ганц олдох амьдралын утга учир юу вэ?
-Юу дуртай зүйлээ хийх. Үхэхдээ “Тэрийг тэгдэг байж, энийг тэгдэг байж” гэж харамсахгүйн тулд хийж үзье гэж бодсон зүйлээ бүгдийг нь хийж үздэг л байх хэрэгтэй.
YOLO: Өөрийнхөө үе тэнгийнхэн болон дүү нартаа хандаж юу гэж хэлмээр байна?
-Өөрийгөө хэн нэгэнтэй битгий харьцуулаарай. Өөрийнхөөрөө л бай. Юу хиймээр, юунд дуртай тэр зүйлээ л хий, тэгээд чадахгүй бол дахиад өөр зүйл хийж үз. Бага залуу насан дээрээ өөрийнхөө юу хүсэж сонирхож байна, алдсан ч хамаагүй тэр зүйлээ л хийж үз. Чамд боломж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх