“TREND” гэдэг бол ямар ч салбарт хэтийн төлвийг нь тодорхойлж, чиглүүлж өгдөг зүйл. Харин “TRENDSETTER” нь тухайн загвар, үзэл санаа зэргийг бий болгодог хүн. Тэгвэл бид бүгдээрээ амьдарч буй цаг үеийнхээ “Trendsetter” байх бүрэн боломжтой төдийгүй зөвхөн бидний үзэл бодол, хэрэглээ, үнэт зүйл маань үүнийг тодорхойлж чадах юм.
Бид энэхүү нийтлэлдээ аль ч цаг үеийн илэрхийлэл, тренд болж чадахуйц таван хэрэглээг нэрлэж байна. Өөрөөр хэлбэл, эдгээр зүйлийг амьдралдаа хэрэгжүүлэхэд та ямагт “cool” харагдах болно.
МИНИМАЛИСТ ХУВЦАСНЫ ХЭРЭГЛЭЭ
Минимал урлагийн чиглэлээс үүсэлтэй минимализм нь бидний амьдралд асар олон давуу талтай гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Үндсэндээ хүний “шуналт” хэрэгцээг хазаарлаж, амьдралын амар амгалан руу хөтөлдөг энэхүү хэв маягийн хамгийн чухал хэсэг нь минималист хувцасны хэрэглээ юм. Олон хувцаснаас сонголт хийхэд та хэтэрхий их цаг үрээд байна уу? Тэгвэл хувцасны тоогоо цөөлчихвөл л энэ асуудал шийдэгдэх юм биш үү?
Грекийн философич Сократ “Илүү ихийг хүсэх тусам, илүү аз жаргалтай амьдарна гэж үгүй. Аз жаргалын нууц бол БАГА өмчтэй байх” гэж хэлсэн байдаг. Хэрэв та амьдралын хэв маягаа бүрэн минималист болгохоос эмээж байгаа бол хамгийн түрүүнд хувцасны хэрэглээндээ төвлөрөөд үзээрэй. Минималист хувцасны хэрэглээ бол энэ цагийн ТРЕНД шүү!
ТӨЛӨВЛӨГЧ ДЭВТРИЙН ХЭРЭГЛЭЭ
Bullet Journal буюу төлөвлөгч дэвтэртэй байх нь ямар давуу талтай вэ? Хамгийн нэгдүгээрт энэхүү тэмдэглэл нь таны толгойд эргэлдэж буй хэдэн зуун мянган бодлыг эмх цэгцтэй болгоход тусална. Өөрөөр хэлбэл, амьдралын хэв маягаа удирдах, хүсэл мөрөөдөлдөө хүрэх замаа цэгцлэх, хувь хүний дадал зуршлаа өөрчлөх зэрэг дээр онцгой нөлөөтэй гэсэн үг юм.
Амьдралын тань ойлгомжгүй, тодорхойгүй байгаа асуулт бүрд хариулт өгч чадах төлөвлөгч дэвтэр бол энэ цагийн ТРЕНД шүү!
БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ
Хэрэв та эх дэлхийдээ аз жаргалтай, урт удаан амьдрахыг хүсэж байгаа бол амьдралын хэв маягаа түүнд ээлтэй болгох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй маш том хүчин зүйл бол БИД. Гэхдээ үүнийг багасгаж, зогсоож чадах хүчин зүйл нь бас л БИД...
Үүний тулд маш энгийн, жижиг алхам хийж эхлэх хэрэгтэй. Жишээлбэл, мод тарих, дахин боловсруулах боломжтой эд зүйл хэрэглэх, ус, цахилгааны хэрэглээндээ хяналт тавих, хог хаягдлаа ангилж хаяхад л хангалттай. Байгальд ээлтэй амьдралын хэв маяг бол энэ цагийн ТРЕНД шүү!
МӨНГӨН ХУРИМТЛАЛТАЙ БАЙХ НЬ
“Зарцуулсныхаа дараа үлдсэн мөнгөө хадгалах бус, мөнгөө хадгалчихаад үлдсэнийг нь зарцуул” –Warren Buffett
Та хуримтлалтай юу? Хэрэв байдаг бол онц үнэлгээ өгч байна. Харин хуримтлалгүй бол санаа зоволтгүй дээ. Одооноос хадгалахад л болно. Хуримтлал үүсгэхийн хамгийн том давуу тал нь санхүүгийн эрсдэлд орохгүй байх бөгөөд та хадгаламжийнхаа мөнгөөр аялах, суралцах, томоохон худалдан авалт хийж болно.
Хэрхэн хуримтлал үүсгэж эхлэх вэ? Танд тусгайлан “52 долоо хоногийн challenge”-ийг санал болгож байна. Тодруулбал, нэг жилийн хугацаатай хадгаламж нээлгээд долоо хоног бүр 52,000 төгрөгөөс бууруулж буюу хоёр дахь долоо хоногоос 51,000, дараагийнхаас 50,000 гэх зэргээр 52 долоо хоногийн турш мөнгөө хадгалах юм. Үүний дүнд та нэг жилийн дараа 1,378,000 төгрөгтэй болчихсон байх болно. Мөнгөн хуримтлалтай байх нь энэ цагийн ТРЕНД шүү!
ЭРҮҮЛ МЭНДЭЭ НЭГДҮГЭЭРТ ТАВИХ НЬ
Өөрийгөө хайрлаж чаддаг нэгэн бусдыг ч бас хайрлаж чаддаг. Өөрөөр хэлбэл, та эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө халамжилбал таныг хайрладаг нэгний сэтгэл амар тайван байх болно шүү дээ!
Эрүүл мэнддээ анхаарах хамгийн энгийн арга бол эрүүл, зөв хооллолт ба тогтмол дасгал хөдөлгөөн юм. Амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, өдөр бүр багадаа 30 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхэд л стрессгүй, өвчингүй байх бүрэн боломжтой. Гагцхүү та энэ хоёр алхмыг амьдралынхаа хэв маяг болгох хэрэгтэй. Мөн жилд нэг удаа бүтэн биеийн үзлэг, шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна. Эрүүл мэндээ нэгдүгээрт тавих нь энэ цагийн ТРЕНД шүү!
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх