Yolo.mn сайт нь мэргэжлээ сонгох гэж буй хүүхэд залуусдаа дэмжлэг болох үүднээс мэргэжил болгоны төлөөллүүдтэй ярилцаж, тухайн мэргэжлийн онцлог, давуу болон сул тал мэдээлэл өгөх цуврал нийтэлдэг билээ.
Энэ удаа БАГШ мэргэжлийг онцолж байна.
“Шинэ Монгол Харамафүжи” дунд сургуулийн англи хэлний багш О.Цацралтай багш мэргэжлийн талаар ярилцлаа.
-Багшийн үүрэг юу вэ?
-Хичээл заахаас гадна сурган хүмүүжилнэ. Хүмүүжил, эрүүл ахуй, гоо зүй зэрэг олон талаар хүүхдүүдийг хүмүүжүүлдэг. Заримдаа эмч, сэтгэл судлаач, менежер болох ч тохиолдол бий.
-Багш ямар ур чадварыг заавал эзэмшсэн байх хэрэгтэй вэ?
-Мэдээж хэрэг мэргэжлийн сургуулийг төгсөхөөс гадна заах аргазүй, менежмент, хэл шинжлэл, гадаад хэлний сурган, сэтгэлзүй зэрэг ур чадвар хэрэгтэй. Ажил дээр гарснаасаа хойш ч багш нар тасралтгүй хөгжсөөр байдаг. Ямар мэргэжлийн багш болохоосоо хамаараад өөр өөр чадвар шаардана.
-Ямар зан чанартай хүн байвал багш болоход тохиромжтой вэ?
-Багш нар өөрсдөө хүүхэд шиг хүмүүс байдаг. Бусадтай мэдлэгээ хуваалцахад бэлэн, нийтэч хүн багш болбол их зүгээр. Түргэн хугацаанд сэтгэдэг, шийдлийг түргэн гаргадаг хүн байвал сайн.
Тухайлбал бид зарим тохиолдолд хичээлээ цаг минуттай нь маш сайн төлөвлөөд ортол тухайн үед ангийн, технологийн нөхцөл байдлаас болоод төлөвлөсөн зүйл хэрэгжихгүй байх тохиолдол бий. Тэр үед дор нь тухайн үедээ шийдэл олж, түргэн сэтгэдэг хүн байвал их хэрэгтэй байдаг.
-Багш мэргэжилтэй болоход ямар хичээлдээ одооноос анхаарах вэ?
-Эх хэлний хичээл монгол хэл, монгол бичиг, уран зохиолын хичээлдээ маш сайн байх хэрэгтэй. Математикийн багш байсан ч эх хэлээрээ хичээл заана. Бусадтай эх хэлээрээ харьцана гэдэг утгаараа эдгээр хичээллүүддээ сайн байх шаардлагатай.
-Та энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан юу вэ? Та өөрөө мэргэжлээ сонгосон уу?
-Арван жилдээ би гадаад хэлдээ сонирхолтой байсан. Сайн гэхээсээ илүү сонирхолтой байсан. Орчуулагч болъё гэж бодоод багш орчуулагч гэсэн хос мэргэжлээр сурсан. Харин дөрөвдүгээр дамжаандаа багшлах дадлага хийх үеэрээ багш болохоор шийдсэн юм.
-Та ямар хичээлээр шалгалт өгч байсан бэ?
-Би тухайн үед монгол, англи хэлээр шалгалт өгч байсан. Юуны ч багш болсон монгол хэл суурь болдог.
-Багш хүний жаргал болон зовлон юу вэ? Сул тал болон давуу талыг нэрлээч.
-Маш сонирхолтой, маш завгүй мэргэжил. Өдөр бүр хүүхдүүдээс ирж байгаа энерги хайр татаад байдаг. Өөрөө хүүхэд болсон юм шиг, залуу сэтгэлгээтэй амьдардаг. Сул тал гэвэл ажлын үр дүн удаан гардаг. Тухайн хүүхэд маань дунд сургуулиа төгсөөд зорьсон мэргэжил, амьдралаа олж авч байж сая бидний ажлын үр дүн гардаг.
Багш гэртээ ирээд ч амардаггүй. Шүдээ угааж байсан ч, нүүрээ угааж байсан ч бүх л үед маргаашийн хичээлийг яаж заавал хүүхдүүд ойлгох бол гээд байнга бодож төлөвлөдөг.
-Та мэргэжлээ гурван үгээр тодорхойлооч.
-Эрч хүч, сэтгэл, чадвар. Багшийн мэргэжил чадвараас гадна олон зүйл шаарддаг. Хүнтэй харилцдаг учраас хүнийг маш сайн ойлгодог, хүнийг “уншдаг” хүн байх хэрэгтэй болов уу. Би жишээ нь тоо сайн цээжилдэггүй хэрнээ хүний нэр, царай тогтоохдоо алддаггүй. Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад нас ахиад ирэхээр чих дүлийрэх магадлалтай. Их сургуулийн багш бол өөр л дөө. Дунд сургууль бол чимээ ихтэй.
-Энэ чиглэлээр аль улсад сурвал сайн боловсон хүчин болох вэ?
-Монголд багшаар ажиллах гэж байгаа бол эхлээд бакалавраа Монголдоо төгсөөд магадгүй мэргэжлээ дээшлүүлэхдээ гадаад оронд сурвал зүгээр юм болов уу. Монголын нөхцөл байдал, монгол хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлог ямар юм, монгол хүн өөрөө ямар онцлогтой зэргийг Монголдоо төгсөж байж л мэдэх боломжтой.
-Багш нар дунджаар ямар цалин авдаг вэ?
-Ерөнхий боловсролын сургуулийн багш нар дунджаар 1.5 саяас эхэлдэг бол хувийн сургуулийн багш нар дөрвөн сая хүртэлх цалин авч байна. Багш нар хувийн гаргасан амжилт, сурагчдын амжилт, ажилласан жил, дадлага туршлага зэргээсээ хамаараад заах аргазүйч, тэргүүлэх зэрэг гэх мэтээр зэргийн нэмэгдэл авдаг .
-Танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье, олон сайн шавь төрүүлээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх