Жил бүр 60 монгол оюутныг Чех улсад суралцуулна


YOLO.mn | YOLO.MN
2023-04-18

“Илгээлт-2100” буюу бодлогоор дэд бүтэц, инженерчлэл, технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн эхний эзэд гадаадын их, дээд сургуулиудад суралцаж буй.

Өнгөрөгч онд 415 суралцагч дээрх хөтөлбөрийн болзол хангасан. Тэд нэг жил гаруйн хугацаанд төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэлд хамрагдах журамтай. Одоогоор 210 суралцагч Англи, Орос, Австри зэрэг улсыг зорьжээ. Тэдний сургалтын зардлыг 100 хувь хөнгөлөх бөгөөд хэрэглээний зардалд сард 200 ам.долларыг олгох аж.

Хөтөлбөрийн алсын хараа нь дэд бүтцийг сайжруулах, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, бүтээн байгуулах, сэргээн засварлах, бодлого төлөвлөх чиглэлд чадварлаг мэргэжилтнийг бэлтгэх зорилготой. Тиймээс дээрх чиглэлээр өрсөлдөх чадвар өндөр буюу Европын холбоодын томоохон их, дээд сургуультай хамтран ажиллахыг чухалчилж байгаа юм байна.

Уг зорилтын хүрээнд өнгөрсөн онд Чехийн их дээд сургуулиудтай хамтран ажиллахаар албаны төлөөлөгчид биечилсэн уулзалтуудыг зохион байгуулж нийтдээ таван жилийн хугацаанд жил бүр 60 оюутныг суралцуулахаар харилцан тохиролцжээ.

Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг дэмжих тухай харилцан ойлголцлын санамж бичигт Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын яам тус бүрийн дэд сайдууд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлого хариуцсан зөвлөх Э.Одбаяр:

- Албан бус тоогоор Чех хэлээр ярьдаг 30 мянга гаруй Монгол иргэн байдаг. Мөн Монгол Улсаас Чехэд сурч, ажиллаж байгаа 11 мянга гаруй иргэн бий. Өөрөөр хэлбэл тухайн улсад сурч, хөдөлмөр эрхлэхэд таатай. Цаашид ч хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулахад өнөөдрийн бэлтгэж буй мэргэжилтнүүд өндөр хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Иймд илгээж байгаа оюутан залуус суралцаж байгаа мэргэжлийг сайн эзэмшиж ирээдүйд хоёр улсын хамтын ажиллагааг холбосон гүүр болно гэж итгэж байна.  

Тэгвэл дараагийн удаад энэ чиглэлээр Австрали Улстай хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа албаныхан онцоллоо. Цаашид ч Европын олон улсуудтай хамтран ажиллах бодлоготой байгаа аж.

#Мэдээ