АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Улаанбаатарын цагаар өнгөрсөн шөнө Капитолийн ордонд амжилттай болж өнгөрлөө.
Энэ удаагийн ёслол өмнө жилийн ёслолуудаас ихээхэн онцлогтойгоор зохион байгуулагдлаа. Учир нь Үндэсний залуу яруу найрагчдын холбооны төлөөлөгч, 22 настай Amanda Gorman өөрийн бичсэн “The Hill We Climb” шүлгийг нээлтийн ёслол дээр уншиж дэлхий нийтэд танилцуулсан юм. Ингэснээр тэрээр Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцсон түүхэн дэх хамгийн залуу яруу найрагчаар тодорлоо.
Залуу яруу найрагч маань “Teen Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Түүхэн мөчийн нэг хэсэг болж байгаадаа баяртай байна. Нээлтийн ёслолд оролцсон хамгийн залуу уран бүтээлч байх нь миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд бидэнд хэрэгтэй байгаа өөрчлөлтийг авчирч буй бэлгэдлийн ёслолд оролцохдоо үнэхээр таатай байна” гэжээ. Түүнд хөтлөгч Oprah Winfrey, АНУ-ын тэргүүн хатагтай асан Michelle Obama, Hillary Clinton тэргүүтэй олон эрхмүүд өөрсдийн цахим хуудсуудаараа дамжуулан баяр хүргэсэн юм.
Энэ удаагийн арга хэмжээний бас нэгэн онцлог нь тус улсын Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон хатагтай Kamala Harris байлаа. Тухайлбал тус улс түүхэндээ анх удаа өнгөт арьст эмэгтэйг Дэд ерөнхийлөгчөөрөө сонгосон билээ.
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн ёслолын үйл ажиллагааг бид бүгдийн сайн мэдэх дуучин Lady Gaga нээн төрийн дууллыг эгшиглүүлсэн бол дуучин Jennifer Lopez “This Land is Your Land” дууг дуулжээ.
Эх сурвалж: Teen Vogue
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх