ЭЕШ: Нэг л бичиг баримт ДУТУУ БОЛ ШАЛГАЛТАД ОРОХ БОЛОМЖГҮЙ


Сондор | YOLO.MN
2016-06-03

“ШАЛГУУЛАГЧИД ХУВИЙН БЭЛТГЭЛЭЭ САЙТАР ХАНГАХ ХЭРЭГТЭЙ”

Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаа ойртож буйтай холбогдуулан  Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Аззаяагаас шалгалтын талаарх зарим зүйлийг тодрууллаа.

YOLO: Танд энэ өдрийн мэндийг хүргэе. 2016 оны ЭЕШ-ын онцлог юу вэ?
Элсэлтийн ерөнхий шалгалтын журамд зарим нэг өөрчлөлт орсон. Нэгдүгээрт англи хэл, орос хэл монгол хэлний шалгалтад сонсоод ойлгох чадварыг шалгасан даалгаврууд нэмэгдэж орж байгаа. Энэ нь олон улсын шалгалтын жишигт ойртуулж байгаа алхам юм. Энэ хүрээнд хөдөө орон нутгийн шалгалтын төвүүдийн анги заалыг чанга яригчаар бүрэн хангалаа. Улаанбаатар хотын шалгалтын төвүүдийн хувьд шалгалтын хугацаанаас өмнө төхөөрөмжийг байршуулах зорилт тавин судалгааны ажил явагдаж байна.

Хоёрдугаарт шалгуулагчид маань хариултын хуудсыг зөвхөн балын харандаагаар будахаар болж байна. Энэ нь шалгуулагчдад алдаагаа залруулж дүн оноогоо өсгөх боломж олгож байгаа юм.

Гуравдугаарт "Монгол хэлний тухай хууль" хэрэгжиж эхэлж байгаатай холбоотойгоор сонгож өгөх монгол хэлний хичээлийн шалгалтын агуулгад өөрчлөлт орж монгол бичгийн чадвар сорьсон даалгаврын тоо өсөн нэмэгдэж байна.

YOLO: Шалгалтын бэлтгэл ажил ямар түвшинд явж байна вэ?
Энэ жил нийт 37200 шалгуулагч 173300 орчим шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна. Тэдгээр бүртгүүлэгчдийн талаарх мэдээллийн баазыг хүлээн авах, баталгаажуулах ажил дуусч, шалгуулагчдын гэрээний хуудас болон шалгалтын нууцлалыг хангах зорилго бүхий хос баганан кодыг хичээл бүрээр хэвлэх, уутлах ажил хийгдээд явж байна. Үүний дараа шалгалтын сэдэв даалгавар боловсруулагчид болон шалгалт зохион байгуулах ажлын хэсгийнхэнд зориулсан цуврал сургалтууд зохион байгуулагдана. Ер нь бол шалгалтын бэлтгэл ажил үндсэндээ бүрэн хангагдсан гэж үзэж болохоор байна.

YOLO: Шалгуулагчид суудлын хуваариа өөрсдөө хэвлэж авна гэсэн яриа байна. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?
Суудлын хуваарь гэдэг нь тухайн шалгуулагч аль шалгалтын төвийн аль анги зааланд хэдэн тоот ширээнд сууж шалгалт өгөхийг заасан баримт юм. Шалгуулагчид тэрхүү суудлын хуваариа тавдугаар сарын 15-аас хойш БҮТ-ийн www.eec.mn сайтын "шалгуулагчийн булан"-аас өөрийн бүртгэлийн дугаар нууц үгээ ашиглан хэвлэж авах юм.

YOLO: Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ ямар ямар бичиг баримт бүрдүүлсэн байх шаардлагатай вэ?
ЭЕШ-ын журамд заасны дагуу шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж анги зааландаа байраа эзэлсэн байх ёстой. Ирэхдээ иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц бичиг баримт, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суудлын хуваарь, бүртгэлийн хуудсаа авчрах ёстой. Эдгээрээс аль нэг баримт дутуу бол шалгалтад орох эрх зөрчигдөж эхэлнэ.

Мөн энэ жил хариултын хуудсан дээр харандаагаар, шалгалтын дэвтэр дээр хөх өнгийн үзгэн балаар тэмдэглэгээ хийх тул хувийн бэлтгэлээ сайтар хангах нь зүйтэй байх

YOLO: Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулахын ач холбогдол нь чухам юу юм бол?
Засгийн газрын 37-р тогтоолын дагуу их дээд сургууль, коллежид элсэгч эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилго бүхий монгол хэлний шалгалтыг заавал өгнө. Энэ шалгалтыг гурав дахь жилдээ авах гэж байна. Шалгалтын үр дүнгээс харахад анхны онооны улсын дундаж өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь эх хэлний шалгалт маань зохих үр дүнгээ өгч байгааг харуулж байна.

YOLO: Монгол хэл бичгийн шалгалтын дүнг батламж хуудсаар баталгаажуулах уу?
Тийм. Боловсролын Үнэлгээний Төвөөс дүн оноог бичиж баталгаажуулсан батламж хуудас олгоно. Энэ батламж хуудас нь 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна. ЭЕШ-ын дүн оноотой батламж батламж хуудас мөн тусдаа олгогдоно. Өөрөөр хэлбэл шалгуулагчид дараа жил ЭЕШ-ын дүн оноогоо ахиулах зорилгоор дахин шалгалт өгөхдөө монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх шаардлагагүй боллоо гэсэн үг.

"ҮЛДЭЖ БАЙГАА ЦӨӨН ХОНОГТ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛТЭЙ СУРАЛЦАН ЭЕШ-ДАА АМЖИЛТ ГАРГААРАЙ!"

YOLO: Өнгөрсөн жил нэг шалгуулагч шалгалт зохион байгуулах явцад гар утас ашигласан тухай яригдсан. Ийм тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?
ЭЕШ-ын журамд энэ талаар тодорхой дурдсан байгаа. Тухайлбал шалгалт зохион байгуулах явцад бусдад саад болох, бусдаас тусламж авахыг оролдох, хууран мэхлэх зорилгоор техник хэрэгсэл ашиглах зэрэг бусармаг үйлдэл гаргасан тохиолдолд шалгалтын анги заалаас гаргах, цаашилбал тухайн хичээлийн дүн оноог хүчингүй болгохоор заасан байгаа. Энэ жилийн хувьд бид шалгалтыг зохион байгуулахдаа металь илрүүлэгч болон үүрэн утасны сүлжээ сарниулагчийн бүх шалгалтын байруудад ашиглах болно. Иймд өнгөрсөн жилийнх шиг алдаа дутагдал гарахгүй гэж бодож байна.

YOLO: Монгол хэл бичгийн шалгалтын агуулгад ямар нэг өөрчлөлт орох уу?
Аливаа нормд тулгуурласан шалгалтын агуулга, зохион байгуулалтыг жил бүр өөрчлөх нь шалгалтын үр дүн, ач холбогдолд сөргөөр нөлөөлдөг. Иймд энэ жилийн шалгалтын агуулгад өөрчлөлт орохгүй. Монгол хэл бичгийн сэдэв даалгаврын агуулга нь өмнөх жилийн шалгалтын агуулгатай нэгэн адил уншаад ойлгох чадвар сорьсон сонгох хэлбэрийн 10 даалгавар, бичил эхээс алдаатай үгийг олж засах зөв бичих чадвар сорьсон даалгавар, монгол бичгээр бичсэн бичил эхийг хөрвүүлэх монгол бичгийн унших чадвар сорьсон даалгавар болон эх зохион найруулах чадвар сорьсон даалгавруудаас бүрдэнэ. Сонгох хэлбэрийн даалгаврыг тусгай засагч машинаар засаж дүн оноог гаргах бол задгай хэлбэрийн даалгавруудыг тусгайлан бэлтгэсэн багш нарын оролцоотойгоор засаж оноожуулах юм.

Харин Монгол хэлний тухай хуулийн 7.4 -д "их, дээд сургуульд элсэгчдээс авах элсэлтийн ерөнхий шалгалт болон төрийн албанд анх орох иргэнээс авах монгол хэлний шалгалтын агуулгын дөрөвний нэгээс доошгүй хувь нь үндэсний бичгийн мэдлэгийг үнэлэхэд чиглэнэ" гэж заасны дагуу сонгож өгөх монгол хэлний шалгалтын агуулгад монгол бичгийн даалгаврын тоо нэмэгдэнэ.

YOLO: Нийт шалгуулагчдадаа хандаж та юу хэлэх вэ?
Хүний амьдралд гар утсаа сонгох, найз нөхдөө сонгох, хувцас хэрэглэлээ сонгох гэх мэт маш олон сонголт бий. Энэ бүхнээс хамгийн чухал сонголт бол мэргэжил сонголт байдаг. Иймд нэгэнт сонгосон мэргэжилдээ амжилт гарган өөртөө болоод нийгэмд үнэт зүйл бүтээхийн тулд үлдэж байгаа цөөн хоногт хичээл зүтгэлтэй суралцан ЭЕШ-даа амжилт гарган, хүссэн сургуульдаа суралцах хэрэгтэй. Эзэн хичээвэл заяа хичээдэг юм шүү хүүхдүүд ээ. Та бүхэнд амжилт хүсье.

YOLO: Манай уншигчдад үнэтэй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

 

ЭЕШ-ийн дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг манай сайтын #ЭЕШ цэсээс аваарай.

#Мэргэжил #Оюутан #Сурагч #ЭЕШ #Lesson