Захидал 1:
Би энэ жилийн 10 сараас эхлээд 11 сар хүртэл сургуулийнхаа нэг бандитай харьцаад 11 сараас 3 сар хүртэл үерхэхдээ хоёр удаа салсан юм. Тэгээд сүүлд салахдаа нэгэнт хагаралдсан бол бүтэхгүй гэж өөрөө хэлээд больсон юм. Салаад төд удалгүй нэг охин руу чат бичээд харьцаж эхэлсэн боловч тэр нь удаан үргэлжлээгүй. Гэтэл одоо буцаад надруу чат бичиж "Намайг санаад байна, хоёулаа нийлье, надад боломж олгооч" гэж хэлэх боллоо. Миний хувьд тэр охин нь тоохгүй байгаа болохоор буцаад над дээр ирээд байгаа юм шиг санагдах шиг эсвэл алдаагаа засаад дахиад шинээр эхлэх хэрэгтэй ч юм шиг. Надад хайртай гэдэг ч би яг өөрөө түүнд хайртай үгүйгээ мэдэхгүй байна. Яаж шийдвэл зүгээр вэ?
Зөвлөгөө:
Сайн уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад чамайг үерхлийн харилцаандаа шийдвэр гаргахад эргэлзээтэй нөхцөлд байгааг нь ойлголоо. Өмнө үерхэх хугацаандаа 2 удаа салсан гэж бичсэн байгаагаас харахад харилцаандаа шийдвэрлээгүй асуудал байгаа болов уу гэж ойлголоо. Тиймээс эхлээд найз хөвгүүнээсээ өмнө нь яагаад салсан шалтгаанаа эргэцүүлээд нэг үзээрэй. Энэ шийдвэр нь ихэвчлэн түүний сонголт байсан уу ? эсвэл хоёр талын шийдвэр байсан уу? Үерхлийн харилцаа амжилттай байх нь харилцагч талуудын итгэлцэл бүхий хамтын мэдрэмж, ойлголцол бүхий хамтын шийдвэр, сонголтоос ихээхэн хамаардаг бөгөөд энэ нь харилцаа урт хугацаанд тууштай үргэлжлэх үндэс болдог. Хэрэв үерхлийн харилцаанд зөвхөн нэг талын сонголт шийдвэр давамгайлаад байвал харилцаанд хэн хэн нь сэтгэл ханамжгүй байх нь бий. Тиймээс чиний хувьд өмнөх харилцаандаа хэр сэтгэл ханамжтай байсан бэ? Хэрэв энэ харилцаагаа цааш үргэлжлүүлбэл чи хэр сэтгэл ханамжтай байх вэ? гэдэг асуултуудад хариулаарай. Эцэст нь хэлэхэд үерхлийн харилцаандаа эргэлзэж байгаа бол бусдын сонголтод автаж яаран шийдвэр гаргахаас урьдаж өөрийн бодол мэдрэмжийн талаар эргэцүүлэн шийдвэр гаргах нь хамгийн чухал юм шүү.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан
Захидал 2:
Сайн байна уу? Би 20 настай юм л даа тэгээд анхны бэлгийн харьцаанд орж үзсэн, хамтрагчийн маань хамгаалалт нь цоорсон байсан анхных болохоор сайн мэдлэг байхгүй юмаа, Тэгээд жирэмсэн болсон байж болзошгүй юм шиг санагдаад одоо нэг сар өнгөрлөө.
Зөвлөгөө:
Сайн уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Хүмүүсийн дунд “Анх удаа бэлгийн харилцаанд орох үед жирэмсэн болдоггүй” гэх зарим өрөөсгөл ойлголт байх нь бий. Харин эмч мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар бэлгийн харилцаанд ороход жирэмсэн болох эсэх нь эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгөөс хамаардаг. Мөн сарын тэмдгийн мөчлөгийн аль ч үед, тэр дундаа сарын тэмдэг ирэх үед эсвэл дараа нь жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэлгүйгээр бэлгийн харилцаанд орсон бол жирэмслэх магадлалтай байдаг байна. Иймд та жирэмсэн болсон эсэхийг мэдэхийн тулд жирэмсний тест хэрэглэх эсвэл эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй юм.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх