ЗАХИДАЛ: Үерхэх саналыг хэрхэн тавибал зүгээр вэ?


ССҮТөв | YOLO.MN
2018-06-13

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Сайн охиндоо үерхэх саналаа хэрхэн тавихаа мэддэггүй ээ

Сайн байна уу, Намайг С... гэдэг би 17 настай. Би нэг охинд сайн юм  л даа. Түүнд үерхэх санал тавих гэж байгаа юм. Яаж тавибал дээр бол?

ЗӨВЛӨГӨӨ: Гэхдээ заавал зөвшөөрсөн хариу авахаар тулгаж болохгүй

Сайн байна уу. Захиа илгээсэнд баярлалаа. Сайн хүндээ сэтгэлээ илчлэх, үерхэх санал тавина гэдэг бидний хувьд сэтгэл догдолсон, сандаргасан бүхий л мэдрэмжийг нэгэн зэрэг авчирдаг мөч байдаг. Чи түүнд сайн болоод удаж байна уу? Чи түүнд үйлдлээрээ чи надад таалагддаг гэдэгээ харуулж байсан байх тийм үү? Өөрийн сэтгэлийг үйлдлээрээ мэдрүүлж байгаагүй хэрнэ үерхэх санал тавих явдал нь охидыг их гайхшруулж, ямар хариу өгөхөө мэдэхгүй болгодог. Тиймээс энэ бүхнээс урьдчилан сэргийлж үйлдлээрээ сэтгэлээ харуулсан байх тийм үү?

Мөн би чамд яаж үерхэх санал тавихыг хэлж өгч чадахгүй. Учир нь гэвэл надаас илүү чи түүнийг сайн мэдэж байгаа. Гэхдээ ерөнхий байдлаар зөвлөвөл түүний дуртай зүйлийг хийх, авч өгөх зэргээр хичээж байгаагаа харуулах, хамгийн гол нь хүндэтгэлтэй байх хэрэгтэй. Мөн заавал зөвшөөрсөн хариу авахаар тулгаж болохгүй. Түүнийг ямар ч хариу өгсөн хүлээж авахаар бэлтгэлтэй байж түүнийгээ ч илэрхийлээрэй. Мөн энэ насанд элдэв цуу ярианд хүүхдүүд их эмзэг ханддаг учир зөвхөн та хоёр л мэдэх байдлаар саналаа тавиарай. Тэр хүсвэл бусадтай хуваалцах байх. Ямартай ч түүнийг хэрхэн гуйх талаар биднээс зөвлөгөө хүсч байгаа нь чамайг түүнд хэр их санаа тавьдаг, мөн үйлдлээ хэр их анхаарч төлөвлөдгийг харуулж байна. Тэгэхээр чамайг зөв төлөвлөгөө өөрөө гаргаж чадна гэж найдаж байна. Чамд амжилт хүсье.

 

#ЗӨВЛӨГӨӨ булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач
М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Date #LOVE #Advice