Бид өмнөх дугаартаа “The Call” киноны талаар сонирхолтой баримтуудыг хүргэсэн билээ. Харин энэ удаагийн дугаараараа залуу хүний заавал үзэх ёстой цуврал гэгдээд буй “Start Up”-ыг онцолж байна.
Киноны үнэлгээ /IMDb/: 8.4/10
Киноны үнэлгээ /MyDramaList/: 7.9/10
Эхний анги цацагдсан огноо: 2020 оны аравдугаар сарын 17
Нийт ангийн тоо: 16
Үйл явдал: Seo Dal Mi-г бага байхад эцэг эх хоёр нь салсан бөгөөд тэрээр аавыгаа дагаж, түүний эгч Seo In Jae нь ээжийгээ даган тус тусынхаа замыг хөөнө. Гэвч удалгүй аав нь нас барж, тэрээр зөвхөн эмээтэйгээ үлдэж хоцордог. Олон жилийн дараа Dal Mi нас бие гүйцсэн бүсгүй болж ээж, эгч хоёртойгоо дахин таарах ба түүний эгч Seo In Jae түүнээс хамаагүй алдар нэртэй, баян бүсгүй болсон байлаа. Ийнхүү тэрээр ээж болон эгчдээ өөрийгөө нотлон харуулахын тулд амьдралаа эрс өөрчлөхөөр шийддэг.
ЦУВРАЛЫН ЗОХИОЛЧ БА SUZY
Зохиолч Park Hye Ryun ихэвчлэн өмнө нь хамтран ажилласан жүжигчидтэйгээ дахин гар нийлэн ажилладаг гэдгээрээ онцлогтой. Үүний адилаар жүжигчин Bae Suzy нь зохиолч Park Hye Ryun-ы “Dream High” (2011), “While You Were Sleeping” (2017) цувралуудад гол дүрийг бүтээж байсан ба “Start Up” цуврал нь тэдний гурав дахь хамтрал юм.
HANTEAM VS NAMTEAM
Цуврал гарах хугацаанд үзэгчид “Hanteam”, “Namteam” хэмээн хоёр хуваагдсан билээ. Гол дүрийн бүсгүй болох Seo Dal Mi-г зарим үзэгчид Han Ji Pyeong-тай нийлээсэй гэсэн бол нөгөө хэсэг нь Nam Do San-ыг сонгоосой хэмээн хүссэн. Энэхүү өрсөлдөөн маш ширүүн өрнөж, цуврал дуусан дуустал хоёрт хэсэгт хуваагдсан билээ.
Сонирхуулан хэлэхэд Тайвань улсын нэгэн Bubble Tea-ны газар “Nam Do San-ыг дэмжигчдэд Bubble Tea үнэгүй. Харин Han Ji Pyeong-ыг дэмжигчид 30 хувийн хөнгөлөлттэй аваарай” хэмээх сурталчилгаа байрлуулсан гэнэ шүү.
ОЙЛГОМЖГҮЙ ДҮР ХУВААРИЛАЛТ
Үзэгчдийн хувьд энэхүү цувралын дүр хуваарилалт үнэхээр ойлгомжгүй байсан гэнэ. Учир нь цуврал эхлэхэд хүн болгон Han Ji Pyeong-ыг эрэгтэй гол дүр гэж бодсон боловч Nam Do San гол дүрийн эзэн болж таардаг. Үүнд маш олон үзэгчид ундууцсан ба эсэргүүцсэн сэтгэгдэлдээ илэрхийлсээр байсан юм.
“Яагаад Han Ji Pyeong-ын дүр хоёрдугаар гол дүр гэж?”, “ Won In Jae-ын дүрийг бүтээсэн Kang Han Na ч мөн адил туслах дүр шиг л харагдаж байна” “Bae Suzy, Nam Joo Hyuk хоёр дээр төвлөрсөн цуврал юм уу?” гэхчлэн сэтгэгдэл үлдээсээр байсан ажээ.
NAM DO SAN-Ы АЛДАРТ ГАР
Цуврал дээр Nam Do San том, гоё гартай болохоор нь Seo Dal Mi түүнд сайн байдаг хэмээдэг шүү дээ. Мөн тэд гараа харьцуулж үзээд Dal Mi өөрийгөө их жижигхэн гартай юмаа гэдэг. Харин бодит амьдрал дээр жүжигчин Bae Suzy-гийн гар жүжигчин Nam Joo Hyuk-ийн гартай бараг л адилхан хэмжээтэй байсан ба илүү жижигхэн, эгдүүтэй гартай харагдахын тулд Bae Suzy ханцуйн дотроо гараа хийж байгаад тухайн хэсгийн зураг авалтыг дуусгасан гэнэ.
ГОЛ ДҮРД ТОГЛОСНООС ИЛҮҮ АЛДАРТ ХҮРСЭН KIM SEON HO
Han Ji Pyeong-ийн дүрийг бүтээсэн жүжигчин Kim Seon Ho нь үзэгчдээс маш олон эерэг сэтгэгдэл хүртэж байгаа билээ. Тэрээр “Start Up” цуврал цацагдах үеэр шинэхэн цувралд гол дүр бүтээх санал авч, цахим хаягуудынх нь дагагчид огцом өсөж, олонд ихээхэн танигдсан.
Хэдий хожуу олон танигдсан хэдий ч үзэгчид түүнийг өсөх ирээдүйтэй жүжигчин хэмээн үзэж байгаа аж.
CAMEO ДҮР
Уг цувралд өмнөд Солонгос улсын ихэнх эмэгтэй жүжигчид хамтарч ажиллахыг хүсдэг залуу жүжигчин Yeo Jin Goo "cameo" буюу зочин дүрээр тоглосон билээ. “Cameo” буюу зочин дүр гэдэг нь цувралд 2-3 минут үзэгдээд өнгөрдөг дүрийг хэлдэг. Хэдий зочин дүрүүд кинонд чухал үүрэг гүйцэтгэдэггүй ч ихэвчлэн алдартнууд байдаг учир үзэгчид “cameo” дүрүүдэд дуртай байдаг ажээ.
Yeo Jin Goo-гийн төгсгөлийн анги дээр бүтээсэн бяцхан дүр нь үзэгчдэд маш их таалагдсан аж. Мөн та бүхэндээ сонирхуулан хэлэхэд Han Ji Pyeong-ийн ашигладаг автомат хариулагчтай төхөөрөмж болох Yong Shil-д жүжигчин Yeo Jin Goo дуу оруулсан гэнэ шүү.
ҮЗЭГЧДИЙН ХУВЬ
Тус цуврал зохиолч Park Hye Ryun-ы шинэхэн зохиол гэдгээрээ үзэгчдийн дунд хүлээлт маш өндөртэй байсан хэдий ч Өмнөд Солонгос улсдаа үзүүлэлт муутай байжээ. Үзэгчдийн хувь нийт 16 ангийн турш хамгийн дээд тал нь 5.4 хувьтай байсан байна.
Гэвч уг цуврал маань видео стрийминг үйлчилгээний “Netflix”-д буюу олон улсад ихээхэн алдартай байгаа ба хамгийн олон давтамжтай үзэж буй контентуудынх нь нэг болж чаджээ.
Ингээд нийтлэлийн төгсгөлд нэгэн хөгжилтэй бичлэгийг хүргэж байна.
Эх сурвалж: Allkpop, Nate
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх