Захидал: 1
Би 19 настай эмэгтэй. Би жилийн өмнө нэг хөвгүүнтэй харьцаж эхэлсэн юм. Тэр гадаадад сурдаг. Би түүнд үнэхээр сайн болсон. Тэр 3 сар харьцсаныхаа дараа "Би чамайг гомдоомооргүй байна" гэж хэлээд надаас харьцаагаа тасалсан. Харин 2 сарын өмнөөс найз болж эргэж гарч ирсэн. Би түүнд одоо ч сайн хэвээрээ, байхгүй хугацаанд нь үнэхээр гунигтай байсаан. Түүнийгээ дахиж алдмааргүй байна. Би түүнд сайн, түүнийг алдмааргүй байгаагаа яаж илэрхийлэх вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Ямар ч хариу ирсэн тэр хөвгүүний шийвэр, сонголтыг хүндэтгээрэй.
Сайн уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Сайн хөвгүүндээ сэтгэлээ илчлэх талаар эргэлзээтэй нөхцөлд байна гэж ойлголоо. Захидлаас уншихад та хоёр тодорхой хугацаанд харилцаад бие биеийнхээ талаар тодорхой хэмжээнд мэдэж байгаа байх. Тиймээс чи сэтгэлтэй хөвгүүндээ сайн гэдгээ хэлбэл тэр хэрхэн хүлээж авах вэ? ер нь хүлээж аваад найзын харилцаанаас өөр зүйл бий болох боломжтой эсэхийг эхлээд сайтар бодоод үзээрэй. Энэ талаар бодож үзсэн бол цаашдаа энэ хэвээрээ найзууд байх уу эсвэл сэтгэлээ илчлээд нэг удаад оролдоод үзэх үү гэдгээ шийдвэр гаргаарай. Гэхдээ хосын харилцаа гэдэг дан ганц нэг талын хүсэл тэмүүллээс бий болдоггүй ба тэр хүний хувьд энэ харилцаандаа хэн баймаар байгаагаас мөн шалтгаалах болно. Учир нь бид хэнд сэтгэл татагдаж хайртай болохоо өөрсдөө шийддэггүй шүү дээ. Сэтгэлээ илчиллээ гэхэд тэр хөвгүүнээс ямар хариулт ирэхийг мэдэх боломжгүй. Тиймээс ямарч хариу ирсэн тэр хөвгүүний шийвэр, сонголтыг хүндэтгээрэй. Бид хэн нэгний сэтгэлийг хүчлэх боломжгүй шүү дээ.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан
Намайг “жийгээд” байх юм аа
Захидал: 2
Би 16 настай, эмэгтэй. Би ангийнхаа гурван охинтой нийлдэг. Тэгсэн нэг нь намайг учиргүй жийгээд байх юмаа. Уг нь би тэд нартай сайн найзууд байхыг хүсдэг. Тэр жийгээд байгаа охинд бүгд сайн болохоор бүгд үгэнд нь орох гээд байдаг. Яаж энэ групптээ нөлөө бүхий болох вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Чамд таагүй мэдрэмж төрүүлж буй үйл явдлыг чимээгүй өнгөрүүлээд байвал энэ байдал үргэлжилсээр ч чи шаналсаар л байх болно.
Сайн байна уу? Бидэнд хандан захидал илгээсэнд баярлалаа. Захидлаас уншихад найзуудтайгаа харилцах харилцаанд нь үл ойлголцол үүссэн болов уу гэж ойлголоо. Өсвөр насны хүүхдүүдэд найз нөхөрлөл бол хамгийн үнэтэй зүйлсийн нэг бөгөөд бид өөрсдийн гадаад өнгө үзэмж, давуу байдлаараа бусдад нөлөөлж бусдыг татаж болох ч энэ нь жинхэнэ найз нөхдийн харилцааг бий болгох гол хүчин зүйл биш юм. Учир нь жинхэнэ найз нөхөрлөлийн харилцаа итгэлцэл, хүндлэл дээр тогтдог юм шүү. Энэ нь найзууд бие биеэ байгаагаар нь хүлээн зөвшөөрч, бие биеийнхээ үзэл бодол, саналыг сонсох, хүндэтгэх, харилцан ойлголцолд хүрэх юм. Гэхдээ заримдаа найзууд нэг нэгнээ буруугаар ойлгох эсвэл өөрсдөө ч үл анзаарах таагүй үг үйлдлээр нэгнээ гомдоох нь бий. Найз нөхдийн харилцаанд үл ойлголцол нь хэвийн бөгөөд түүнийг хэлж ярилцаж шийдэх нь чухал юм. Шийдвэрлэх хамгийн эхний алхам бол хуваалцах буюу өөрт төрж буй таагүй мэдрэмжийг илэрхийлэн ярилцах юм. Учир нь чамд таагүй мэдрэмж төрүүлж буй үйл явдлыг чимээгүй өнгөрүүлээд байвал энэ байдал үргэлжилсээр ч чи мөн дотроо шаналсаар л байх болно. Тиймээс үл ойлголцлыг шийдэж чадвал харилцаа илүү бат бөх болдог. Мөн найз нөхдийн харилцааны талаар бидний мэдэх хэрэгтэй өөр нэг чухал зүйл бол “Би хэнтэй найз болох мөн болохгүй вэ” гэдэг сонголт хүн бүрд өөрт нь бий. Тиймээс бидний найз нөхдийн харилцаа хэзээд тодорхой нэг хүмүүсээр хязгаарлагддаггүй ба бид өөрсдийн хүсэл сонирхол, хобби, дуртай зүйлээрээ нэгдэх шинэ найз нөхдийн хүрээллийг бий болгох боломжтой юм шүү. Чамд амжилт хүсье.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв
Туслах сэтгэл судлаач А.Энхжавхлан
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу захидал ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой бичиж, ТУХАЙН АСУУДАЛ ЧАМД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЖ БАЙГААГ дурдаарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх