"Хүмүүс бичсэн үгсээс илүү хэлсэн үгэнд автдаг. Энэ дэлхий дээрх бүх том өөрчлөлтүүдийг аугаа бичигч нар биш аугаа илтгэгч нар хийсэн" гэж Адольф Гитлер нэгэнтээ хэлсэн байдаг билээ. Илтгэх урлаг бол мянга мянган хүний оюун ухаан, зүрх сэтгэлийг эзэмдсэн үгийн, харилцааны их эрчим хүч юм. Ингээд илтгэл тавьж сурахад туслах зөвлөмжийг хүргэе.
1. Аливаа амжилтын өчүүхэн хэсэг нь авьяас, үлдсэн нь уйгагүй хичээл зүтгэл байдаг
МЭӨ 384-322 онд амьдарч байсан дэлхийн нэрт уран илтгэгч Демосфен тультраа хэл яриатайн дээр цээжин биеэрээ учиргүй бөгтгөр нуруутай хүн байв. Тэрбээр уран илтгэгч болохын тулд далайн хөвөөнд очиж, амандаа чулуу хийж байгаад чанга дуугаар яруу найраг уншдаг байжээ. Мөн өгсүүр газар гүйхдээ хоолойнхоо чадлаар орилсоор сул дуунаасаа ангижирсан бол таазнаасаа хурц үзүүртэй мэс унжуулж өчүүхэн төдий хөдлөхөд нь биеийг нь хатгахуйцаар байрлуулж дасгал хийсний дүнд бөгтөр нуруу нь ч бас тэгширсэн байна.
• Хэрвээ та үгийн төгсгөлийг нь залгиж, хэлээ зажлан тультраатдаг бол
- Хурдан темптэй хип хоп дуу дагаж дуулах
- Уртын дуу дуулах /энэ нь үгээ тайван хэлж сурахад тусална/
• Хэрвээ та амаа зууж бүтэн нээн ярьж чаддаггүй бол
- Чихнийхээ трагесь мөгөөрсөн хэсэг (tragus)-ийн хажууд чанга даран А гэж амаа том ангайн хэлэх. Энэ үед дарсан хэсэгт хонхорхой үүсэх бөгөөд байнга давтсанаар зууж ярихаа болино.
2. Одоо илтгэлийн бүтэц рүү орцгооё
Эхлэл хэсэг. Сонсогчидтойгоо дасах үе шат
• Оршил: Илтгэлийн агуулгад нийцсэн хөгжөөнт ядал болон онигоо ярих, айдас төрүүлэх, асуулт тавих, сэтгэлийг нь хөдөлгөх, дуу дуулах, эшлэл онч мэргэн үг хэлэх гэх мэт танхимын анхаарлыг өөртөө татсан сонирхолтой зүйлс ярих хэрэгтэй.
• Тайлбар: Оршлоос салшгүй үргэлжлэл хэсэг бөгөөд илтгэлд ямар асуудал дэвшүүлж, аль өнцгөөс хэрхэн өгүүлж байгаадаа сонсогчдын анхаарлыг төвлөрүүлж өөрийн зүг хандуулна.
Гол хэсэг. Илтгэлийн гол цөм
• Мэдэгдэл: Илтгэлээр дэвшүүлж буй асуудал
• Үндэслэл: Өөрийн санаагаа үндэслэлтэйгээр нарийвчлан тайлбарлах буюу бусдад яагаад гэдгийн хариуг ойлгуулах тайлбар гэж ойлгож болно
• Дэмжлэг: Мэдэгдэл буюу дэвшүүлсэн санаагаа баримтаар баталгаажуулж, итгэл үнэмшилтэй болгох явдал. Найдвартай эх сурвалжаас дэмжлэгийг авах ёстой.
• Дүгнэлт: Олон дэмжлэгүүдээ нэгтгэн базаж мэдэгдэл буюу дэвшүүлсэн санаагаа үндэслэлтэй байгааг эргэн сануулах үйл явц
Төгсгөл хэсэг. Илтгэлийн гол санааг агуулж байдаг
• Илтгэгчийн санаа: Агуулгаа эргэн сануулж, өөрийн санаагаа дүгнэнэ
• Дүгнэлт: Илтгэгчийн санаа болон илтгэлийн турш хөндсөн агуулгаа нэгтгэн базаж эргэн сануулах үйл явц
Төгсгөл хэсэгт баримтлах зарчим:
• Оршил хэсэгтэйгээ холбох
• Бусдын сэтгэлийг хөдөлгөх
• Тэдэнд агуу зүйлийг бүтээх эрч хүчийг өгөх
• Бүү дуусаасай гэж хүсэж байхад нь төгсгөх
• Асуудалд өөрийн өнцгөөс хандах боломж олгох
• Сонсогчдоо хүндлэн инээмсэглэх
Муу эхлэлийг сайн төгсгөл авардаг учраас энгийн эхэлж эрч хүчтэй дуусгаарай.
3. Танхимаа байлдан дагуулах, сонсогчдоо татах
Ярианы жинхэнэ амт шимт нь товч тодорхой үед л илэрдэг
Сонсогчид 2 шалтгааны улмаас алга ташдаг. Нэгдүгээрт таны илтгэл үнэхээр таалагдсан тохиолдолд битгий дуусаасай гэж, хоёрдугаарт таны илтгэл хэтэрхий нуршуу байсан тохиолдолд хурдан дуусаасай гэж алга ташдаг юм. Сонсогчдоо залхааж хэрхэвч болохгүй.
Илтгэгчийн биеийн хэл
Судалгаанаас харахад биеийн хэлний хүнд нөлөөлөх харьцаа 55%, дууны өнгө 38%, харин үг зөвхөн 7%-тай байдаг аж. Илтгэж байх үедээ гараар ямар нэг санааг илэрхийлэхийн тулд гараа дундаж байрлалд сул чөлөөтэй байрлуулах хэрэгтэй. Тохиромжгүй гарын байрлалууд:
• Гараа урдаа салаачлан зогсох
• Ташаагаа тулж зогсох
• Гартаа ямар нэгэн зүйлийг эргэлдүүлэх, барьж зогсох нь сонсогчдын анхаарлыг өөр зүйл дээр төвлөрүүлж, тэдний анхаарлыг сарниулах сөрөг талтай.
Нүүрний хувирал
Энгийн хүн өдөрт 8-10 мянга хүртлэх нүүрний хувирлыг гаргадаг бол жүжигчин хүн тоглолтынхоо үеэр 10 мянга гаруй нүүрний хувирлыг үзүүлдэг. Багш, захирал, лектор хүмүүс түүнээс хавьгүй олон ба 15-17 мянга орчим нүүрний хувирлыг үзүүлдэг байна. Тэгвэл хэрхэн нүүрний хувирлаа сайжруулах вэ?
MIMIKA хэмээх нүүрний хувирал сайжруулах дасгал байдаг. Заавар:
1-р алхам: Хоёр гараараа нүүрээ халхална.
2-р алхам: Mimikaгэж хэлмэгц гарыг буулган нүүрний хувирал үзүүлнэ.
3-р алхам: Mimikaгэж хэлмэгц нүүрийг халхална.
4-р алхам: Mimika
4. Судал судал бас дахин судал
Агуулгаа судал. Өөрийн туршлагадаа найдан судалгаагүйгээр илтгэлээ яаран бичиж эсвэл бичилгүйгээр илтгэх хэрэггүй. Мэдээллийн олон эх сурвалжаас (тухайлбал ном сонин сэтгүүл интернет агуулгатай тохирох албан байгууллага ажилтнаас гэх мэт) илтгэлийнхээ сэдэвтэй холбоотой судалгаануудыг хийснийхээ дараа үүндээ үндэслэж илтгэлээ бэлдэх хэрэгтэй.
Танхимаа судал. Ямар танхимд ямар байрлалаар илтгэхээ судлах нь сонсогчдод илтгэл хүрэхэд сайнаар нөлөөлнө
Сонсогчдоо судал. Ямар мэргэжилтэй, хэд орчим насны, ямар хүйсний хүмүүс давамгайлах, хэчнээн хүн хамрагдахыг сайтар судлах хэрэгтэй.
5. "No" гэдэг үгийг сонсох бүртээ "Yes" гэдэгт нэг алхам ойртож байна гэж бод
Мэдээж бүх зүйл тийм хурдан бүтчихгүй. Анхны тэмцээн дээрээсээ л тэргүүн байр авна гэдэг хүн болгонд олдох боломж биш. Гэхдээ тэглээ гээд шантрах хэрэггүй. Олон хүмүүсээр шүүмжлүүлнэ, зэмлэл хүртэнэ. Тэглээ гээд бууж өгөхгүй. Шүүмжлэл болгоноор өөрийгөө хурцалж илүү сайжруулах хэрэгтэй. Эхлэхдээ шилдэг нь байх албагүй. Шилдэг нь байхын тулд эхлэх хэрэгтэй.
Уншигч хүүхэд залуус маань эдгээр зааврын дагуу илтгэл хэлэлцүүлж сурна гэдэгт итгэлтэй байна. Нэмж хэлэхэд мэдэхгүй зүйл байвал мэддэг нэгнээс нь ичиж зоолгүй асууж байгаарай. Тусламж хүсэхгүй байх нь анхаарал дутсаны шинж бөгөөд асуухгүй байна гэдэг нь сурахыг хүсэхгүй байна гэсэн үг. Ингээд чамд амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх