"Тэр хөвгүүн намайг зүгээр л ангийн охиноо гэж боддог"


ССҮТөв | YOLO.MN
2016-08-04

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Миний хайртай хөвгүүн найзад минь сайн

Уг нь түүнээс хол байвал мартахад амархан гэж бодсон. Гэвч улам л санаж уулзахыг хүсээд байх юм. Би түүнийг гэх тусам тэр надад дургүй болоод байх шиг.

Сайн байна уу? Намайг У гэдэг. Би одоо 18 настай. Энэ жил арван жилээ төгсөөд их сургуульд орж байгаа шинэхэн оюутан. Би өөрийн хүссэн мэргэжлээр суралцах болсондоо их баяртай байгаа. Би 4-р ангиасаа хойш ангийнхаа Ө гэдэг хөвгүүнд сайн болсон. Түүнд хайртай болсон гэдгээ 9 дүгээр ангид орсон жилээ мэдсэн. Одоо ч хайртай. Гэвч тэр хөвгүүн намайг зүгээр л ангийн охиноо л гэж боддог. Бас миний сайн найз А-д сайн гэсэн. Бүр үерхэх санал хүртэл тавьсан. А надад бүхнийг үнэнээр хэлсээн. Гэхдээ бид одоо ч сайн найзууд хэвээрээ үлдсэн. Уг нь түүнээс хол байвал мартахад амархан гэж бодсон. Гэвч улам л санаж уулзахыг хүсээд байх юм. Би түүнийг гэх тусам тэр надад дургүй болоод байх шиг. Гэтэл би улам хайртай болоод байх юм. Би яг яах ёстой вэ?

ЗӨВЛӨМЖ: Өөрийгөө хориглох тусам улам л бодогддог учраас мартах гэж хичээх хэрэггүй

Хэзээ ч хийхгүй байж, олон цаг хугацааны турш харамсаж байхаар сэтгэгдэл мэдрэмж бодлоо илэрхийлж хэлж байх нь хамгийн зөв.

Зөвхөн өөрөө оролцоод шийдэхгүй, хэн нэгэнтэй хамаатайгаар үүссэн асуудал шийдвэрлэхэд хамгийн хүндрэлтэй байдаг. Найз нөхөрлөлийн асуудал, хайр дурлалын асуудал дээрх ангилалд хамгийн түрүүнд ордог. Яагаад хэцүү байдаг вэ гэхээр ганцхан чи л хичээгээд болчихдоггүй болохоор тэр шүү дээ. Дурлалт хөвгүүн эсвэл охин, сайн найзууд гээд эд бүгд дор бүрнээ өөрийн гэсэн бодолтой хүн учраас, робот биш учраас чи өөрийнхөө хүссэнээр асуудлыг шийдэх боломж даанч байдаггүй.

Ямартай ч эхний ээлжинд найз охин нь чамд бүх үнэнээ ярьсаны дээр тэр хөвгүүнийг чамаас булаасан асуудал үүсээгүй учраас найз охиныгоо буруутгах хэрэггүй юм шүү. Харин дараагийн асуудал нь чи тэр хөвгүүндээ сэтгэлээ илчилж байсан эсэхээ нэг бодоод үзээрэй. 4-р ангиасаа хойш 7 жил гаран сайн байхдаа түүнд сэтгэлээ илчилж байсан бол, тэгсэн ч гэсэн тэр чамайг сонгоогүй бол эвлэрээд, цаашид харамсахгүй явах хэрэгтэй. Хэдийгээр бүтэлтэй болоогүй ч гэлээ чи оролдлого хийсэн байна шүү дээ. Харин мартах гэж хэт хичээх хэрэггүй. Өөрийгөө хориглох тусам улам л бодогддог учраас бодлоо хорилгүй, өөрийгөө ч тэр түүнийг ч тэр буруутгалгүй байгаарай.

Харин энэ бүх хугацаанд өөрийгөө түүнд сайн гэдгээ, хайртай гэдгээ илэрхийлж хэлж, мэдрүүлэх ямар нэг үйлдэл, ярилцлага хийж байгаагүй бол, найз охин нь түүнтэй үерхэх шийд гаргаагүй бол сэтгэлээ илчлээд хэлж болох юм. Хэзээ ч хийхгүй байж, олон цаг хугацааны турш харамсаж байхаар сэтгэгдэл мэдрэмж бодлоо илэрхийлж хэлж байх нь хамгийн зөв. Цаашид ч бас хийхийг, ярихыг хүссэн зүйлээ бусадтай хуваалцаж, мэдэх сонсох ёстой эзэнд нь заавал илэрхийлж байгаарай. Энэ зөвхөн хайр сэтгэлийн асуудал дээр биш өөр олон асуудлыг маш хялбар болгоод зогсохгүй нэг газраа гацахгүй байж, дараагийн алхмаа бодож, цааш ахихад нөлөөлдөг юм шүү.
 

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Найз #Friend