Бүх хүнд нээлттэй Тайваний Засгийн газрын тэтгэлгээр суралцсан түүх


Л.Амарцэцэг | YOLO.MN
2024-05-20

Тайваньд Нийгмийн эрүүл мэндийн магистрын хөтөлбөрт суралцсан оюутны туршлагыг хуваалцаж байна. Тэрээр тус улсад суралцсан нь түүний амьдралын хамгийн сайхан дурсамжтай үе байсан бөгөөд бусадтай энэ түүхээ хуваалцахыг хүсжээ.

Би 2007 онд “Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль”-ийг Эрүүл ахуйч, Тархвар судлаач мэргэжлээр төгссөн.

cool Ажлын гараагаа “Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн”-д Эрдэм шинжилгээний ажилтнаар эхэлсэн бөгөөд эндээс би хамтран ажиллагсад, эрдэмтэн багш нараасаа маш их зүйлсийг суралцсан. Ажиллах хугацаандаа ДЭМБ-аас нэвтрүүлсэн “Монголын Талбарын Тархвар Судлал” хөтөлбөрийн анхны төгсөгчдийн нэг, АШУҮИС-ийн хамтарсан төслийн хүрээнд АНУ-ын Жонс Хопинкс Их Сургуулийн зуны эпидемиологийн хөтөлбөр зэрэг залуу мэргэжилтнийг дэмжих, чадавхжуулах олон хөтөлбөрүүдэд хамрагдсаны ачаар мэргэжлийн хувьд өсөж, дэвшсэн.

yes Дэлхийд тэргүүлэх Оюу Толгой ХХК-д Хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэжилтэн, Ковидын үеийн мэргэжилтэн, ажилчдын эрүүл мэндийн хөтөлбөрийн мэргэжилтнээр сүүлийн 10 жил ажиллаж байна. Энд би олон улсын стандартаас суралцаж, түүнийг хэрэгжүүлэх дэлхийн томоохон компани хэрхэн ажилладаг талаар суралцсан. Ковидын үед эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууд маш завгүй ажиллаж, хүнд үеийг даван туулсан гэдэгтэй бүгд санал нийлэх байхаа. Миний хувьд дахин суралцах, өөрийнхөө мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх шаардлагатай юм байна гэж шийдээд, Монгол дахь тэтгэлгүүдийн мэдээллийг судалж эхэлсэн.

wink Ихэнх тэтгэлэгт хөтөлбөрүүд нь хувийн хэвшил эсвэл насны ангилал заасан байдаг. Харин Тайваний Засгийн газрын тэтгэлэг нь хүний нас болон ажлын байрнаас үл хамааран, бүх хүнд нээлттэй хүсэлт гаргах боломжийг олгодог нь бусдаас давуу талтай байсан. Мөн англи хэлний шалгуурын хувьд үр дүнтэй чанартай, суралцаж чадах хамгийн бодитой, боломжийн оноо буюу IELTS 6 оноо шаарддаг. Товчхондоо харьцангуй хүрэхүйц тэтгэлгийн шалгуураар, дэлхийн өндөр шаардлагатай, маш цөөн тоогоор олгогддог тэтгэлэгт хөтөлбөрөөс дутахааргүй мэдлэгийг олж авах боломжтой байсан учраас сонгосон.

Тайваний эрүүл мэндийн систем, ялангуяа Үндэсний эрүүл мэндийн иж бүрэн даатгалаараа (NHI) дэлхийд үлгэр жишээ. Тухайлбал, өндөр хөгжилтэй орнуудын дунд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал, зарцуулалт хамгийн бага боловч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж болон түүний чанарыг илтгэх хүн амын өвчлөлийн үзүүлэлтээрээ эдгээр орнуудтай ижил хэмжээнд байгааг олон судалгаагаар онцолсон байна. Түүнчлэн Тайваньчуудын 80 гаруй хувь нь эрүүл мэндийн системдээ маш сэтгэл хангалуун байдаг.

angel  Энэхүү амжилтын үндэс нь эрүүл мэндийн даатгалын багцад нь маш олон үзүүлэлтийг хамруулсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаг, нийгмийн эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээнд онцгой анхаарал хандуулдагт оршино. Тайвань эрүүл мэндийн менежментийн шилдэг туршлагаа олон улсад идэвхтэй хуваалцаж, дэлхий нийтийн эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмрээ оруулдаг.

Мөн Тайваний биотехнологийн салбар нь дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд шинэ технологийн судалгаа, хөгжүүлэлт тал дээр маш их дэвшилттэй. Тухайлбал “Тайваний Үндэсний Их Сургууль”, “Үндэсний Ян Мин Чиао Тун Их Сургууль”, “Тайпэй Анагаах Ухааны Их Сургууль”-д нь судалгаанд суурилсан их сургуулийн дэргэдэх эмнэлгүүдтэй, мөн Био-аюулгүй байдлын 3 дугаар зэрэглэлийн лабораториудад судалгаа, туршилтыг явуулдаг.

Түүнчлэн Тайваний “Академиа Синика” шинжлэх ухааны академи нь байгалийн шинжлэх ухааны салбарт өндөр дэвшилтэт судалгаануудаараа дэлхийд танигдсан бөгөөд олон улсын 780 гаруй энэ чиглэлийн байгууллагуудтай хамтын гэрээтэй ажилладаг. Судлаачид нь хамгийн сүүлийн үеийн шинэлэг судалгааны сэдвүүд дээр ажилладаг бөгөөд экзосомын эсийн эмчилгээ, CRISPR техник ашиглах, биоинформатикийн шинжилгээнд хиймэл оюун ухаан (AI) ашиглах зэрэг судалгааг энд хийж байна.

Үндэсний Янг Мин Чиао Тун их сургууль нь 1975 онд байгуулагдсан ба олон улсын “QS World University Rankings”-ийн мэдээгээр дэлхийн топ 300 сургууль, Азийн топ 50 сургуулийн нэг юм. 2002 оноос эхэлсэн “Олон улсын эрүүл мэнд хөтөлбөр” нь магистр, докторын олон улсын оюутнуудад зориулсан хөтөлбөр. Хөтөлбөрийн хүрээнд Нийгмийн эрүүл мэнд, Эрүүл мэндийн систем, Эрүүл мэндийн эдийн засаг, Халуун орны халдварт өвчин тэр дундаа Нэг эрүүл мэнд концевт, Орчин, Хөдөлмөрийн эрүүл мэнд зэрэг хичээлүүдийг гүнзгийрүүлэн судлах боломжийг олгодог. Бүх багш нар нь АНУ-ын нэр хүндтэй сургуулиуд болох Харвард, Жонс Хопкинсын их сургуулийг төгссөн тул ийм өндөр ур чадвартай багш нараас суралцсан нь миний хувьд том завшаан байлаа.

Тайваньд байх хугацаандаа Тайпэй Цзу Чи эмнэлэг, Илан орон нутгийн эмнэлэг, Эрүүл мэндийг дэмжих үндэсний төв зэрэгт биеэр танилцах боломж олдсон бөгөөд эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай нь бодитоор танилцах, мөн Тайваний гепатит С вирусийг устгах хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг газар дээр нь танилцсан. Цаашилбал, Динхуа Тайпей хотын төв цэвэрлэх байгууламжтай танилцах аялал нь бохир ус цэвэрлэх дэвшилтэт технологи, орчны эрүүл мэндийн шинэлэг шийдлүүдийн хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлж байгааг нүдээр харж, танилцсан.

Дүгнээд хэлэхэд, миний Тайвань дах аялал мэдлэг боловсорлоо дээшлүүлэх маш сайхан боломж байлаа. Мөн Тайваний соёл, олон төрлийн хоол, ундаа, жимс жимсгэнэ, хүссэн газар руугаа төвөггүй хүрэх маш сайн хөгжсөн, цэв цэвэрхэн нийтийн тээвэр, цэвэр цэмцгэр хот, ногоон гудамж зэрэг энэ орны сайн сайхныг нь мэдэрсэн, амьдралын минь нэг томоохон дурсамжтай үе байлаа.

Тайваньд Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцах боломжийг олгосон Тайваний Засгийн Газрын ICDF тэтгэлэгт гүнээ талархал илэрхийлье.

#хэрэгтэй #мэдлэг