Миний бие Хүрэлбаатар овогтой Баяржаргал нь 1993 онд Дорнод аймагт төрсөн. Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийг “Хүний их эмч” мэргэжлээр 2016 онд төгссөн. Тайваньд суралцаж байгаа туршлагаа хуваалцаж байна.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 2023 оныг хүртэл ажлын гараагаа сум болон өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлэн хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн удирдлагын салбар, цаашлаад Бүгд Найрамдах Солонгос Улс болон Ирланд улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан туршлагатай.
Эмч мэргэжилтний зүгээс хөгжингүй орнуудын орчин үеийн анагаахын шинжлэх ухаан тэр дундаас тодорхой сэдвийг сонгон, түүнийгээ дагнан суралцаж орчин үеийн шинжлэх ухааны оношилгоо, эмчилгээний аргуудаас суралцах нь өөрт болон улс орны шинжлэх ухааны салбарт үнэт хувь нэмэр оруулж буй чухал алхам гэж хардаг.
Тайвань Монголын хамтын ажиллагааны хүрээнд анагаах ухааны чиглэлээр Англи хэл дээр суралцах боломжтой хөтөлбөрийг багтаасан Тайваний засгийн газрын тэтгэлгийг жил бүр Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газраас Монгол Улсын хэмжээнд зохион байгуулдаг.
2023 онд тус хөтөлбөрт материалаа илгээж тэнцсэнээр, одоогоор Тайваний тэргүүлэх анагаах ухааны их сургуулиудын нэг болох Chang Gung University / Чан-Ган Их Сургууль/-ийн тархи судлал, дүрс оношилгооны лабораторид Альцхаймерын өвчнийг оношлох судалгааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар тус тэнхимийн Профессор Ing Tsung Hsiao-ын удирдлага дор суралцаж байна.
Манай сургууль Тайваньд энэ чиглэлээр хийгдэж буй судалгаагаар тэргүүлдэг төдийгүй АНУ болон Япон улсын анагаахын их сургуулиудтай туршлага солилцон хамтын ажиллагаатай ажилдаг ба жил бүр дэлхий дахинд Альцхаймерын өвчний оношилгоо, эмчилгээний асуудлыг хэлэлцэхээр чуулдаг “Human Amyloid”-/Хюман Амилойд/ дэлхийн хэмжээний хуралд судалгааны ажлуудаа хэлэлцүүлэхээр эрдэмтэн багш, судлаач оюутнуудаа илгээдэг. Иймээс манай сургууль зөвхөн Тайваний анагаах ухааны хөгжлөөс суралцаад зогсохгүй, дэлхийн олон улс орны эрдэмтэн, судлаачидтай туршлага солилцох бүрэн боломжоор хангадаг.
Суралцаж байх хугацаандаа Тайваний анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлсэн туршлагаас удирдагч багштайгаа байнгын санал солилцож, миний төлөвлөж, төсөөлж Монгол улсдаа хөгжүүлэх боломжтой гэж харж байсан зүйл Тайваньд болоод миний суралцаж буй сургуульд эх суурь нь 1980 оноос эхэлж тавигдсан байх ба тухайн үеийн улс орныг удирдагч нар шинжлэх ухаанд суурилсан, зөв бодлого хэрэгжүүлснээр залуу эрдэмтэн, судлаач нараа АНУ, Европын Холбооны Улсуудад мэргэжил дээшлүүлэхээр сургаж, суралцаад төгсөөд ирэхэд нь ажлын байр, санхүү, орчин үеийн судалгааны ажил хийх бүрэн боломжтой материалыг баазаар хангасан байсны илрэл нь тус сургууль болон удирдагч Профессор багшийн түүхээс харагддаг.
Тухайлбал, өмнө нь дурдсанаар, миний суралцаж буй тэнхимийн удирдагч багш зөвхөн Альцхаймерын өвчнийг чиглэлээр судалгаа хийгээд 20 гаруй жил болж байгаагаас, сүүлийн 10-аад жил PET-/Positron Emission Tomography/ оношилгоонд суурилсан судалгааг дагнан хийснээр салбар доторх хөгжлийг тод харуулсан жишээ юм.
Өөрийн төгссөн ууган сургууль болох Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуульд оюутан ахуй цагтаа суралцаж Монгол улсдаа Тархи судлалын шинжлэх ухааны цогц судалгааны төв бий болгох тууштай, эрхэм зорилгыг өвөртөлж, үүнд хүрэх эхний алхмаа хийн Тайваний анагаах ухаан, тархи судлалын салбарын хөгжлөөс суралцаж байгаадаа талархаж, ирээдүйн зорилгоо биелүүлэх тус сургууль болон өөрийн төгссөн Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль холбон, шинжлэх ухааны түвшинд хамтын ажиллагааг эхлүүлэхэд дараагийн эрхэм зорилго оршино.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх