АНУ-ын 40 дэх Ерөнхийлөгч Рональд Рейганы номын санд нээсэн "Чингис хаан" үзэсгэлэнд Монголын эзэнт гүрний үеийн эд зүйлсийг дэлгэн тавьжээ.
Калифорнийн Сими хөндийд орших тус номын санд шинийн нэгний өдөр нээлтээ хийсэн тус үзэсгэлэн энэ оны наймдугаар сарын 19-ний өдрийг хүртэл үзэгчдийн хүртээл болох аж.
Тус номын сангийн хэвлэлийн төлөөлөгч Мелисса Гиллер "Үзэсгэлэнгийн гол зорилго нь амьд ахуй цагтаа (1162-1227) Юлий Цезарь, Македоны Александр нараас гурав дахин том газар нутаг эзэлж байсан Чингис хааныг олон нийтэд харгис эзлэн түрэмгийлэгчээр бус эерэг талаас нь харуулахыг хүссэн" хэмээжээ.
"Чингис хаан бол соёл иргэншил, хөгжлийн түүчээлэгч, хууль тогтоогч, ардчилсан хүн байсан. Үүнийг л бид харуулахыг зорьсон юм" гэжээ.
"Үзэсгэлэнг зорьж ирсэн хүмүүс Чингис хаан ахуйн болон бичгийн соёлыг бий болгож, Өрнө Дорныг холбосон худалдааны замыг нээсэн бол түүний үр сад орчин үеийн Хятад, Энэтхэг, Иран, Солонгосын хил хязгаарыг тогтоосон" хэмээн Гиллер хэлсэн байна.
"Монголын эзэнт гүрэн ардчилал, морин өртөө, шуудан, паспорт, их буу, цаасан мөнгө, цана, хийл, баклава, нимбэг, цай зэргийг өрнөдөд танилцуулсан” хэмээн тус үзэсгэлэнг дэглэсэн Дон Лемес ярьжээ. Тэрбээр "Чингис хаан бидний мэдэхгүй олон зүйлийг танилцуулсан. Дэлхийн хөгжлийн түүхэн дэх агуу хүн байсан" гэв.
Үзэсгэлэнд олон тооны сэлэм, нум сум, эмээл, хуяг дуулга тавигдсан ч их хааныг өрөвч нинжин сэтгэлгүй, харгис хүн байсан гэж харуулахыг хүсээгүй байна.
Нийт 200 гаруй эд зүйл тавигдсанаас 13 дугаар зууны үеийн хувцас, үнэт эдлэл, чимэглэл, багаж хэрэгсэл болон бусад урлагийн бүтээл, дурсгалт зүйлсийг дэлгэжээ.
Гол үзмэрүүд:
Монголын эзэнт гүрний нийслэл хэрмэн ханаар хүрээлэгдсэн Хархорум хот, Чингис хааны ач хүү Хубилай хааны зуны ордон Занаду, өрнө дорно, өмнө умрыг холбосон худалдаа харилцаа, шинэ технологи, шинжлэх ухаан, соёл заншил дамждаг "дэлхийн гол гүүр" ... торгоны замын тухай болон бусад сонирхолтой эд зүйлсийг үзэх боломжтой аж.
Мөн үзэсгэлэн үзэхийн зэрэгцээ өдөрт гурван удаа 11:00, 13:00, 15:00 цагт монгол хөгжимчид дуучид, бүжигчдийн үзүүлбэрийг үзэх боломжтой юм байна.
"Би Монголд үлэг гүрвэлийн чулуужсан яс эрж хайхаар очоод Чингис хааны талаар жинхэнэ үнэнийг мэдэж авсан. Харин энэ талаар үзэсгэлэнгээр дамжуулан өгүүлбэл илүү сайхан түүх болно. Үзэсгэлэнгээ АНУ, Канад, Сингапурт дэлгэж 1 сая хүн үзсэн" хэмээн тус үзмэрүүдийг цуглуулсан Мессим хэлжээ.
"Би эдгээр үзмэрүүдийг цуглуулахад есөн жил зарцуулсан. Энэ бол Чингис хааны эрин үед хамаарагдах эд зүйлсийн хамгийн том цуглуулга" гэжээ.
Тус үзэсгэлэнд Монгол, Азербайжан, АНУ зэрэг улсын хувь хүмүүсийн цуглуулгын эд зүйлс мөн тавигдсан байна.
Занаду ордон
Занаду ордон
Монгол гэр
Монгол гэр
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх